2013 оны Африкийн цомын тэмцээн энэ сарын 19-нд эхлэх билээ. Жил тутамд зохион байгуулагддаг тус тэмцээн өнгөрсөн жил болсон хэдий ч тамирчдын ачааллыг багасгах үүднээс сондгой тоотой жилд шилжиж, анхны тэмцээн нь энэ жил тохиож байгаа юм. ӨАБНУ-д зохион байгуулагдах 29 дахь удаагийн тивийн аваргад Того улсын шигшээ баг оролцохоор бэлтгэлээ базааж байна. Өчигдөр тус улсын хөлбөмбөгийн супэр од Эмануэл Адебайор эх орондоо очжээ. Шигшээ багаасаа зодог тайлсан тэрээр улсынхаа ерөнхийлөгч Фаур Гнассингбэгийн урилгаар эх нутагтаа очиж хөлбөмбөгийн бодлогод нөлөөлөх болсон юм. Энэ нь түүний санааг өөрчилсөн байна. Тогогийн хөлбөмбөгийн бодлого буруу байгааг шүүмжилж, санал зөрсний улмаас зодог тайлсан Тоттэнхэмийн довтлогчийг ерөнхийлөгч нь урьж санал бодлыг нь сонсох болсноор эргэн шигшээ багтаа тоглохоор болсон байна. Адебайор хамгийн сүүлд 2010 онд Анголд болсон тивийн аваргад оролцсон ч тухайн үед Тогогийн шигшээ багийн сууж явсан автобус руу нутгийн босогчид дайрч, халдлагад өртөж байсан бөгөөд тус тэмцээнийг Тогогийн шигшээ баг орхиж байсан удаатай. Харин одоо шигшээ баг нь шинэ амжилтын өмнө гарч ирсэн гэж Адебайор онцоллоо. Того Африкийн цомын тэмцээний “D” хэсэгт Кот д’Ивуар, Тунис, Алжирын багуудтай багтсан байна. Тэд тэмцээнээс өмнө хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байна.
Score Studio