Цөхүр увш нь Галдан бошигтын эцэг Эрдэнэ баатар хун тайжийн дүү, Зүүнгарын төрийн хутгуур хэмээн түүхэнд үлдсэн хүн. Эрдэнэ баатар хунтайжийг амьдад ахтайгаа эрх мэдэл, эд хөрөнгө булаалдан дайтаж явсан, дараа нь ахынхаа 5-р хүү Сэнгийг ууган хөвгүүдтэй нь нийлэн хорлосон, Галдан хааныг хадамтай нь муудалцуулсан гээд Цөхүр увшийн хутгасан явдал зөндөө. Тиймээс ч “Мандухай цэцэн хатан”-ы Исмэл тайжтай эн тэнцэхүйц дүр болно гэж кино урлагийнхан хүлээж байгаа.
Тэгвэл зураг авалтын явцад ч Исмэл тайжийн шиг явдал бас тохиолджээ. Цөхүр увшийн цааз “Ану хатан” киноны хамгийн хүнд зураг авалтуудын нэг байсан. Зохиол ёсоор Цөхүр увшийг үхрийн нойтон ширэнд боож алах ёстой. Яг энэ хэсгийн зургийг авахын тулд Г.Равдан гавьяат минут гаруй хугацаанд арьсанд боолгон бүтэж үхэх дөхжээ. Б.Дамчаа агсан ч гэсэн Исмэл тайжийн дүрд тоглоход элсэнд булуулж цаазлах зургийн авахдаа хэчнээн яаравчилж аюулгүй байдлын арга хэмжээ авч байсан ч гэсэн амьсгал нь бүтэж сандаргасан гэдэг. Энэ удаад ч гэсэн Г.Равдан гавьяат арьсанд боолгох хатуу “даваа”-г давжээ.
Цөхүр увшийн үхлийг хэрхэн харуулах талаар найруулагч Т.Алтантуяа удаан бодсоны эцэст ийм шийдэл олсон гэнэ.