Канадад халимнууд урхинд оржээ

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Канадад халимнууд урхинд оржээ

Канадын Кэбэк мужийн Инукжуак засагчлалын тосгоны иргэд далайн мөсөнд хашигдан урхинд орсон алуурчин халимнуудыг чөлөөлөхөд туслахыг Засгийн газраасаа гуйжээ. Канадын зүүн хойд хэсэгт орших  Хадсон Бей далайн буланд алуурчин халимнууд мөсөнд хашигдаад байгаа бөгөөд тэд их хэмжээний том мөснүүдийн завсраар арайхын амьсгалж байгаа аж. Алуурчин халимнууд далайн мөсөнд хашигдаад хоёр хонож байгаа бөгөөд тосгоны иргэд халимнуудыг яаж байгааг харахаар моторт чарга унан цаг тутам очиж шалгаж байгаа гэнэ. Учир нь алуурчин халимнуудын агаар амьсгалж буй мөсний цоорхойнууд удахгүй хөлдөх аюултай байгаа аж. Одоогоор Канадын иргэдийн хүсэлтийн дагуу Далай болон Загас агнуурын яамнаас  халимнуудын болоод мөсний нөхцөл байдлыг судлуулахаар мэргэжлийн багийг тус хэсэг рүү илгээд байгаа юм байна. Албаныханы мэдээлснээр тус баг Хадсон Бейд очин нөхцөл байдлыг үнэлснийхээ дараа шаардлагатай арга хэмжээг авахаар болжээ. Мөн урьдчилсан байдлаар далайн мөсийг бутлуулахын тулд Кебекийн Сэнт-Лавренсээс гурван худалдааны хөлөг онгоцыг авчруулахаар болсон байна. Инукжуак тосгоны олон нийтийн аюулгүйн албаны даргын мэдэгдсэнээр алуурчин халимнууд нэгдүгээр сард Хадсон Бейд байх ёсгүй гэнэ. Харин тосгоны иргэдийн мэдээлснээр алуурчин халимнууд Хадсон Бейд зөвхөн зун л харагддаг бөгөөд үүнээс өмнө өвөл энд ирдэггүй байжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж