![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/7/c775ef2727a81391/f73ee027d4cee405original.jpg)
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдрийн хэлэлцэх эсэхээр санал хураах байсан ч МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин горимын санал гаргасан юм. Ө.Энхтүвшин “Засаг дарга нарыг томилоогүй аймгуудын асуудал хүндрээд байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Иргэдийн хурал нь цагдаа, сэргийлэхээр шийдэхэд хүрээд байна. Одоогоор зургаан аймаг Засаг даргагүй байгаа. Засгийн газраас Засаг даргын үүрэг гүйцэтгэгч томилох талаар яригдаж байна. Үүрэг гүйцэтгэгч гэж албан тушаал байхгүй. 1996, 1997 онд Үндсэн хуулийн Цэц Засаг даргын үүрэг гүйцэтгэгч байхгүй гэдгийг шийдвэрлэсэн байхад. Үүрэг гүйцэтгэгч томилно гэдэг нь хууль зөрчсөн асуудал болно” гэлээ. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуягыг УИХ-ын чуулганы хуралдаанд тайлбар тавихыг МАН-ын бүлгээс горимын санал гаргаж байна гэсэн юм. Өмнө нь хэд хэдэн удаа бүлгийн хуралдаанд танилцуулах хүсэлт гаргасан ч Ерөнхий сайд ирээгүй гэлээ. Тиймээс чуулганы хуралдаанд Ерөнхий сайдыг зургаан аймгийн Засаг дарга нарыг томилох асуудалд яаралтай тайлбар өгөх горимын саналыг МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин гаргасан юм.
Харин УИХ-ын дарга З.Энхболд “Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанд Засгийн газрын цагтай байсан. Ерөнхий сайд энэ үеэр тодорхой тайлбар өгсөн ч МАН-ын гишүүд санаатайгаар чуулганы хуралдаанд суугаагүй. МАН-ын бүлгийн даргын саналаар Ерөнхий сайд мэдээлэл хийддэггүй. Тодорхой дэг журмын дагуу буюу байнгын хорооны хуралдаанд танилцуулсны дараа УИХ-ын чуулганд танилцуулна. Тиймээс тодорхой дэгийн дагуу явна. Тиймээс горимын саналыг хүлээж авах боломжгүй” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж Шүүх байгуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхээр УИХ-ын гишүүд саналаа илэрхийлж байна.
Ш.ЧИМЭГ