
Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид дунд маргаан дэгдэж, дүүргийн ИТХ-ыг эмхлэн зохион байгуулах, цаашлаад дүүргийн Засаг даргыг томилоход бэрхшээл үүсээд байсан билээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга үүссэн нөхцөл байдлыг хуулийн дагуу шуурхай шийдвэрлэж, дүүргийн удирдлагын үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагаар ахлуулан байгуулсан. Тус ажлын хэсэг Багануур дүүрэгт ажиллаж, маргалдагч талуудад зөвшилцлийн замаар хамтран ажиллах санал тавьжээ. Энэхүү саналыг талууд дэмжиж, улс төрийн гацаатай нөхцөл байдлыг арилгахын тулд дүүргийн ИТХ-ын даргад МАН-аас, харин Засаг даргад Арчилсан намаас нэр дэвшүүлэхээр ойлголцжээ. Ингээд Багануур дүүргийн Засаг даргаар Нийслэлийн Засаг даргын батламжилсан Ц.Гончигжавыг томилон, тамга тэмдгээ солилцон ажлаа хүлээлцжээ.
Д.ЖАРГАЛ