Өмнөд Африкт мөргөлдөөн гарчээ

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Өмнөд Африкт мөргөлдөөн гарчээ

Өмнөд Африкийн дарс үйлдвэрлэлийн гол бүс нутаг болох Баруун Кейп мужийн тариалангийн ажилчид ажил хаяж, Де Дурнс хотод жагсаал зохион байгуулжээ. Тариаланчид өдрийн хөлсөө хоёр дахин нэмэгдүүлж, 17 ам.доллар болгохыг шаардан жагссан байна. Гэвч тариаланчдын жагсаалыг цагдаагийн хүчээр тараах гэснээс тэдний хооронд мөргөлдөөн гарч, 50 гаруй хүн баривчлагджээ. Уурлаж бухимдсан тариаланчид цагдаа нар руу чулуу шидэж, гол замыг хааж, замын хажууд тавьсан машин, дугуй зэргийг шатааж, сэтгүүлчид рүү халдан танхайрсан аж. Мөн жагсагчид африк хэлээр “Та нар тариаланчдыг арьс өнгөөр ялгаварлаж байна” гэж бичсэн лоозон барьсан байжээ. Харин цагдаа нар тариаланчдын эсрэг резин сумаар галлаж, жагсаалыг толгойлогчдыг баривчлах арга хэмжээ авсан байна.

Тариаланчид ажил хаясан шалтгаанаа улирлын чанартай хөдөлмөр эрхэлдгийн дээр өдрийн найман ам.доллараар амь зуух аргагүй байна хэмээн учирлажээ.  Үүнээс өмнө тариаланчдын ажил хаяхыг зогсоохоор энэ долоо хоногийн эхээр Өмнөд Африкийн үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлүүд уулзалт зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй аж. Өмнөд Африкийн хөдөлмөрийн харилцаанд арьс өнгөөр ялгаварлах үзэл их байдаг бөгөөд тариалангийн талбайн эзэд нь цагаан, тариаланчид нь хар арьстнууд байдаг байна. Баруун Кейп муж нь Өмнөд Африкийн олон тэрбум долларын дарсны үйлдвэрлэлийн болоод аялал жуулчлалын гол бүс нутаг аж.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж