Төрийн нууцын жагсаалтын тухай хуулийг “унагалаа”

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Төрийн нууцын жагсаалтын тухай хуулийг “унагалаа”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 49.1 хувийн саналаар дэмжих боломжгүй хэмээн үзэж, төсөл санаачлагчдад буцаалаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-аар шийдвэрлэх үед гишүүдийн олонхи дэмжээгүй бол шууд төсөл санаачлагчдад нь буцаах ёстой аж. Энэ дагуу уг хуулийн төсөл Засгийн газарт буцлаа.
Хуулийн төсөлд Маш нууц зэрэглэлд хамаарч байсан иргэдийн хувийн мэдээллийг төрийн нууцын зэрэглэлээс гаргахаар тусгаад байв. Тухайлбал, иргэний төрсний, гэрлэсний, гэрлэлт цуцлуулсны, гэрлэлт сэргээсний, эцэг тогтоосны, үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсний, иргэний үнэмлэхийн, гадаадад зорчих эрхийн, иргэний байнгын оршин суугаа газрын бүртгэл, өмч хөрөнгөтэй холбогдох мэдээлэл нь төрийн нууц биш гэж үзэж жагсаалтаас хасахаар тусгаад байлаа. Мөн “1:100000-аас илүү нарийвчлалтай масштабын байр зүйн зураг”-ийг байнга нууцлах хугацаатайгаар төрийн нууцын жагсаалтад хамаарахаар хуульчилсан нь Төрийн нууцын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5-д “Улсыг батлан хамгаалахад онцгой ач холбогдол бүхий обьектын байрлал, зориулалт, бэлэн байдлын зэрэглэл, хамгаалалт, тэдгээр обьектын зураг төсөл, дагалдах баримт бичиг, зардлын төсөв, обьект барьж байгуулахаар олгосон газар нутаг, холбогдох бусад мэдээлэл”-ийг батлан хамгаалах зориулалтаар төрийн нууцад хамааруулахаар хуульчилсантай зөрчилдөж байна гэж төсөл санаачлагчид үзсэн байсан юм.

Гэхдээ УИХ-ын даргын зүгээс Засгийн газар эл хуулийн төслийг дахин өргөн мэдүүлэхээс аргагүй боллоо. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар дуудаж кнопийг нь даруулаагүйгээс төсөл уналаа хэмээн мэдэгдсэн юм. Одоо чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөөд байна. Сануулахад, энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дэмжин эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж