Уучлаарай гэдэг үгийг уушгинаасаа хэлдэг юм

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Уучлаарай гэдэг үгийг уушгинаасаа хэлдэг юм

Сүүлийн үед монгол тө­рийн түшээд иргэдээсээ ууч­лалт гуйдаг шинэ “мода” дэл­гэрээд байгаа. Зам тээврийн сайд А.Гансүх зорчигчдоо ОХУ-ын Москва хотод ор­хин ниссэн МИАТ ХХК-ийн хариуцлагагүй үйлдлийн өм­нөөс уучлалт гуйж, зарим албан тушаалтныг ажлаас нь халсан. Дөнгөж төрсөн нярай хүүхдийг буцлам халуун усаар түлсэн Баянхонгор айм­гийн нэгдсэн эмнэлгийн сувилагчийн “тэнэг” үйлдлээс болж Эрүүл мэндийн сайд Н.Удвал уучлалт гуйлаа. Өн­гөрсөн есдүгээр сард хи­чээлийн ши­нэ жилийн анхны өдөр сур­гуульдаа яваад гэртээ эргэж ирээгүй Б.Есүгэн охины эцэг, эхээс нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга албан ёсоор уучлалт гуйсан.

Ямар ч байсан манай төрийн түшээд өөрсдийнх нь хариуцаж буй салбарт гарсан хариуцлагагүй үйлдлүүдийн төлөө уучлалт гуйдаг жишиг бий болчихлоо. Гэхдээ үнэн хэрэгтээ тэд “Ардын элч” киноны хошуу ноён “Үүнийг магадлая, Та бүхэн тайван амгалан байцгаа” хэмээн хоосон дүр үзүүлдэг шиг хэдэн сэтгүүлчийг байлцуулан уучлалт гуйсан болж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өөрсдөдөө нэмэх оноо авч пи-ардаж байна. Энэ бол уучлалт гуйж байгаа хэрэг биш. Ер нь бол уучлаарай гэдэг үгийг уушгинаасаа хэлдэг баймаар санагдаж байна. Гэхдээ тэдний энэ үгнээс жинхэнэ хариуцлагын үнэр үнэртэхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл аль нэг салбарын сайд иргэдээсээ албан ёсоор уучлалт гуйж байгаа л бол “Уучлаарай, миний хариуцаж байгаа салбарт намайг ажиллаж байх хугацаанд дахин ийм асуудал гаргахгүй. Үүний тулд тулд би боломжтой бүхнийг хийх бөгөөд чадахгүй бол албан тушаалаасаа огцроход бэлэн байна” гээд шуудхан хэлчих зүрх зориг тэдэнд дутаж байна. “Монголын за андгай буй за” гэх айхтар үгийг Б.Ринчен гуай хэлсэн байдаг. Монгол хүн “За” гэдэг үгийг амнаасаа унагасан л бол тэр үг нь андгай байдаг. Тиймээс төрийн түшээ хүн хэн нэгнээс уучлалт гуйсан л бол “араа даадаг”  байх ёстой. Иймд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Зам тээврийн сайд А.Гансүх болон бусад уучлалт гуйсан хүн хариуцан ажиллаж буй салбарт нь дахин алдаа гарвал ядаж л өөрийн хүсэлтээр ажлаа өгч чаддаг ёс суртахууны ухамсартай баймаар байна.   Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2008 оны долоодугаар сарын эмгэнэлт явдлын дараа УИХ-ын танхимд уучлалт гуйсан. Гэхдээ үүнийг нь баталгаажуулсан ямар ч баримт бичиг байхгүй. Тогтоолын төсөл боловсруулж байсан боловч тухайн үеийн эрх баригчид дэмжээгүй. Одоо уучлалт гуйгаад байгаа эрхмүүд ч гэсэн хоосон “уучлаарай”-даад л өнгөрч байгаа. Үнэхээр л уучлалт гуйж, хариуцлагыг өөртөө хүлээж байгаа бол үүнийг нь баримтжуулсан тогтоол, хохирогсдийн нөхөн төл­бөрийн асуудал зайлшгүй яригдах ёстой. Мөн нөхөн төлбөрийг олгох, шийдвэрлэх УИХ-ын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг эсхүл Ерөнхий сайдын захирамж байх ёстой байх.

Гадны орнуудын төрийн өндөр албан тушаалтнууд уучлалт гуйх ёсыг бүрэн утгаар нь хэрэгжүүлдэг. Тухайлбал Австралийн улсын уугуул иргэдийн хүүхдүүдийг эцэг, эхээс нь тусгаарлаж сүм, лагеруудад бөөнөөр нь өсгөж байсны төлөө тус улсын Ерөнхий сайд асан Кевин Руд 2008 онд уучлалт гуйж үүнийг нь парлиаментаас нь баталгаажуулсан байдаг аж. Энэ явдлыг манайд өрнөж байсан улс төрийн хэлмэгдүүлэлттэй адилтгаж болох бөгөөд одоог хүртэл хохирогчдоос уучлалт гуйсан акт байдаггүй. Харин хэлмэгдэгсдийн ар гэрийнхний гомдлоор цагаатгаж, нөхөн олговор олгосон байдаг байна. Тиймээс манайхан уучлалт гуйх ёсыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж сураагүй л байна.  Ер нь манай хурган дарга нар уучлаарай гэдэг үгийг улиг болгож байна. Уг нь төрийн түшээд иргэдээсээ уучлалт гуйх нь жирийн хүмүүс өдөр тутмын харилцаандаа хэн нэгнээс уучлалт гуйж байгаагаас огт өөр зүйл. Тиймээс дарга болгон ууч­лалт гуйж өөрсдийгөө хэвлэл, мэдээл­лийн хэрэгслээр сурталчлах биш төрийн нэрийн өмнөөс Ерөнхийлөгч, Засгийн газрын өмнөөс Ерөнхий сайд уучлалт гуйх учиртай. Мөн энэ нь хариуцлагатай, ул суурьтай байх ёстой.

Б.Есүгэн охины аав Б.Батсайхан Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандан албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан нь жирийн иргэн төр засагтаа хандан ийм төрлийн шаардлагыг хүргүүлсэн анхны тохиолдол байв. Б.Батсайхан арга барагдахдаа ийнхүү Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад хандсан хэрэг. Тэрбээр Ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа “Бид бяцхан охиныг маань цемент шахагч машины хоолой биш түүний шүлэг тэрлэн магтаж байсан хайртай эх оронд нь өнгөрсөн хугацаанд нэгэнт бугшсан авлига, хүнд суртлын хоолой даран амийг нь авч одсон гэж үзэж байгаа болно” хэмээсэн байсан. Өдгөө зул, цэцэг хоёроор л сэтгэлээ зогоож яваа Б.Батсайхан өөрийнхөө төлөө бус хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж дахин нэг хүүхдийн мөрөөдөл салхинд хийсэх бий вий, өөрт нь тохиолдсон шиг хагацал өрөөл бусдад бүү тохиолдоосой гэсэндээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг ард иргэ­дээсээ уучлалт гуйхыг,  нийг­мийн амьдралд идээ бээр мэт бугш­сан хар бараан бүхнийг өөрчлөхийг хүсч хүлээж байгаа. Харин Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүн маань одоог хүртэл Б.Есүгэн охины аавын захидалд хариу ирүүлээгүй байгаа юм. За гэвэл ёогүй монгол хүний ёсоор, олон зууны туршид оршин тогносон монгол төрийн тэргүүний хувиар Ерөнхийлөгч маань, Засгийн газрын тэргүүн Ерөнхий сайд маань хэзээ уучлалт гуйж, хэзээ энэ бүхэн өөрчлөгдөх юм бол доо.

Н.САНЖААСҮРЭН

Эх сурвалж: "Улс төрийн тойм"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж