Төв банк орон сууцны үнэ тогтоворжуулахад хэрхэн туслалцаа үзүүлэх талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалаас тодрууллаа.
-Монголбанкнаас үүний өмнө гурван чиглэлд /Шатахууны үнэ, нийлүүлэлт, өргөн хэрэглээний импортын барааны өртгийг бууруулах, хүнсний гол нэрийн барааны үнэ, нийлүүлэлтийг тогтворжуулах зэрэг/ дэд хөтөлбөр хэрэгжүүлж, хөнгөлөлттэй зээл олгосон. Одоо барилгын салбарыг яаж дэмжих талаар тодруулъя?
-Өмнө нь бид яамдуудтай хамтраад хөнгөлөлттэй зээл олгож, компаниудын эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх байдлаар дэмжиж байсан бол барилгын салбар дээр арай өөрөөр ажиллана. Барилгын салбар бол онцлогтой салбар. Хүн амын хэрэгцээ, боломжид хамгийн их нөлөөлдөг салбар шүү дээ. Тиймээс орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх, түрээсийн үнийг тогтвортой байлгахыг зорьж, дэмжихээр төлөвлөсөн байгаа. Тодруулбал, Төв банкнаас санхүүжилтийг дангаараа гаргахдаа биш, салбар салбартай нь хамтран ажиллаж, бодлого, чиглэлээ нэг болгох ёстой. Хаана ямар хөрөнгө оруулалт хэрэгтэйг, хэрхэн зарцуулж байгааг, барилгын материалыг хүссэн хэмжээгээр, хямд татахад зөв гарц аль болохыг нээлттэй ил мэдээлж байх ёстой. Үүнд тал бүрийн оролцоо чухал учир Барилга, хот байгуулалтын яамтай хамтрахаар боллоо.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан:
-Төв банктай хамтран хэрэгжүүлэх зорилгоо хэрхэн биелүүлэх талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Энэ том зах зээлийг шууд ингэнэ, тэгнэ гэж хэлэхэд тохиромжгүй ч хөтөлбөрийн санхүүжилт болох 370 тэрбум төгрөгөөс орон сууцны үнэ, нийлүүлэлтийг тогтворжуулах асуудлыг шийднэ. Эндээсээ барилгын салбарт ажиллаж байгаа компаниудыг адил тэгш оролцоотойгоор бараа материал татахад нь зориулж хөнгөлөлттэй зээл олгоно. Барилгын улирал эхэлж, бараа материалын үнэ нэмэгдэхээс өмнө компаниудад эргэлтийн хөрөнгийг нь шийдэж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Өнөөдөр бол эхлэл тавигдаж байна. Барилгын салбар маань зөвхөн хөнгөлөлттэй зээлээр шийдэгдчих зах зээл биш учир эргэлтийн хөрөнгө бий болгохоос гадна байгаль орчинд ээлтэй барилгын салбарын технологийг дэмжих, Моргейжийн зээлийг хэрэгжүүлэх талаас нь анхаарна. Мөн барилгын салбарын идэвхи улирлаар хязгаарлагддаг байдлыг халж, хөгжүүлж чадах мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн.