Одоо дараа нь 100 ботго цаазлах уу?

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Одоо дараа нь 100 ботго цаазлах уу?

Ээж маань өвдөөд эмнэлгээр явж байгаад орж ирүүтээ интернетээс “100 ээж өлсгөлөн зарлана” гэсэн мэдээ олж уншив. Тэдний тав нь бүр өлсөөд эхэлчихэж гэнэ. Гэхдээ өлсгөлөн зарласан шалтгаан нь экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг суллах. Ээж нар өлсгөлөн зарлана… Энэ одоо ямар гээч агуу ихийн өвчин бэ?

Инээдтэй гэхэд багадаж, эмгэнэлтэй гэхэд ичмээр санагдлаа. Хаа хол Баянхонгор, Орхон, Сэлэнгээс нийслэлд ирж буун, өлсөж буй энэ эмэгтэйчүүд, энэ ээжүүд үнэхээр юу бодож байгаа юм бол доо. Дэлхийн хаа нэгтээ хүслээрээ бус хяслант амьдралын гайгаар өрцөө наалдтал өлсөж суугаа нь түм бум. Гэтэл шалтгаан нь хувь хүний хэтэрхий их шоу үзүүлбэрээр дүүрсэн, улс төрийн тоглоомт индэр дээр эхчүүд зуу зуугаараа өлсөхөөр хэвтэнэ гэдэг юу гэсэн үг вэ?

Татвар эм Алтжингаас нь  гарсан нуган үр нь  эндсэний төлөө 100 ботго, 100 хүүхдийг цаазлан, 100 ингэ, 100 эхийг уйлуулах Батмөнх даян хааны зарлиг XXI зуунд ингэж зүсээ хувирган ирэх юм гэж санасангүй.  “Мандухай сэцэн хатан” кинонд гардаг хамгийн зүрх зүсэм энэ үзэгдэлтэй “100 ээж өлсгөлөн зарлана” гэдэг энэ хэцүү мэдээ тун адил сонстож байна. Болил доо, эхчүүд ээ. Та нарыг хэн тэгж Исмэл тайж шиг хорлоо вэ?

Д.ЦЭЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж