Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-ийг Цэргийн госпитальтай нэгтгэх Хууль зүйн сайдын шийдвэр гарсаны дараа тус эмнэлгийн эмч ажилчид нь эсэргүүцлээ илэрхийлж, тэр нь эрх баригч нам, сөрөг хүчний хоорондох улс төрийн сөргөлдөөний хэмжээнд хүрч байсан үе саяхан. Харин саяхнаас эмнэлгийн эмч, ажилтнууд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрч, хоёр эмнэлгийг нэгтгэх асуудал шуударч эхэлсэн байна. Энэ талаар тус эмнэлгийн Гэмтэл, мэс заслын тасгийн эрхлэгч, хүний гавьяат эмч, шинжлэх ухааны доктор, профессор К.Анаргүлтэй ярилцлаа.
-Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын зориулалтыг нь өөрчлөх Хууль зүйн сайдын шийдвэрийг танай эмнэлгийнхэн эсэргүүцэж байсан. Харин одоо тэр бодлоосоо татгалзах болсон шалтгаан юу юм бол?
-Манай эмнэлэг 80 жилийн түүхтэй. Өнгөрсөн хугацааны түүхийг сөхөж үзэхэд эмнэлэг маань зургаан удаа татан буугдаж, дахин сэргээгдэж байсан юм билээ. Эмнэлгийнхээ 80 жилийн ойд зориулсан номын эхийг бэлтгэх явцдаа энэ бүхнийг мэдэж авсан. Би өөрөө тангараг өргөсөн эмч төдийгүй судлаач, эрдэмтэн хүн. Монгол Улс хөгжлийн түүхэндээ энэ эмнэлгийг хэрэгтэй шаардлагатай үед нь нээж, тайван байдлын үед хааж байжээ. Улс орны байдал ээдрээтэй үед дахин нээх шийдвэрийг гаргаж байсныг түүхийн баримтаас харж болно. Энэ удаагийн шийдвэрийн хувьд ч татан буулгах гэсэндээ бус цэргийн цогцолбор эмнэлэг байгуулах үүднээс гаргасан гэдгийг ойлгож байна. Надад дэлхийн олон оронд очиж ажиллах завшаан тохиолдож байлаа. ОХУ, Франц, Герман зэрэг оронд цэргийн эмнэлгийг жинхэнэ утгаар нь ажиллуулдаг юм билээ. Тийм л эмнэлэгтэй болно гэсэн итгэл төрөөд байна. Засгийн газрын тогтоол гарч, хэлэлцүүлэг өрнүүлэн Хууль зүйн сайд тайлбар хийхийг анхааралтай ажигласан. Эмч, ажилчдын хувьд анхнаасаа мэдээлэл дутмаг, буруу ташаа ойлголтой байснаас, түүн дээр нь улс төрийн зарим хүчин, хувь улстөрчид тоглоод явчихсан учраас үл ойлголцох байдал үүсч байсан.
-Ийм бодол зөвхөн танд төрөөд байна уу, эсвэл танайхан цөмөөрөө ингэж шийдсэн үү?
-Манай эмнэлэг чинь нийт 240 гаруй эмч, ажилтантай. Эдгээрийн 25 хувь нь цэргийн цолтой хүмүүс байдаг. Энэ олон хүн бүгд нэг ижил санаа бодолтой байх албагүй. Олон ургальч бодол байлгүй яахав. Гэхдээ миний “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагыг сонссон олон эмч нар талархалтай хүлээн авснаа илэрхийлсэн. Зарим нэг хүн буруушаах л биз. Бүгдээрээ нэг санаатай байх бус олонхио дагадаг нь ардчиллын зарчим биз дээ. Эмнэлгээ гэсэн сэтгэл гаргаж байгаа, мэргэжилдээ хайртай хүмүүсийн хэнийг нь ч буруутгахыг би хүсэхгүй байна.
-Танай эмнэлгийн эмч, ажилтнууд жагсаал цуглаан хийж, суулт зарлахдаа тулсан. Цэргийн албан хаагч нар жагсаал хийж болдог юм уу. Ер нь тушаалаар ажилладаг гэдэг утгаараа дарга удирдлагуудын зүгээс дарамт шахалт байдаг уу?
-Эмнэлгийн дарга удирдлагын дарамт шахалт гэж байхгүй л дээ. Бид тушаал биелүүлэх үүрэгтэй цэргийн албан хаагчид. Тиймээс дээд газрын шийдвэрийг авч хэлэлцэх, жагсаал хийх зэрэг зарим эрх хязгаарлагдмал байдаг. Гэхдээ саналаа бол хэлж болно. Эмнэлэг дээр болсон цуглааныг манай эмнэлгийн энгийн ажилтнууд болон үйлдвэрчний эвлэлээс зохион байгуулсан л даа.
-Тэгэхээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг Цэргийн госпитальтай нэгдэхэд татгалзах зүйлгүй гэж ойлгож болох нь ээ?
-Нэгдэнэ, татан буулгана гэдэг хэллэгийн аль аль нь буруу гэж би хувьдаа ойлгож байгаа. Энэ хоёр эмнэлгийг хоёулангийнх нь хүчин чадлыг сайжруулан Цэргийн цогцолбор эмнэлэг байгуулна гэдгийг харин ч татгалзах бус дэмжиж байна. Дэвшилтэт сайн зүйлийг дэмжихэд юу нь буруу гэж. Энэ бол хөгжил. Бусад хөгжингүй орны нэг адил цэргийн чадварлаг эмнэлэгтэй болох цаг ирсэн. Завхан аймгийн хилийн заагт болсон хэрэг явдлын үеэр л гэхэд ОХУ нисдэг тэргээ цэргийн статусаар нь явуулж тусламж үзүүлж чадсан. Бүр цэргийн хээрийн эмнэлгийг богино хугацаанд дэлгэх чадамж тус улсад бий. Гэтэл өнөөдөр хилчдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй манай эмнэлэгт тийм боломж алга. Наад зах нь л цэргийн эмнэлгүүд нь нисдэг тэрэг буух талбайтай байдаг.
-Барилгын тухайд сүүлийн 20 жил эмнэлгийн зориулалттай барилга баригдаагүй гээд байгаа шүү дээ?
-Тийм тал бий. Гэхдээ эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг гэдэг үг байдаг даа. Төр санхүүжилтээ хийсэн. Тэнд юугаа оруулах вэ, юу хэрэгтэй байна вэ гэдгийг ч төр л шийднэ биз дээ. Бидний хувьд барилга байшин булаалдах шаардлагагүй. Гагцхүү орчин үеийн шаардлагад нийцсэн, бусдын жишигтэй цэргийн эмнэлэгтэй болох нь чухал гэж би хувьдаа бодож байна. Би мэс заслын, тэр дундаа галт зэвсгийн гэмтлээр мэргэшсэн мэс засалч. Манай улсад галт зэвсгийн хэрэглээ улам бүр өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед хүмүүс мэдлэг дулимаг, анхны тусламж үйлчилгээг үзүүлж амжаагүйгээс хүмүүс амиа алдаж байгаад харамсч явдаг. Эгзэгтэй цаг мөч тохиолдлоо гэхэд дэлгэх цэргийн эмнэлэг маань ч ядмаг байна. Үүнийг нэн түрүүн шинэчлээсэй.
-Галт зэвсгийн хэрэглээ нэмэгдсэн гэлээ. Тэгвэл энэ талын осол гэмтэл ч мөн өссөн үү?
-Галт зэвсгийн хэрэглээ, осол гэмтэл хоёр шууд хамааралтай нэмэгдсэн гэж ойлгож болохгүй. Гэхдээ осол гэмтэл мэр сэр гарсаар байна. Сүүлийн 10 жилд галт зэвсгийн улмаас гэмтсэн хүмүүсийн 75-80 хувь нь амь насаа алдсан бол үлдсэн хүмүүс нь насаараа хөгжлийн бэрхшээлтэй болон хоцорч байгаа. Галт зэвсгийн гэмтлийн үед үзүүлэх анхны тусламжийн талаарх мэдлэггүйгээс болж харсаар байгаад нэгийгээ алдах тохиолдол ч байна. Тиймээс би 2011 оноос хойш галт зэвсгийн улмаас учирсан осол гэмтлийн үед үзүүлэх тусламжийн талаар гурван боть ном бичиж хэвлүүллээ.
-Монголд эмэгтэй хурандаа олонгүй. Тэр дундаа эгч дүүсээрээ хурандаа болсон бүсгүйчүүд ховор. Дүүтэйгээ хоёулаа цэргийн хүн болоход юү нөлөөлсөн бэ?
-Би санаандгүй тохиолдлоор цэргийн эмч болсон. АУДС-аа дүүргээд би Булган аймагт хоёр жил ажилласан. Тэгээд нэгдүгээр эмнэлэгт ажиллахаар саналаа өгтөл Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч хэрэгтэй байна гээд намайг томилсон. Эхэндээ дуртай байгаагүй. Харин одоо бол цэргийн эмч болсондоо баяртай байдаг. Дүүгийн хувьд бол хуульч хүн шүү дээ. Мэргэжлийнхээ дагуу цагдаад ажиллах болсон. Улаанбаатарт хэсэг ажиллаад одоо Баян-Өлгий аймгийн Цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Эгч дүүсээрээ хурандаа цол хүртсэн маань ээж, аавын маань л буян гэж боддог.