Наадмыг шүүн явуулах хүмүүсийн нэрийг зарлахын өмнөхөн хөтлөгч П.Бадарч “Шүүгчид өөрсдөө ар бүү хэл өврийн хаалгагүй шүүсэн л гэдэг юм. Харин би эргэлздэг. Тэд гомдохгүй байх гэдэгт итгэж байна” гэсэн нь жилийн жилд дэгдэх элдэв ярианаас ангид шүүлт явуулахыг сануулсан “өвгөн” найрагчийн “сануулга” байлаа. Энэ удаад Хэл бичгийн ухааны доктор Д.Галбаатар, Яруу найргийн дэлхийн академийн байнгын гишүүн, яруу найрагч Г.Мэнд-Оёо, Нацагдоржийн шагналт яруу найрагч Ц.Хулан, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ү.Хүрэлбаатар, Ц.Буянзаяа нар шүүгч хэмээх хүндтэй болоод хэцүүхэн албыг хашихаар болжээ.
Түрүү жилийн наадмын эзэн наадмыг нээдэг уламжлалыг дагаж гуч дахь удаагийн наадмын салхийг хагалж “Болор цом-29”-ын эзэн, яруу найрагч Д.Болдхуяг “Тусгаар тогтнол” шүлгээ дуудсан юм. Энэ удаагийн наадамд нэлээд дээгүүр уралдах болов уу гэж байсан МЗЭ-ийн болон Д.Нямсүрэнгийн нэрэмжит шагналт яруу найрагч Б.Баттулга, залуу яруу найрагч Ганболдын Баяр зэрэг яруу найрагчид тэнцээгүй нь нэлээд үзэгчдийг бухимдуулаад авна лээ. Эхний шатанд “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Б.Галсансүх, Х.Эрдэнэбаатар нар шүлгэн хүлгээ сойсон юм. Хэдийгээр нас өндөр гарсан ч уран бүтээлээ туурвин гялалзаж яваа Төрийн шагналт яруу найрагч З.Дорж “Яруу найраг бол хүн төрөлхтний мэдрэмж юм. Яруу найраг үүссэнээр бид хэлтэй, хөлтэй, нулимстай дуутай болсон” гээд шүлгээ уншсан нь яруу найргийн гурван үеийн төлөөллийн шүлгийг сонсох боломжийг үзэгч бидэнд олгосон.
Хэн юу хэлэв?
-Өнгөрсөн жилийн цомын эзний хувьд энэ удаагийн наадмын талаарх сэтгэгдлээ хуваалцаач?
-Их сайхан болж байна. Би Өвөрмонголд ажиллаж, амьдарч байгаа. Яруу найргийнхаа их уулзалтад оролцох мөн өнгөрсөн цомын эзэн наадмын салхи хагалдаг уламжлалыг зөрчихгүйн тулд гурав хоногийн өмнө ирлээ. Энэ удаад залуу яруу найрагчид нилээд их оролцож, их сайхан л болж байна даа.
-Энэ удаа Өвөрмонголоос хүмүүс ирж оролцлоо. Үүнд таны хувь нэмэр их байгаа байх гэж бодож байна?
Тэнд ажиллаж амьдарч байгаагийнх би долоон найрагчийн шүлгийг монгол бичгээс крилл дээр буулгаад өгч явуулсан. Тэдний зарим нь тэнцсэн. Их баяртай байгаа. Болор цом маань бүх монгол туургатны яруу найргийн наадам болон хөгжих замруу явж байна гэж бодож байна.
-Юуны өмнө баярын мэнд хүргье.
-Баярлалаа. Өнөөдөр бол МЗЭ үүсэн байгуулагдсан өдөр. Тиймээс энэ өдөр бол уран зохиол, яруу найрагт дуртай бүх хүний баяр гэж бодож байна. Тиймээс ч өнөөдөр дүүрэн үзэгчтэй, олон сайхан яруу найрагчтай сайхан цом болж байна.
-Энэ жил таныг “уралдах” байх гэж олон хүн бодож байсан?
-Би өөрөө хүмүүнлэгийн байгууллагад ажилладаг болохоор энэ жил маш их ажилтай байлаа. Тиймээс энэ удаад оролцож чадсангүй. Өнөөдөр ч гэсэн ажилтай л байсан. Гэхдээ сэтгэл тогтохгүй байхаар нь чөлөө аваад хүрээд ирлээ. Их сайхан байна. Жилдээ ганц удаа ингэж олуулаа цуглах гоё байдаг.
-“Болор цом”-ын сэтгэгдлээ хуваалцаач.
-Жил, жилийн цом сайхан болдог. Тэр ч үүднээсээ сайхан л болж байна. Энэ жил их олон залуу яруу найрагч оролцож байгаа нь их сайхан зүйл.
-Та энэ жил яагаад үзэгчээр оролцов?
-Ажил маш их байлаа. Тэгээд ч муу шүлэгтэй оролцох эрх надад байхгүй. Сайн шүлэг бичих хэрэгтэй. Түүнийгээ өөрийн болгож байж оролцох хэрэгтэй л дээ. Тийм учраас энэ жил оролцсонгүй.
-Энэ удаагийн цомын талаарх сэтгэгдлээ хэлээч.
-Энэ наадмын талаар ярихын тулд нэг хүнийг заавал дурсах хэрэгтэй л дээ. Тэр бол Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж багш маань юм. Өдгөөгөөс 30 жилийн өмнө анх санаачлан зохион байгуулж, бидэнд хүлээлгэж өгсөн нэг том “өв” юм шүү дээ, энэ наадам. Их сайхан болж байна. Би энэ наадамдаа долоон удаа орохдоо нэг түрүүлж, зургаа айрагдсан байдаг юм.
-Та энэ жил хэнийг түрүүлэх байх гэж бодож байна?
Олон сайхан дүү нараасаа нэгийг нь онцлоод хэлчихвэл бусад нь гомдчих байх. Тэгээд ч Т.Зөнбилэг хүү маань оролцож байгаа учраас хүүгийнхээ дээлийн захыг л мушгиж сууна даа.
Олон сайхан хүмүүстэй уулзаж, санаа сэтгэлийг нь сонсч явтал шүүгчдийн дүн гарч дараагийн шатанд шалгарсан найрагчдыг зарлахаар болсон юм. Тэд дүнгээ нэгтгээд нийтдээ 15 хүнд гурвын даваанд шүлгээ унших эрхийг өгсөн байлаа. Эдгээр найрагчдад яруу найрагч Д.Одгэрэл, С.Начин, Б.Галсансүх, О.Цэнд-Аюуш, М.Уянсүх, Ай.Төмөр-Очир, Л.Ганзул, М.Билэгсайхан, Б.Батсайхан, Б.Мягмаржав, Н.Гантулга, З.Дорж, М.Отгонбаяр, Б.Бүргэд, Ю.Идэрчулуун бусдаасаа өндөр оноо авснаар багтсан байсан юм. Шалгарч үлдсэн яруу найрагчид ээлжлэн шүлгээ уншиж, хоёр хөтлөгч үзэгчдийг уйдаахгүйн тулд хөгжилтэй зүйлсийг ярьж, хөгжөөж чадаж байлаа. Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч өнгөрсөн жилүүдэд болсон 29-н Болор цомд мониторинг хийснээ танилцуулсан юм. Түүний тооцоогоор 29-н цомын хоёрыг Архангай, Завхан, Дорноговь, гурван түрүүг нь Дундговь, Өвөрхангай гэх мэтчилэн хүртсэн бол 11 түрүүг Төв аймгийн найрагчид /Бадарч найрагч өөрөө Төв аймгийн харьяат/ авчээ. Дунджаар 400-1000 суудалтай танхимд 29 цомыг зохиосон гэвэл 18000 хүн цом үзсэн байна. Мөн энэ хугацаанд найман савхин хүрэм, найман савхин дээл, таван нэхий дээл, зургаан монгол дээлээр ивээн тэтгэж байсан байгууллагууд “шатжээ”. Дунджаар таван шүүгч суусан гэвэл 29 жилд 145 шүүгч 200 мянган төгрөг авч бусдыг шүүх ажилд 29 сая төгрөг зарцуулсан гэнэ. Мөн “Болор цом” наадамд жендерийн асуудал маш хурцадмал байгаа” гэсэн тооцоог “хөтлөгч” найрагч маань гаргажээ.
Даваа болгоны дундуур шүүгчид дүнгээ нэгтгэж байх хооронд УДЭТ-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барьж байлаа. Мөн уламжлал ёсоор шог зохиолч И.Цэрэнжамц элэглэл унших гэснээ “П.Бадарч нэр төрөө сэргээлгэнэ гэж шүүхэд хандах бололтой. Тиймээс энгийн хошин шүлэг хөгжимтэй уншихаар боллоо” гээд элэглэл шүлгээ хөгжимтэйгөөр үглээ хэлбэрт оруулж уншсан нь далан насны босгыг давж яваа ахмад уран бүтээлч харих болоогүй гэдгээ нотлох шиг болсон.
Ингээд удалгүй сүүлийн даваанд 38 оноогоор яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир, 38,5 оноогоор Баатарын Галсансүх, 40,5 оноогоор Оюунцэцэгийн Цэнд-Аюуш, 47,5 оноогоор Баттөрийн Мягмаржав, 48 оноогоор Норовын Гантулга нар тунан үлдсэн юм. Шалгарч үлдсэн найрагчид өндөр оноо авснаасаа эхлэн сүүлийн шүлгээ уншицгаасан. Тэднийг шүлгээ дуудаж дууссаны дараагаар “Залуу яруу найрагч” шагналыг С.Начин, “Авъяастан залуу алтан медаль”-ыг Э.Сударчулуун, үзэгчдийн нэрэмжит “Хөх мөнх зөн” өргөмжлөлийг Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Л.Ганзул, “Болор цом-30” наадмын нэрэмжит шагналыг М.Билэгсайхан, Ю.Идэрчулуун, “Утга зохиолыг дэмжигч” шагналыг Нацагдоржийн шагналт, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нарт гардуулж баяр хүргэсэн юм.
Ингээд сэтгэл догдлуулсан мөч ирлээ. “Болор цом-30”-ыг хэн өргөх вэ? Сүүлийн байрнаас нь эхэлж нэрийг нь дуудаж эхэллээ. Энэ удаад Сүхбаатар аймгийн харьяат зураач, яруу найрагч Ай.Төмөр-Очир “Эсгий үнэг” шүлгээрээ тавдугаар байрт шалгарчээ. Б.Галсансүх “Дөрөө” шүлгээрээ дөрөвт орсон бол залуу үеийн төлөөлөл болсон яруу найрагч О.Цэнд-Аюуш “Миний түмэн чанар” шүлгээрээ гутгаар байр эзэллээ. Хоёр яруу найрагчийн байрыг хэлэхээс өмнө үзэгчдийн дунд “Олон жил оролцсон, сайн шүлэгтэй юм чинь Мягмаржав авах байх”, “Гантулгын шүлэг сайн байсан. Тиймээс Тулга авна” гэсэн яриа үүсч байлаа. Энэ удаагийн наадмын дэд байрыг “Нүүдэлчний цаг хугацаа” шүлгээрээ яруу найрагч Б.Мягмаржав эзэлж, Янжинлхам бурханы хөрөгт мөргөж, “Болор цом-30” наадмын цомыг өргөх хүнээр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, сэтгүүлч, яруу найрагч Норовын Гантулга тодорлоо. Тэрээр цомын эзэн болсныхоо дараа “Үнэхээр баяртай байна. Би найм дахь жилдээ оролцож байна. Хоёр жилийн өмнө гуравт орж байхад ах нар маань “улсын наадамд долоо давсантай адил” гэж байсан юм. Харин би өнөөдөр өөрийгөө ес давлаа гэж бодож байна. Өнөөдөр би Янжинлхамын хишгийг хүртэх хувьтай байж. Энэ өдрийн итгэл найдварыг алдахгүйн төлөө хичээх болно. Яг одоо миний Хөшөөтийн гол цөнгөө түрэн урсч, Улаан хад маань нулимс унагаж байгаа байх. Хамгийн гол нь Хөшөөтийн голд яваа адуучин Норов баярлаж байгаа. Та бүхэнд баярлалаа” хэмээн хэлсэн юм.
Сайн, муу үгийг араасаа дагуулдаг “Болор цом” ямартаа ч сайхан болж өнгөрлөө. Энэ жилийн хувьд тайзны ард архи уусан нэг ч яруу найрагч харагдаагүй нь уран бүтээлчид маань энэ наадмаа их хүндэтгэдэг болсоныг илтгэсэн сайхан зүйл байлаа. Яруу найрагчид “түрүүлэх, айрагдах яах вэ, хамгийн сайхан нь унших” гэж ярихыг олонтаа сонссон. Харин уншигч бидний хувьд шүлэг яруу найргийг өөрсдийн тань дуу хоолойгоор уншиж, дор бүрнээ түрүүлээсээ гэж бодсон найрагчаа дэмжин суух л хамгийн сайхан байдаг шүү.