-Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сард гадаад зах зээлд үнэт цаас арилжаалж, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон. Энэ хөрөнгөөр санхүүжүүлэх төслүүд одоог хүртэл бэлэн болоогүй, хүүний зардал гарсаар байна гэсэн шүүмжлэл байна. Уг асуудалд Монголбанк ямар байр суурьтай байна вэ?
-Мэдээж хэрэг уг хөрөнгийг чухам юунд зарцуулах, тэр нь хэр зэрэг өгөөжтэй байх, үр ашиг нь ирээдүйд төлөх үндсэн өрийн болон хүүний төлбөрөө бүрэн нөхөж чадах эсэхэд олон нийт сэтгэлээ чилээх нь зүй ёсны асуудал л даа. Гэхдээ бид асуудлыг олон талаас нь харж, өргөн хүрээтэй авч үзэх учиртай.
Өнгөрсөн 2012 он бүхэлдээ гадаад эдийн засгийн нөхцөл байдал таагүй, чиг хандлага нь тодорхой бус бөгөөд тогтворгүй байсныг бид мэдэх билээ. Үүнтэй уялдаад Монгол Улсын гадаад худалдааны нөхцөл 20 гаруй хувиар муудаж, эдийн засагт орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ цэвэр дүнгээрээ 15 хувиар татарсан. Ийнхүү гадаад секторын эрсдэл нь манай улсын макро эдийн засаг, цаашилбал санхүүгийн тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байсан эгзэгтэй үе байлаа. Ийм үед Засгийн газар маш богино хугацаанд онцгой хүчин чармайлт гарган, гадаад зах зээлд үнэт цаас гаргаж, урт хугацаатай эх үүсвэр бүрдүүлсэн. Энэ нь богино хугацаатай, арилжааны зориулалттай хөрөнгө биш, харин Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн системд урт хугацаанд эерэгээр нөлөөлөх, эцсийн эцэст өгөөж нь Монголд үлдэх хөрөнгө юм. Уг хөрөнгийг дагаад Монголд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, тухайлбал Засгийн газрын үнэт цаасны нэг ам.доллар бүр нь Монгол Улсад 2-3 ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмж татах эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлттэй байна.
-Гэхдээ л одоо болтол Засгийн газар шаардлагатай төслүүдэд хөрөнгө оруулалт хийгээгүй, тэр хооронд хүүний зардал гарсаар байна шүү дээ.
-Зөвхөн хүүний зардал талаас харахаас илүүтэй эдийн засаг дахь эерэг нөлөө, урт хугацааны өгөөж талаас нь бас харах хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн багтаамжийг тэлэх, экспортын урт хугацааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд Засгийн газар уг хөрөнгөөр хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нь тодорхой. Хэдийгээр уг хөрөнгийг зарцуулж эхлээгүй байгаа ч, түүний үр нөлөө нь эдийн засагт хэдийнэ хүртээмжтэй, бодитой болсон байна. Ганц жишээ татахад, гадаад секторын эрсдэлтэй нөхцөл байдал үргэлжилж, сөрөг үр дагавар нь улам бүр ужгиран гүнзгийрсэн, гадаад эдийн засгийн орчин нөхцөл тодорхойгүй, төлөв хандлага нь цаашид ч муудах магадлалтай үед уг хөрөнгө нь Монгол Улсын эдийн засагт итгэх итгэлийг нэмэгдүүлж, макро болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөө үзүүлж байгаа юм. Улмаар гадаад валютын захыг тогтворжуулах, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, улсын валютын нөөцөд учирч болзошгүй дарамтыг багасгахад эерэгээр нөлөөлж байна. Эдийн засаг, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах асуудал хамгаас чухал гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.
-Энэ мөнгийг Монголбанктай гэрээ байгуулан удирдуулж байгаа гэсэн үнэн үү?
-Төвбанкны тухай хуулийн 5, 17 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газрын санхүүгийн зуучлалын үүргийг гүйцэтгүүлэхээр Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанк хамтран Санхүүгийн зуучлалын гэрээг баталсан. Ингэснээр Монголбанк Засгийн газрын санхүүгийн зуучлалыг үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж, 1.5 тэрбум ам.долларын хөрөнгийн үнэ цэнийг хадгалах, түүний төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг хангана. Бид Засгийн газартай уг гэрээг байгуулахдаа хөрөнгийг юунд байршуулж болох, бас болохгүйг хэлэлцэн тохирч, санхүүгийн зуучлалын хүрээнд үүсч болзошгүй эрсдэлд зохих үнэлгээ хийж, гэрээний нөхцлүүдээ харилцан тохиролцсон. Засгийн газар хөрөнгөө авч ашиглаж дуусах хүртэл нь уг хөрөнгөд Монголбанк санхүүгийн зуучлалын үүрэг гүйцэтгэж, хөрөнгийг гадаад болон дотоодын зах зээлд багц хэлбэрээр, зохистой удирдах замаар өгөөж олж, хүүний зардлыг Засгийн газарт төлөх юм. Энэ бол хуульд нийцсэн, олон улсад түгээмэл байдаг туршлага.
-Санхүүгийн зуучлалын гэрээ байгуулсны ач холбогдол нь юунд оршиж байна вэ?
-Засгийн газрын хөрөнгийн зарцуулалтыг Монголбанк Төрийн мөнгөний бодлогын зорилт, хэрэгжилттэй уялдуулах, уг хөрөнгийн эдийн засаг дахь эерэг нөлөөллийг нь нэмэгдүүлэх, мөн хүүний зардлыг нь хаах шаардлага гарч байгаа. Санхүүгийн зуучлалын гэрээг бид Засгийн газартай байгуулан ажилласнаар Засгийн газрын үнэт цаасны хүүний зардлыг хааж өгөхөөс гадна уг хөрөнгийн макро эдийн засаг дахь эерэг нөлөөллийг нь идэвхжүүлэн дэмжих, хөрөнгийн зарцуулалтыг мөнгөний бодлоготой уялдуулах боломж, нөхцөл бүрдэх зэрэг ач холбогдолтой болж байна.
-Монголбанк гадаад, дотоод зах зээлд удирдах Засгийн газрын хөрөнгийн хэмжээг яаж тодорхойлж байгаа вэ?
-Гэрээний дагуу Засгийн газрын хөрөнгийг багц хэлбэрээр удирдах нь Монголбанкны асуудал юм. Бид Засгийн газрын санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд хөрөнгийг багц хэлбэрээр удирдахдаа макро эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд үзүүлэх нөлөөллийг нь судалж, түүнийг зайлшгүй харгалзан үзэх ёстой. Түүнчлэн, хөрөнгийн найдвартай байдал, хөрвөх чадвар, өгөөжийг авч үзсэний үндсэн дээр гадаад, дотоод зах зээлд удирдах багцын хэмжээг тодорхойлж байна.
Зохиогчийн эрх: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин