АНУ-ын Нью-Жерси мужийн Атлантик Хайланд хотоос хөдөлсөн “Систрик” гатлага онгоц Нью-Йорк хотын Уолл Стрит дүүрэгт өнөө өглөө ирэхдээ боомтын зогсоолын тавцан хүчтэй мөргөж, осолджээ. Үүний улмаас 57 зорчигч гэмтэж, бэртэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Нью-Йорк хотын цагдаагийн газрын мэдээлснээр гэмтсэн 57 зорчигчийн хоёр нь толгойдоо бэртэл авч, есөн хүн хүнд гэмтэж, 17 нь хөнгөн бэртэл авчээ. “Систрик” гатлага онгоцонд ойролцоогоор 327 хүн зорчиж явсан талаар “Reuters” мэдээлжээ. Мөн нэгэн зорчигчийн мэдээлснээр гатлага онгоц боомтын тавцанг мөргөх үеэр зогсож байсан хүмүүс хүчтэй доргилтын нөлөөгөөр хойшоо шидэгдсэн гэжээ. Осол гарангуут Уолл Стритийн галт сөнөөгчид болон аврах албаныхан хурдан хугацаанд хэргийн газар ирж, яаралтай арга хэмжээ авсан тухай “Bloomberg”-ийн Майор Майкл мэдээлжээ. Түүнчлэн цагдаа нар гатлага онгоцны багийн 11 хүнийг согтууруулах ундаа уусан эсэхийг шалгах төхөөрөмжөөр шалгаж, мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна. Нью-Йорк хотын Тээвэрлэлтийн яамын комиссар Жанет Садик-Ханы мэдээлснээр “Систрик” гатлага онгоц 19-23 км/цагийн хурдтай явж байсан бөгөөд хурдаа сааруулахын тулд 91 кг жинтэй цемент бүхий шуудайг нэг давхрын цонхоороо шидсэн байна.
“Систрик” гатлага онгоцны компанийг Баркер болон Трегурта гэгч нар эзэмшдэг аж. Үүнээс өмнө Нью-Йорк хотын Статен-Айлендад 2003 оны аравдугаар сард гатлага онгоц осолдож, 11 хүн амь үрэгдэж, олон хүн гэмтэж бэртсэн аймшигт осол гарч байсан. Мөн тус хотод өнгөрсөн 2010 оны тавдугаар сард гатлага онгоцны ослоор 40 хүн нас барж, олон хүн гэмтэж бэртэж байсан юм.
Б.АНХТУЯА