![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/12/5333c6af1a4dfb49/26d91ec42bced5f5big.jpg)
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан товлосон цагаасаа 40 гаруй минутаар хоцорч эхэллээ. ХуралдаанаарХадгаламжийн даатгалын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэсэн багц хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Одоо уг хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд үндсэн хоёр заалт тусгаад байлаа. Эхнийх нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн газраа баригдвал бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавина. Хоёр дахь нь УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол мөрдөн байцаагч яллагдагчаар татах хүсэлтээ Улсын ерөнхий прокурорт гаргана. Улсын ерөнхий прокурорын зүгээс тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирнэ. Эцсийн шийдлийг УИХ гаргана. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаа УИХ өөрөө эцэслэн шийдэхээр тусгаад байсан ч хоёр дахь заалтыг байнгын хороогоор хэлэлцэх шатанд гишүүд унагасан юм. Эл асуудалд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ. Чуулганы хуралдаан эл асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Г.ДАРЬ