Сар шинээс бидэнд юу үлдсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Сар шинээс бидэнд юу үлдсэн бэ?

Цаг цагаар нэг цаддаг, Цагаан сараар нэг цаддаг гэж аргагүй үнэн үг ажээ. Монголчууд бид бүтэн сарынхаа, зарим нь улирлын хүнсээ гуравхан хоногт бусадтай хувааж зооглочихоод “Сайхан шинэллээ” хэмээн сэтгэл дүүрэн хэхэрч суудаг сонин заншилтай зон олон шүү. Энэ жилийн хувьд шинийн нэгний өдөр давхцаж таарснаас сар шинийн өдрүүд урт удаан үргэлжилж, хүмүүс ч ёстой нэг сэтгэл дүүрэн шинэлцгээлээ. Уг нь Цагаан сар сайхан л даа. Бүтэн жилийн турш бараа зүсээ хараагүй ураг саднаараа уулзаж, өнгөрсөн нэг жилд өрнөсөн “амьдрал”-ынхаа талаар хуучлах зав ганцхан цагаан сараар л олдоно. Жилээс жилд цөөрсөөр, хорогдсоор байгаа өтгөс буурлынхаа амар мэндийг мэдэх завшаан мөн л Цагаан сарын буянаар жилд ганц тохионо. Сар шинийг тэмдэглэдэггүй байсан бол хэчнээн олон хүн сар жилүүдийн уртад “амьдрал” гэх их жинд хөтлөгдсөөр өвгөд өтгөстэйгээ уулзаж амжилгүй нартаас буцаах байсныг хэн ч мэдэхгүй. Ингээд бодохоор цагаан сар жилд нэг биш нэг хэсэг болдог байгаасай гэж бодогдмоор. Гэхдээ өрх гэрийн төсөв, үрсэн зарсанаа эргээд тооцохоор жилд ганц тохиодог уламжлалт энэ баяр дэндүү нүсэр санагдана. Урьдыг бодвол ул боов, ууц шүүс, чихэр жимс элбэгшсэн хэдий ч үнэ өртөг нь үнэндээ л тэнгэрт хадна. Дээр өгүүлсэн зүйр үгийг “Цаг цагт нэг нэмдэг, цагаан сараар хоёр дахин үржүүлдэг” хэмээн наймаачдад тохируулан өөрчилж ч болохоор. Өргөн хэрэглээний болон хүнсний барааны үнэ энгийн үед зарагдаж байснаасаа хэд дахин өсөх нь гайхалтай. Үйлдвэрлэл, үйлчилгээ, тээврийн зардал нь огтхон ч нэмэгдээгүй байтал "сар шинийн нэмэгдэл"-д өөрийн эрхгүй өртөж орхино. Энэ жилийн хувьд төрийн түмэн нүд ард олноо гийгүүлж, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд зориулж тус бүрийн 70 мянган төгрөг өгсний буянаар олонх нь багахан шиг зээлтэйгээр,үлдсэн зарим нь зээл тавилгүйхэн шиг цагаан сарынхаа ард гарлаа. Зүй нь эх орны хишиг, эрдэнийн хувь гэх гайхалтай сайхан тодотголтой хувь хишгийн хэмжээ багаар бодоход хүн тус бүрт нэг сая таван зуун мянган төгрөг байх учиртай. Гэтэл хэл үг дагуулан, нас хүйсээр зааглан байж арай гэж өгсөн 70 мянган төгрөг нь сар шинийн зарлагад, үндэсний гэхээсээ илүү гадаадын, бүр тодруулбал, Эрээн хотын хөгжилд хөрөнгө оруулалт болоод өндөрлөв. Нэг айл өрх цагаан сарын зардалд 600-800 мянган төгрөг зарцуулсан гэсэн багцаа тооцоог хэд хэдэн гэрийн эзэгтэй гаргажээ. Орон гэргүйчүүд хүртэл лааз шил түүж олсон хэдэн төгрөгөөрөө ул боов худалдан авч өрчихөөд “найрка”-гаа уун тэмдэглэдэг гээд бодохоор Цагаан сар бол монгол хүн бүрийн цусанд шингэсэн уламжлалт баяр. Цагаан сараар ууц шүүс тавихаа болиод бууз баншаа жигнэж, идээ засан ирсэн гийчдийн гарыг цайлгах төдийд л 300-400 мянган төгрөг өлхөөн зарлагадана. Үүнийг айл өрх бүрээр үржүүлээд үзэхэд тун чиг арвин тоо гарах нь дамжиггүй. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улс хэд хэчнээн айл өрхтэй болохыг нарийвчлан гаргасан статистик алга. Өнгөрсөн хорин жилийн хугацаанд нийт өрхийн тоо 74 хувиар өсч 541,1 мянган өрхтэй болсон гэж одоогоос хагас жилийн өмнө цагаан дээр хараар бичин үлдээжээ. Ялангуяа нийслэл хотод шинээр гэрлэгсдийн тоо хоёр дахин өссөн бол хөдөөд 48,5 хувиар өссөн байна. Энэ тоо өнгөрсөн оны сүүлийн хагаст эрс нэмэгдсэн гэдгийг л баттай мэдэх байна. Ялангуяа оны сүүлчээр шинэ гэр бүлийн гэх тодотголтой халамжийг хязгаарлах сургаар гэрлэлтээ бүртгүүлэгсдийн тоо 20-30 хувиар, азрим газар бүр нэг дахин нэмэгдсэн. Ингээд бодохоор улсын хэмжээнд 700 мянган өрх элбэгхээн бий бололтой. Өрхийн тоог цагаан сарын дундаж зарлага 500 мянган төгрөгөөр үржүүлэн тооцвоос 350 сая төгрөгийг гурав хоногийн цэнгээнд зориулж орхидог байна, бид. Харин тэр их зарлагаас бидэнд юу үлддэг вэ. Бараг л юу ч үлдэхгүй дээ. Гэр хорооллынхон бол гэрийн бүрээс, цаваг, шалны хулдаас мэтийг, харин орон сууцныхан хөшиг тюль, аяга тавагхан төдийгөөр гэртээ хөрөнгө оруулалт хийж, бусдыг нь дайллага, цайллаганд зориулсан байх вий. Ялангуяа градус өндөртэй ундаанд хагас сарын цалингаа тавиад туучихдаг нэрэлхүү монгол зан жил жилийн цагаан сард уламжлагдсаар… Үндэсний баяраа тэмдэглэлгүй л яахав. Гагцхүү үрэлгэн, харалган зардлыг багасгах гарцыг өнөөдрөөс хайх хэрэгтэй болсон санагдана. Ирэх жилийн цагаан сар хол байгаа ч бид ямар ч гарц хайж амжихгүй байсаар нэг л мэдэхэд төмөр бар жилийн өвлийн сүүл сарын битүүний өдөр ирчихсэн байх вий дээ.

Д.Цээпил  2010 оны 2 сарын 19

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж