
Шархүү нь өнөөдөр өглөө гэрээсээ эртлэн гараад ажилдаа явахаар автобусны буудалд хүрсэн ч ойр хавьд унааны бараа алга. Хүйтэнд даарч зогсохоор хоёр буудал газар алхаад ажилдаа очихоор шийдэв. Өглөө хотын гудамжаар хөл хөдөлгөөн сийрэг байсан ч хальтиргаа гулгаа ихтэй болохоор уулзвараар гарчих санаатай Төрийн ордны ойролцоо буюу МИУС-ийн баруун талын замын уулзварт тулаад зог тусав. Учир нь явган хүний гэрлэн дохио унтраалттай, өглөөний бүүдийх гэрэлд харанхуй байсан юм. Хэсэг тээнэгэлзэн явган хүний гэрлэн дохио ажиллахгүй байгаа хойно авто замын гэрлэн дохиог сүрхий нь аргагүй харж байгаад нэвтрэх уулзвараар улаан гэрэл асч, машинууд зогссон хойно зам гарахаар алхтал золтой л нийтийн тээврийн автобусны дугуйг нөхчихсөнгүй. Зам хальтиргаатай байсан ч сайн гутлынхаа буянд нүднийхээ урдуур үргэлжлээд өнгөрөх өнөөх шар автобусыг ийм урт гэдгийг анх удаа л маш ойрын зайнаас мэдэрлээ. Хэрвээ явган хүний гэрлэн дохио ажиллаж байсан бол юу гэж ийм зүйл болж, өдийг хүртэл туулсан амьдрал өнөөх шар автобусны бөөрөн дээгүүр жирэлзэн өнгөрөх билээ. Энэ мэтчилэн нийслэлийн хаана нь асдаггүй гэрлэн дохио хэд байгаа бол оо гэхээр айдас ч төрөх шиг. Авто замын осол ихэссэн гэдэг түгшүүрт мэдээг сүртэйгээр зарлахын оронд энэ мэт иргэдийн аюулгүй байдлыг нь хангах асуудлаа давхар анхаарах хэрэгтэй юм биш үү, Замын цагдаагийн найзууд аа.
А.ШАРХҮҮ