Барьцаалагдсан иранчуудыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Барьцаалагдсан иранчуудыг суллажээ

Сирийн босогчид Засгийн газрын албаныхантай тохиролцоонд хүрсний ачаар өнгөрсөн наймдугаар сард барьцаалсан дан эрэгтэйчүүд бүхий Ираны 48 иргэнийг сулласан байна. Сирийн албаныхан Ираны 48 иргэнийг суллуулахын тулд шоронд хоригдож буй 2130 хүнийг суллахаар босогчидтой тохиролцсон аж. Сирийн босогчдын барьцаанд удаан хугацаанд байсны эцэст өчигдөр өдөр суллагдсан Иран эрэгтэйчүүдийг албаныхан нийслэл Дамаскад орших Шератон зочид буудалд түр хугацаанд байлгаад Ираны Элчин сайдын яаманд хүлээлгэн өгчээ.

Энэ тухай Туркийн хүмүүнлэгийн тусламжийн байгууллагын тэргүүн Хуссейн Орук мэдээлсэн байна.  Хуссейн Орукын мэдэгдсэнээр Сирийн босогчид болон Засгийн газрын тохиролцооны үндсэнд суллагдсан 2130 хоригдлын 73 нь эмэгтэй, дөрвөн Турк, нэг Палестин хүн байжээ. Мөн тэрээр “Энэ бол хүмүүнлэгийн дипломат хэлэлцээрийн дагуу олон тооны  хүнийг сулласан анхны амжилттай тохиролцоо байлаа.” гэж мэдэгдсэн байна.  Энэхүү тохиролцоо нь өнгөрсөн сард Турк, Катарын албаныхан болон Туркийн шашны болоод хүмүүнлэгийн байгууллагын төлөөлөгчид Сирийн талтай хамтын дипломат яриа хэлэлцээр хийсний үр дүнд бий болсон байна. Турк, Катар улсууд нь Сирид 22 сарын турш үргэлжилж буй иргэний дайнд босогчдыг дэмждэг орнууд юм.

Сирийн босогчдын чөлөөлөх арми өнгөрсөн наймдугаар сард 48 Иран эрэгтэйг Башар аль-Ассадын Засгийн газарт тусламж үзүүлэх гэж байна хэмээн сэжиглэж барьцаалсан аж. Харин Ираны талаас тэдгээр иргэдийг Дамаскийн өмнөд хэсгийн сүмд мөргөл үйлдэхээр явж байсан Шийтүүд хэмээжээ. Түүнчлэн Ираны албаныхан тэдгээр эрэгтэйчүүд бол оюутнууд, ажилчид нийлсэн энгийн иргэд гэсэн байна. Үүний зэрэгцээ өнгөрсөн аравдугаар сард Сирийн босогчдын аль-Бара бригадаас Башар аль-Ассадын Засгийн газрыг хоригдлуудыг суллаж, энгийн иргэдрүү дайрахаа зогсоохгүй бол барьцааны Иран хүмүүсийг хөнөөж эхлэнэ хэмээн сүрдүүлж байжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж