Х.Болор-Эрдэнэ: Магадгүй, би адгуу хүн

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Х.Болор-Эрдэнэ: Магадгүй, би адгуу хүн

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч, сэтгүүлч Х.Болор-Эрдэнэтэй ярилцлаа. Сэтгэлгээний өгүүллэгийн “Би бид хоёр” ном, “Хишигт” дурсамжит туужаараа хоёр ч жил дараалан утга зохиолын оны шилдэг бүтээл “Алтан-Өд” наадмын тэргүүн шагнал хүртсэн тэрээр ер зүгээр суудаггүй зохиолч. Өгүүллэгийн дөрвөн түүвэр, мөн туужийн номууд, “Би чамд хайртай”, ”МИ-15”, ”Нарны өнгө” зэрэг уран сайхны кино, “Би эр хүнд хайртай”, ”Цэцэрлэгт учирсан хоёр”, ”Үл таних эмэгтэй”, “Хунгийн сүүлчийн дуу” зэрэг жүжиг киноны дууны үгийг бичсэн тэрээр хоёр оны зааг дээр номын хур буулгасан юм. Х.Болор-Эрдэнэ зохиолч “Муу залуу”, ”Би чамд хайртай”, ”20 жилийн дараа” зэрэг туужуудаа эмхэтгэн “Болор туужууд” нэртэйгээр хэвлүүлсэн байна. Мөн сэтгэлгээний өгүүллэгүүд болон “Хишигт” туужийнхаа нэмж засварласан хоёр, гуравдахь хэвлэлтийг хийж уншигчиддаа бэлэг барьжээ.

-Та нэгэн зэрэг их олон ажил амжуулдаг юм шиг санагддаг. Ном, кино зохиолоос гадна, дууны үг бичих гээд л… Бас дунд сургуулиудаар явж уулзалт хийдэг талаар мэдээлсэн байсан. Энэ бүхнийг яаж амжуулдаг юм бэ?  

-Бас хажуугаар нь ээжийн ажлаа хийнэ. (инээв) Миний хувьд зохиол бичихээс гадна сэтгүүлч мэргэжилтэй. “Ардын эрх” сонинд төрийн төв хэвлэл байхаас нь ажилласан. Дараа нь “Зууны мэдээ”, “Өнөөдөр” зэрэг хэд хэдэн сонинд бас л сэтгүүлчээ хийсэн. Өдөр тутмын сонинд ажиллахад хүн үнэхээр их юм сурдаг. Маргааш өглөө нь сонин хэвлэгдэн гардаг учраас манайхан чинь өдөртөө бол салхи шуурга шиг л юмнууд явдаг. Одоо ч тийм байгаа. Тэрнээс л үлдсэн “дутагдал” байх. Яагаад дутагдал гэж хэлж байна гэхээр би их адгуу хүн. Уран бүтээлийн хувьд шүү дээ. Өнөөдөр л амжуулахгүй бол маргааш намайг хүлээхгүй.      

-“Би бид хоёр” сэтгэлгээний өгүүллэгийн түүврийг 2009 онд хэвлүүлсэн бил үү. Дунд, ахлах ангийн уран зохиолын сурах бичигт зарим өгүүллэгүүд нь орсон байсан?

-Яг сэтгэлгээний чиглэлээр бол түүнээс хойш гурван жил ном гаргалгүй чимээгүй сууж. Энэ хугацаанд миний хэдэн номыг уншдаг хүмүүсийн захиа даалгаварт чамгүй дарагдсан.  “Би бид хоёр”-ыг чинь хайгаад олохгүй байна гэж. Зарим нэг их, дээд сургууль, тэр тусмаа кино урлаг, утга зохиолын чиглэлийн сургуулиудад миний өгүүллэгүүд уншигддаг юм байна. Шинэ санаа авахад нэмэр болдог гээд багш нар нь тэр номыг олж уншихыг захидаг гэнэ. Оюутнууд эрэл сурал болоод л ирнэ. Аав, ээж нар гуйгаад ирнэ. Ганц нэг ширхэг ч хамаагүй өгөөч гээд. Бас хүүхдүүд маань “Ээж ээ, таны ийм өгүүллэгээс даалгавар ирсэн, тэрнийг задлаад өг” гээд л зогсож байна. Би сүүлийн жилүүдэд онлайн харилцаанд ихээхэн анхаарсан бас нэг “дутагдал”-тай хүн. Тиймээс байнгын уншигчид маань хаяа нэг эх орондоо ирэхээрээ ном авах гэнэ. Мөн л “хайгаад олохгүй байна” гэсээр ирдэг. Энэ мэт шаардлагаар дахин нэг удаа хэвлүүлчихээд орхисон номоо гурав дахь хэвлэлтээс нь саяхан гаргалаа. Нэг үеэ бодвол сонирхдог хүрээлэл нэлээд тэлсэн шиг байна. Тэр утгаараа ганц нэг ном гаргачихаад суугаад байх боломжгүй болчихжээ. Тиймээс бүх туужаа нэгтгэн “Болор туужууд” нэрээр хэвлүүллээ. Ялангуяа, “20 жилийн дараа”, “Би чамд хайртай-2” туужуудыг хүмүүс харьцуулж унших сонирхолтой байдаг. “Би чамд хайртай” киноны үргэлжлэлийг өмнө нь хоёр хувилбараар бичиж хоёр тусдаа тууж гаргасан юм. Тиймээс энэ удаа тэдгээрийг нэг эмхтгэлд багтааж зориуд харьцуулалт хийх боломж олгохыг зорьсон.

-“Болор туужууд” гэдэг нэрэнд ямар нууц утга байна аа?

-Номын нэрний тухайд анх “2012” гэж нэр өгчихөөд туужийнхаа хавтасны эхийг бэлдүүлчихсэн байсан юм. Нэг мэдсэн чинь 2012 он ч дуусчихлаа. Нэг өдөр манай нөхөр хэвлэх үйлдвэрээс утасдаад “Энэ “2012” туужийг чинь юу гэж нэрлэх вэ? “2013” гэх юм уу” гэж асууж байна. Тэгсэн л амнаас “Болор туужууд” гэдэг нэр уначихсан. Заримдаа санамсаргүй зүйл их эвтэйхэн болчихдог доо? Тэгээд л… Бодвол миний л нэрээр нэрлэсэн юм байлгүй. /инээв/

-Хүмүүст таны шинэ туужууд эрэлт ихтэй байгаа харагдсан шүү. Та бүтээлүүдээ хамгийн түрүүнд интернэтээр уншигчиддаа хүргэдэг ч бодитоор гар дээрээ барьж, нэг нэгэндээ дурсгах гээд номын тань эрэлт өндөр байсан болов уу?

-Тийм үү? Баярлалаа. Хүмүүс хэвлэмэл байдлаар номыг авч, хадгалж, бие биедээ дурсгаж, гар дамжуулж,  номын сангаа баяжуулах, хүссэн газраа тухтай унших сонирхолтой байдаг юм билээ.

-Зохиолоо онлайнаар шууд дэлгэх нь хэр зөв менежмент вэ?

-Зөв бурууг нь мэдэхгүй юм. Сүүлийн үед блогт эргэлдээд байх зав хомс болсон. Тэгээд л нөгөө олон блогоо хаагаад хаалгыг нь түгжчихээд явсан чинь бас л цөөнгүй уншигчаа гомдоож орхисон шиг байна билээ. Шаардлага, нэхэл олшроод л байна. Би “Нүцгэн шөнө”, “Диваажингийн хоригдол”, “Зүрхэнд үйлдвэрлэв” гээд гурван номныхоо нэрээр нэрлэсэн блогтой. Одоо аль аль нь нээлттэй байгаа. Олонтойгоо бужигнаад өсчихсөн хүн чинь ямар нэг байдлаар хүмүүсийн л дунд байх санаатай энд тэнд “байшин сав” бариад суугаад байдаг.  Ганцаараа байж чаддаггүй хүний зан ч юм уу. 

-Гэхдээ та богино хугацаанд маш их зүйлийг амжуулсан шүү дээ. Хэд хэдэн уран сайхны кино, сайхан дуунууд, бас олон туужууд байна?

-Яг үнэндээ би өөрийгөө гайхалтай том зохиолч, тийм сүртэй сүйдтэй зүйл хийчихсэн хүн гэж боддоггүй. Хэн нэг хүн тэгээд магтчихаар их санаа зовдог. Болоогүй ээ, спортоор бол би бэлтгэлийнхээ зааланд дасгалаа хийж байгаа жирийн нэг тамирчин л гэсэн үг.  Сурч мэдэх, ухаарч ойлгох, ажиглаж судлах зүйл дэндүү их байна. Нэг жаахан юм хийчихээд эргээд харахад улам л дотогшоогоо шургалж, таг нуугдчихмаар үе олон. Мэдээж хүн бүрт таалагдана гэж юу байхав. Гэхдээ л уншигчдын хүсэл шаардлага гэдэг их өндөр. Түүнд нийцүүлж чадах эсэх нь цаг хугацааны асуудал. За, тэгээд цэвэр мэргэжлийн гэж яриад байгаа уран зохиолын ажлууд бий. Ямар ч байсан хүссэнээ хийж, сонирхсоноо барьж авч, чадна гэж итгэсэн зүйлийнхээ ард гарах гэж мэрийж л байна. 

-“Хишигт” туужийг анх блогтоо бичиж эхэлж байсныг чинь санаж байна? Уншигчид бичиж дуусахыг чинь хүлээгээд л, цаг тоолоод л, “Маргааш хурдан болоосой, Хишигтийнхээ үргэлжлэлийг уншина даа” гээд ярилцаж байсан сэтгэгдлүүд одоо ч байж байгаа. Энэ түүхээ эргээд нэг сөхөхгүй юү?

-Тийм шүү, үнэндээ “Хишигт” туужаа уншигчидтайгаа хамтраад шахуу, тэд нарынхаа дунд сууж байгаад л бичсэн. Би аливаа сөрөг санаа бодлыг дотроо тээж явах дургүй. Чаддаг ч үгүй. Асгаад л гаргачихвал өөрт ч, өрөөлд ч амар, хөнгөн болчихдог юм. Тэр утгаараа тухайн үед нөхөрлөлийн тухай, жинхэнэ андынхаа төлөө гэсэн зүрх сэтгэл ямар байдгийг дэлгэж гаргамаар санагдаад л анд нөхрөөс илүүтэй намайг хайрладаг байсан Хишигт нохойныхоо тухай дурсамжийг бичиж эхлэсэн. Зарим нэг анд нөхөр нэртэй оюунт хүнээс илүүтэй үнэнч адгуус байдаг юм байна. Тийм амьтан зарим хүнээс илүүтэй энэ насыг дуустал сэтгэлд асар том байр эзлэдэг юм байна гэдэг санааг л хүмүүст хүргэхийг зорьсон. Мөн л цахим уншигчид дараагийнхыг нь хүлээгээд, үргэлжлүүлж бичихийг хүссээр л байлаа. Бичээд дуусмагц хүмүүс “Энэ зохиолыг ном болговол мөн гоё оо. Үүгээр кино хийвэл сайхан аа” гээд л тэнд хамтдаа мөрөөдөөд суучихсан даа. Хэдийгээр уулзаагүй, танихгүй ч блогоор дамжуулаад олон сайхан найзуудтай болсон. Одоо ч хамгийн сайхан хүмүүс цахим ертөнцөд намайг хүрээлж байна. “Хишигт” тууж маань хүүхдийн баяраар хэвлэгдэн гарахад нь би удахгүй төрөх хүүхдийн маань өмнөөс гээд 2000 хүүхдэд баярын бэлэг болгон тарааж өгч байлаа. Дараа нь дахиад сургийг нь дуулсан ч авч амжаагүй хүмүүст зориулаад хэвлэсэн. Харин энэ удаагийнх гурав дахь хэвлэлт нь. Сайн явах санааных гэгчээр сайн сайхан хүмүүсээр хүрээлүүлж, тэдний бэлэглэсэн олон сайхан ерөөл дунд ажилладаг болоод ч тэр үү ажил үйлс бүтэмжтэй сайхан л байна.

-“Би бид хоёр” энэ удаад шинэ хавтастай эргэн иржээ?

-Хавтасных нь зургийг миний охин гар утсаараа дарсан юм. Охин маань ямар ч зурагчнаас дутахгүй өнцгийг зөв олж харж, гэрэл сүүдрийг урамтай тохируулдаг. Мэдрэмж сайн юм шиг байгаа юм. Дараа нь охин маань аавтайгаа ярилцаж байгаад номыг маань ийм сайхан хавтастай болгосон байна билээ. Энэ нь надад бас л гэнэтийн бэлэг болсон. Миний охин гурван настай байхдаа ээжийнхээ “Зүрхэнд үйлдвэрлэв” номын хавтасны зургийг зурж байсан юм. Ер нь би байгаагаараа л гоёх дуртай.

-Байгаагаараа гоёх гэснээс та гадаад үзэмжиндээ хэр анхаардаг вэ?

-Тэр талдаа жаахан хайнга байх шүү. Гэхдээ эмэгтэй хүн л юм болсон хойно энд тэндээсээ янз бүрийн юм дүүжилчихээд сууж байхад таатай л байдаг юм. /инээв/ Гэхдээ би ямар тайзан дээр алхдаг загвар өмсөгч биш, тайчигч хүүхэн биш заавал аль байдгаараа тогос шиг гоёчихоод хүн бүрийн өмнө эргэлдээд гүйгээд байх албагүй гэж боддог. Хүн ер нь нэг юмаа л сайн чаддаг байхад болно биз дээ? Тэр зүйлээ чаддаг болчих юмсан гээд л тархи толгойгоо зав чөлөөгүй ажиллуулж, өөрийгөө шахаж, шаардаж л байна.

-Амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ? Залуу насны алдаа, онооны талаар асуумаар байна. Яагаад гэвэл, нэгд би залуу хүн, хоёрт их олон залуучууд таны болон бусад зохиолчдын бүтээлээр дамжуулан амьдралыг таниж ухаарч ойлгож авдаг шүү дээ?

-Хүн л болсон хойно, алдаа оноо байна, аа. Бүгдийг нь давж туулаад чадах хэрээрээ алдсанаа цайруулаад зөв гишгээд явах юмсан гэж боддог. Би сургааль айлдахаар тийм ч хөгшин хүн биш. Нэгэнт асуусан учраас хариулья. Ер нь алдаагүй залуу нас ховор шүү дээ. Алдаагүй гэдэг нь өөрөө зориггүй, ямар нэгэн тэмцэл хийгээгүй л байна гэсэн үг. Гэхдээ алдсан л бол алдсан. Түүнийг засах боломж огт байхгүй. Харин давтахгүй байх боломж үргэлж нээлттэй байдаг. Би багаасаа нэг л зүйлийг их сайн ойлгож авсан. Тэр бол аливаа төвөгтэй асуудлаас гарах хамгийн хялбар шийдэл бол шударга байх. Мэдээж хүүхэд учраас элдэв асуудал гаргах үед ээж маань үргэлж үнэнээ хэл гэдэг байлаа. Үнэнээ хэлчихвэл надад дараагийнх нь буулт их зөөлөн тусдаг. Худлаа яриад, давс хачир нэмчихээр хожим нөгөө асуудал чинь хүндрээд эргээд түүндээ ороогдоно. Түүнийг маш сайн мэдэрсэн учраас би гэдэг хүн аливаа зүйлийг нуух хаахдаа хойрго. Болж бүтэхгүй юмыг шударга, шулуухан хэлчих нь өөрт ч амар байдаг юм.

-Зэмлэл, магтаалыг зэрэг даах хэрэгтэй гэдэг шүү дээ. Та зэмлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Сайн нь ч миний багш, муу нь ч миний багш гэж боддог болоод байгаа. Эд эсээ шатаагаад элдэв янзын юм бичээд түүнийгээ хүмүүсийн сэтгэл зүрхэнд ойр дотно хүргэх гээд зорьж, өдөр шөнөгүй нухаж суухын хажуугаар зарим нэгэн хүнд сайн, муу элдвээр хэлүүлэх үе бас байна. Юм оролдож, хүнд үзүүлж харуулах юмтай болоод ирсэн хүмүүс чинь л угаасаа санаанд багтамгүй гүтгэлэг, элдэв хардлагад их өртдөг цаг үе юм биш үү? Яаж ч хэллээ гэсэн өнөө Болороо байдаг янзаараа байж л байна. Мэдээж эхэндээ тэр бүхнийг их эмзэг хүлээж авдаг байсан. Одоо ч тоохоо байж дээ. 

-Таныг саяхан шинэ кино зохиол бичсэн гэж сонссон?    

-Нарийн хэлж болох эсэхийг би мэдэхгүй байна л даа. Ямар ч байсан нэг кино зохиол бичиж дуусгасан. Түүхэн сэдэвтэй. Уран бүтээлчид ярьж сууж байгаад Болор-Эрдэнээр бичүүлье гээд л надад хандсан. Өгүүлж буй сэдэв нь сонирхолтой, ажиллаж буй уран бүтээлчид нь сэтгэл нийлсэн хүмүүс учраас тул урамтайгаар бичиж дуусгасан. Энэ хавраас зургандаа орох байх. Одоогоор кино зохиолынхоо үндсэн хэсэг дээр ажиллаж байна.     

-Өөр ямар зохиол дээр сууж байна?

-Би нэг романыг таван жил нухаж байгаа юм. Өөртөө сэтгэл дүүрэн байж чадахгүй байгаа. Түүхий байна гэж үзээд ахин дахин барьж тавиад байгаа юм. Түүнийгээ энэ жил дуусгачих юмсан.    

-Ямар сэдвээр болоод таньтай удаан нөхөрлөж байгаа зохиол юм бол?

-Гол санаа нь хүн, байгалийн шүтэлцээ, харилцааны тухай юм. Хүний удмын санд хадгалагдаж байгаа тэр мэдээлэл болон мэдээллийн сан нь байгаль өөрөө юм байна. Энэ ойлголтыг  хүнд хүргэх юмсан гэдэг утгаараа бичиж сэтгэлгээний чиглэлийн роман. Өөрөө тэрэндээ их сонирхолтой. Зав чөлөө гарах болгонд л суудаг юм.

-2013 онд өөр ямар бэлэг уншигчиддаа дэлгэхээр зэхээд байна?

-Учиргүй бэлэг болгон өргөн барих нь юув. Хийчихмээр санагдаад, санаанд багтаад байгаа зүйл бишгүй л байна. Энэ онд амжвал дахиад богино өгүүллэгийнхээ шинэ түүврийг гаргачих юмсан. Нэлээдгүй өгүүллэг бичсэн. Нөгөө урт настай удаан жаргалтай романаа энэ жилдээ амжаад гаргах санаатай. Жүжиг ч бичмээр байна. Дууны хувьд тун удахгүй “Намайг хүлээсэн эх орон” нэртэй маш сайхан дуу гарна. Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж ах аяыг нь зохиож, дуучин Б.Баярцэцэг дуулахаар болсон. Энэ дууг их удаан хүлээж байна. Дууны шүлгийг гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулаад тэдний цээжний гүнд байдаг, эх орноо санасан сэтгэлийг илэрхийлчих юмсан гэж бодож анх бичсэн. Г.Пүрэвдорж хөгжмийн зохиолч маань үнэхээр сайхан аялгуу хийсэн. Тэр аяыг сонсоод л дуугаа улам ч их хүлээх болсон. Дуучин маань ч сайхан дуулах нь гарцаагүй. Хүмүүст хүргэхсэн гэж их л яарч байна даа.

-Яруу найрагч зохиолчид, урлагийн хүмүүсийг төсөөлөхдөө энгийнээс өөр гэж байнга хардаг. Таны хувьд тэд бусдаас юугаараа өөр юм бэ?

-Хүмүүс зохиолчдыг жаахан буруу ойлгоод байдаг юм. Нүд нь манангаар хучигдчихаад, үргэлжийн мөнхөд ноцтой хараад, хүндээр санаа алдаад л, хааяа нэг зуу татаж үсээ шидлээд, салхи сөрж энгэр задгай алхаад л явж байдаг улс гэж ойлгодог шиг байгаа юм. Үгүй шүү дээ, би чинь жирийн нэг эмэгтэй хүн. Тэнд ч хоолоо хийгээд, энд ч гэр орноо цэвэрлэн, угааж, арчаад  хүүхдээ анхаарна, нөхөртэйгөө ярилцана, энд мэдээ үзэнгээ, хүмүүстэй чатлаад, онлайн дотор хөгжилдөх гээд л зэрэг зэрэг олон зүйл хийж байх үед л зохиолын санаанууд явж байна шүү дээ. 

-Харин тийм ээ, анзаарсан. Таныг ёстой юм юм амжуулж, зав чөлөөгүй амьдардаг хэрнээ хүн бүрт зав гаргаад амжуулаад байдгийг гайхдаг юм.

-Ихийг их, багыг бага гэж ялгалгүй харилцаж сурсан маань өссөн орчинтой минь л холбоотой байх. Нэг тийм олуулаа бужигнаж, шуугилдаж, наана цаана болоод л суудаг айлууд байдаг даа? Тийм л орчинд өссөн дөө. Эмээ, өвөөгийн хүүхэд шүү дээ, би чинь. Найман хүүхэд төрүүлж өсгөсөн өвөө, эмээ хоёрын минь хэлж ярьж, сануулж байсан тухайн үедээ анзаараагүй үгс одоо л тархинд орж байна. Ээ, мөн ч хайнга, мөн ч тэнэг байж дээ. Ядаж л үүх түүхээс нь бага ч атугай яриулаад авах минь яалаа гэж халаглах үе их л байх юм. Гэвч тэгж нэгэнт амжаагүйгээс хойш одоо өөрөө л эрж бидрэхээс өөр аргагүй. Хайж эрж л байна. Учир дутагдалтай ч гэсэн маш сонирхолтой амьдрал, дэндүү адармаатай хувь тавилангийн бүдэгхэн жимээр ороод алхчихаад байгаа. Тэр бүхэн мөн л алсдаа зохиол болж цааснаа буух биз.

-Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулахгүй юү? Бас их сайхан шүлгүүдтэй, хүмүүс номыг нь эрж сураад л байх юм билээ?

-Миний нөхөр Б.Эрдэнэсолонго сэтгүүлч, яруу найрагч хүн. Уншигчид бол андахгүй дээ. Намайг уншиж байсан хүмүүс түүний шүлгүүдийг уншаад аяндаа л амтанд нь орчихдог. Хэдий би яруу найрагч биш ч гэлээ бас чадах хэрээрээ дэмжиж, бүтээлүүдийг нь хүмүүст хүргэчих юмсан гэж хичээдэг юм. Хүмүүс ч намайг ойлгож, дэмжихдээ баяртай байдаг шиг санагддаг. Сайхан зүйлийг ганцаараа хүртчихээд суугаад байх чинь амтгүй шүү дээ. Тэр утгаараа Эрдэнэсолонгын бүтээлүүдийг хүмүүстэй хуваалцахдаа би ч баяртай байдаг. Удахгүй шинэ шүлгийн түүврээ гаргахаар зав чөлөөгүй сууж байгаа. Олон хүн хүлээж ядаж байгаа байх.

-Таньтай ярилцах их сайхан байлаа. Аз жаргалтайгаар таньтай хүүрнэж байгаагаа зориуд хэлмээр байна. Цаг гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа. Танд болон танай гэр бүлд уран бүтээлийн амжилт хүсэн ерөөе.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж