Төрийн томчууд маань гэр бүлийнхэн, эхнэр хүүхдээ оролцуулсан айхтар арга хэмжээ зохион байгуулж. Сайн хувцас, сайхан хүүхнээрээ гайхуулах боломжийг ийн ашигласан бөгөөд энэ тухай зураг хөрөгтэй сайхан мэдээ гарсан боловч үр дүн нь хүссэнээр нь болсонгүй. Энэ тухай мэдээллийнх нь доор бичсэн сэтгэгдлүүд төрийн түшээдийн маань өөрсдөө ч мартсан түүхүүдийг нь сануулж, урьдын амрагийн явдлаас эхлээд, ажлын бантан, авгай хүүхдийнх нь нүүр улаймаар зүйлсийг уудалж. Хөгшин нь ичиж, залуу нь уйлж. Олон худал зүйл байсан ч олон үнэн нууц байсан тул худал зүйлс ч үнэн мэт харагдаж. Ингээд бүрэн эрхт гишүүд маань “энэ сэтгэгдэл, сайт хариуцсан албан тушаалтныг дууд” гэж сандралджээ. Эрхэм гишүүдэд ийм “замбараагүй орон зай” байдгийг мэдрүүлсэн тул тэд ч тэмцэлдээ ханцуй шамлан орж. Үнэхээр энэ орон зайд нь доромжлол, хараал, хууль бус худалдаа тэр ч бүү хэл төрсөн биеэ худалдан S /санхүүгийн тусламж гэх үгний товчлол/ авах боломжийг ч бүрдүүлсэн байх аж. Утга учиргүй доромжлол, уурлаж бухимдсан нэгний хараал ерөөл дунд хууль бус үйлдлийг илчилсэн үнэт мэдээлэл ч байж.
Энэ бүхнийг төр хянахыг хүссэн тул сэтгэгдэл бичиж үзэл бодлоо илэрхийлэх иргэдийг иргэний үнэмлэх, утасны дугаараар нь бүртгэлд оруулан, үүрэн телефоны оператор компаниудаар баталгаажуулан тусгай код өгснөөр сэтгэгдэл бичих эрх олгохоор төлөвлөн үүнийгээ Засгийн газрын журмаар баталгаажуулав. /Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 5-ний өдрийн хуралдааны шийдвэр/
Гэвч энэ механик аргыг хэрэгжихээс урьтаж иргэд эргэлзэж эхлэв. Хэний ч регистрийн дугаарыг хэн ч мэдэж болох, хэн байх нь үл хамааран асуудалгүйгээр авч болох утасны дугаарын бүртгэл үр дүнгээ үзүүлнэ гэдэг ойлгомжгүй санагдав. Өөрийнх нь мэдээллийг ашигласнаас болж гэмгүй буруутан болох вий гэж айв.
Өнөөдөр төрд үнэнч шударга, ашиг сонирхолгүй, ёс зүйтэй нэгэн ажиллаж байгааг хэн ч үгүйсгэж чадахгүй. Яг үүн шиг маргааш, магадгүй нөгөөдөр төрийн эрх мэдэл ашиг сонирхолтой, увайгүй нэгэнд очихгүй гэж баталгаа ч үгүй. Энэ болгоомжлолыг батлах мэт тохиолдлууд өнгөрөгч онд хэдэнтээ гарчээ. Олны анхааралд хүрснээс нь сануулбал, 2012 оны зургадугаар сар. Индонезийн шүүх фэйсбүүк сайтад шашныг эсэргүүцсэн утгатай сэтгэгдэл бичсэнийх нь төлөө нэгэн иргэнийг 30 сар хорих ял оноожээ. 30 настай шашингүй үзэлтэн Александр Ан гэгч фэйсбүүк сайтын шашны группт исламын шашныг үгүйсгэсэн сэтгэгдэл бичжээ. Тэрбээр зөнч Мухаммедын зургийн доор “Хэрэв бурхан үнэхээр оршин байдаг юм бол хүмүүс яагаад ингэж их зовдог юм бэ?” гэх зэргээр бичин хэлэлцүүлэг өрнүүлжээ. Исламын шашинтай хүмүүс түүний үгэнд ихэд дургүйцэн цагдаад хандсан байна. Харин шүүх хурлаас түүнийг “шашныг гутаан доромжилсон” гэж үзэн 30 сар хорьж, 10,600 доллараар торгох шийдвэр гаргажээ. “Эмнести интернэйшнл” байгууллагынхан Александр Аныг хорих нь буруу гэж үзэж буйгаа мэдэгдсэн ч Индонезийн шүүх шийдвэрээ өөрчлөөгүй байна. 2012 оны арваннэгдүгээр сар. Шахеен Дада хэмээх энэтхэг бүсгүй өнгөрсөн даваа гаригт Facebook-т үлдээсэн комментоосоо болж баривчлагджээ. Тэрээр нөлөө бүхий улстөрчийн үхлээс болж Мумбай хотыг хаасныг эсэргүүцэж, Facebook-т коммент бичсэн аж. Энэтхэгийн Шив Сена намыг үндэслэгч, Хинду үндэстний улстөрч Бал Такерэйн гэнэтийн үхлээс болж Мумбай хотын албан газар, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зогсоох болсноос үүдэн тэрээр Facebook хуудсандаа “Өдөр болгон Такерэй шиг хүмүүс төрж, үхэж байдаг. Гэвч үүний төлөө хотыг хаах ямар хэрэгтэй юм бэ?” гэж бичжээ. Түүний сэтгэгдэлд “like” дарсан найз нь ч бас баривчлагджээ. Инээдтэй мэт боловч бодит жишээ. Хол мэт боловч ойр жишээ.
Арай ч Монголын ямар нэг иргэн энэ мэт сэтгэгдлээс болж буруутгагдахгүй нь ойлгомжтой л байх. Гэвч үзэл бодлоо илэрхийлэн, үйл баримтын талаар мэдээлэл өгөх сэтгэгдэл бичигчийн тухай мэдээлэл өнөөх “доромжлуулагч”, хэн нэг эрхтэн дархтаны “хар данс”, хариуцлага тооцож шангийг нь хүртээх хэрэгсэл болчихгүй гэх баталгаа алга.
Уг нь амныхаа зоргоор бурсан доромжлолуудыг үнэ цэнэгүй хэмээн ялгаж салгачих ухаан уншигчдад бий. Гэвч зарим нь үүнийг ялгахгүй гэх болгоомжлолоос зохицуулахыг ч буруутгахгүй. Гэвч тэр зохицуулалтыг төр өөрөө хянах гэж биш, сайтад өөрт нь хянах боломжийг нь олгох учиртай. Угаас Эрүүгийн хуулийн 110 болон 111 дүгээр зүйлүүдэд доромжлох, гүтгэх гэмт хэргийг зааж өгсөн бөгөөд Иргэний хуулийн дагуу бусдаас нэр төр, алдар хүндэдээ хохирол учруулсан гэж үзвэл хохирлоо нэхэмжилж нөхөн төлүүлэх ч эрх зүйн зохицуулалт бий. Засгийн газрын журмаар зохицуулсан, зохицуулаагүй эрх зөрчигдсөн тохиолдолд хуулийн байгууллагад гомдол гаргах эрх байсаар байтал, энэ боломжийг ашиглаж хэрэгжүүлсэн тохиолдол бараг үгүй байхад юунд юм бүрийн өмнүүр орж, зохицуулна, хянана хэмээнэ вэ. Энэ талаар нэгэн хуульч “Aливаа гэмт хэргийг зөвхөн иргэдийн гомдол, мэдээллийн дагуу бүртгэн авч гэмт хэрэг мөн эсэхийг тогтоож, шалгаж шийдвэрлэдэг. Гэтэл төр өөрөө энэ процесыг алгасаад автоматаар ажиллаад эхлэж болохгүй” гэж шүүмжилж.
Яах вэ, хууль бус, хэрээс хэтэрсэн замбараагүй сэтгэгдлүүдийг цэгцлэхийг хэн ч эсэргүүцэхгүй. Гэвч тэр “хяналтын систем” нь яав ч төрийн гар хөл орох хэрэггүй.
Чучкад юу гэж хэлэх ёстой билээ…