Ерөнхий сайдад асуулга тавьжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдад асуулга тавьжээ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-ийн 13 дахь заалтыг үндэслэн УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн байна.
Монгол Улс 2,7 сая гаруйхан хүн амтай, 40 сая гаруй толгой малтай, мал аж ахуйн орон боловч өнөөдөр ард иргэд маань малын гаралтай хүнсний гол бүтээгдэхүүн болсон махаа маш өндөр үнээр худалдан авч байна. Өнгөрсөн өвөл манай улсын ихэнх нутгийг хамарсан гамшиг зуд болж, хаваржилт хүндэрснээс мал ихээр хорогдсон, малын тарга хүч муу байгаа нь махны нийлүүлэлт буурах шалтгаан мөн боловч хэт өндөр үнэ тогтох, үнэ хөөрөгдөх гол шалтгаан биш гэж үзэж байна. Харин махны үнийн өсөлт нь махны бэлтгэл, нийлүүлэлтийн тогтолцоо, түүнд тавих хяналт хангалтгүй байгааг харуулж буй хэрэг юм.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээнээс харахад 2010 он гарсаар махны үнэ долоо хоног тутам өсч байгаа бөгөөд тавдугаар сарын 19-ний байдлаар хонины махны үнэ дөрөвдүгээр сарын дундаж үнээс 32 хувь, үхрийн махны үнэ 27 хувь, ямааны махны үнэ 29 хувь, адууны махны үнэ 23 хувиар өсчээ. 2010 оны 5-р сарын 20-ны өдрийн байдлаар 1 кг хонины мах 4800-5500 төгрөг, үхрийн мах 5500-6500 төгрөг, ямааны мах 4200 төгрөг, адууны мах 4500 төгрөгийн үнэтэйгээр хүнсний захуудаар худалдаалагдаж байна. Харин супермаркет, хүнсний дэлгүүрүүдээр дээрх үнээс 15-25 хувиар илүү үнэтэй зарагдаж байна.
Ийнхүү Монголчуудын хүнсний хамгийн гол хэрэглээ болсон махны үнэ өдрөөс өдөрт өсч, ард иргэдийн амьдралд хүндээр нөлөөлж байгаа асуудалд холбогдох байгууллагууд хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар мэдээлэл авахаар Ерөнхий сайдад хандсан байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж