Хойд Солонгос интернэтийн хэрэглээг өргөжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос интернэтийн хэрэглээг өргөжүүлнэ

“Google” компанийн гүйцэтгэх захирал Эрик Шмит, АНУ-ын Нью-Мехико мужийн экс захирагч Уилл Ричардсон нарын цомхон бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Хойд Солонгост айлчилж буй билээ. Айлчлалын гол зорилго нь Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсоож, пуужингийн туршилтаас татгалзахыг ятгах. Мөн тэд айлчлалынхаа хүрээнд Хойд Солонгост өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш хоригдож буй Америкийн иргэн Кеннет Бейгийн эрхийг хангах тал дээр тус улсын албаныхнаас баталгаа гаргуулах болон интернэт хэрэглээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг зорьж буй тухай гадны хэвлэлүүд мэдээлж байна.

Өнөөдөр “Google” компанийн гүйцэтгэх захирал Эрик Шмит анх удаа Хойд Солонгос улсад хийж буй айлчлалын үр дүнгийн талаар товч мэдээлэл хийжээ.  Эрик Шмитийн мэдэгдсэнээр төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд Хойд Солонгосын албаныхантай тус улсын иргэдийн интернэт, гар утас ашиглалтыг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Одоогоор Хойд Солонгосын иргэдийн 16 хүн тутмын нэг нь гар утастай гэх судалгаа байдаг аж.

Үүнээс өмнө Уилл Ричардсоны Хойд Солонгост хийсэн хоёр  удаагийн айлчлалын ачаар тус улсад хоригдож байсан Америкийн нэг иргэнийг суллаж, НҮБ-ын ажилагчдыг цөмийн үйлдвэрүүдэд нэвтрэхийг зөвшөөрч байжээ.  АНУ-ын Нью-Мехико мужийн экс захирагч Уилл Ричардсон Хойд Солонгост хэд хэдэн удаа айлчлал хийж байсан бөгөөд хамгийн сүүлд өнгөрсөн 2010 оны арванхоёрдугаар сард айлчилжээ.

АНУ-ын төлөөлөгчид маргааш Хятадын нийслэл Бээжин хотноо Хойд Солонгос дахь айлчлалынхаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх гэнэ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж