Австралийн өмнөд нутаг хэт халуун болж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Австралийн өмнөд нутаг хэт халуун болж байна

Австралийн хүн ам хамгийн шигүү суурьшсан Шинэ Өмнөд Уэльс мужид зуу гаруй ой хээрийн түймэр шатаж байна. Одоогоор гамшигт нэрвэгдэгсдийн  талаар мэдээлэл алга хэмээн Agence France-Presse мэдээлэв.
     
Австралийн агаарын дундаж хэм нь даваа гаригт 40,33 градус хүрч дулаарлын шинэ дээд амжилтыг үзүүлэв. Нэгдүгээр сарын 8-ны мягмар гаригт Шинэ Өмнөд Уэльсийн зарим газар 45 хэм хүртэл халсан байв. Австралийн цаг уурчид 50 хэмээс дээших халууны бүсийг заах шинэ өнгийг өөрсдийн хэмжилтэд гаргаж ирсэн байна. 

Хэт халуун нь хуурай, хүчтэй салхи дагуулж байгаа тул мужийн нутаг дэвсгэрт ил гал гаргахыг хориглож,  үндэсний дархан газруудыг хаажээ. Гал газар авбал хүмүүсийг нүүлгэхээр бэлтгэж эхэлжээ. AFP мэдээлсний дагуу нэгдүгээр сарын 8-нд Шинэ Өмнөд Уэльст 130 ой хээрийн түймэр бүртгэгдсэнээс 40 орчмыг нь цурманд оруулж чадаагүй гэнэ.

Энэ бүгдийн хажуугаар Викториа мужид цаг агаарын байдал аюулын төвшинд хүрчээ. Кентбрук хотыг тойрон ой хээрийн түймэр асч байгаа аж. Австралид зуны улиралд арванхоёроос хоёрдугаар саруудад ой хээрийн түймэр тогтмол гардаг бөгөөд 2009 оны түймэр Викториа мужийн 173 хүний аминд хүрчээ.  2013 оны нэгдүгээр сарын 5-6-нд Тасмани арлын 100 гаруй байшин түймэрт шатжээ. Зуу гаруй хүн сураггүй болсон ч өнөөг хүртэл нэг ч цогцос олдоогүй байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж