Хүн бүрийн жигшил, зэвүүцлийг төрүүлсэн энэ хэргийг шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 05-нд Баянгол дүүргийн шүүхэд болж, түүний аминд хүрсэн, “Хишигтэн нүүдэлчин” компанийн захирал Ш.Алтанхуягт Эрүүгийн хуулийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь гурван жилээр хасч, 3.6 жилийг чанга дэглэмтэй ангид биечлэн эдлүүлэх хорих ял оноосон юм. Харин түүнийг хаана ял эдэлж байгаа талаар мэдээлэл авах гэсэн ч ШШГЕГ болон Баянгол дүүргийн Шүүх гэхчлэн холбогдох байгууллагууд хариулт өгсөнгүй. Тэр байтугай зайлшгүй мэдэж байх ёстой албаны эх сурвалжууд “Хаана хоригдож байгааг нь мэдэхгүй” гэсэн хариулт өгч байна.
Ш.Алтанхуяг гэгч өмнө нь төрсөн эгчийнхээ охиныг хөнөөж, 13 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан нь энэ хэргийг мэдээлэх үеэр олонд ил болсон байдаг. Хүүхдийн амь хөнөөж, хүн амины давтан хэрэг хийсэн энэ хүнд оноосон ялыг хөнгөдсөн гэж үзэх хүмүүс олон бий. Зарим эх сурвалж тухайн үед энэ талаар “Хэрэгтэн өөрөө талийгаач хүүгийн ар гэрт 56 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсэн нь шүүхийн шийдвэрт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх” гэсэн тайлбарыг ч өгч байсан юм.
Нэмж сануулахад, хэрэг гарах үед Ш.Алтанхуягтай хамт машинд сууж явсан эмэгтэй /Осол гарсны дараа тэр эмэгтэй машинаас бууж ирэн, дайруулсан хүүг өшиглөж байгаа дүрс бичлэг олонд ил болсон билээ. Сурв/ ямар хариуцлага хүлээсэн талаар уншигчид нилээд сонирхдог. Энэ талаар тодруулахад, “Хамт явсан эмэгтэй зохисгүй авир, үйлдэл гаргасан ч ямар нэгэн арга хэмжээ авах хуулийн заалт манайд байхгүй” гэсэн тайлбарыг албаны эх сурвалжууд өгч байгаа билээ.