Одоо Нарийн сухайт тийш нэг цаг гаруйхан нисдэг болсон болохоор өмнө нь энэ замаар өдөржин шөнөжин тоос татуулан давхилддаг байсан тээвэрчид, уурхай ажилчдын цуваа нэлээд багасчээ.Өвөрхангай хүртэлх 450 гаруй км газарт засмал замаар яваад түүнээс цааш дэржигнүүр шороон замд сэгсчүүлсээр өглөөнийн 06.00 цагт зорьсон газар Нарийн сухайтын уурхайд хүрлээ. Улаанбаатар хотын утаа, замын түгжрэл, тачигнасан хүйтний аль нь ч энд алга. Борголтон харагдах зэргэлээт тал, зөөлөн сэвэлзүүр салхитай говь нутаг улирал бүр өөр өнгө төрхтэй байх нь сонин. Аймгийн төвөөсөө 300 гаруй км алслагдсан Гурвантэс суманд нүүрс олборлолтын чиглэлээр “Монголын Алт” МАК ХХК, “Чинхуа МАК-Нарийн сухайт” хамтарсан компани, “Өмнийн говийн элс” компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Сурвалжлагын баг Монголын үндэсний хөрөнгө оруулалттай“МАК” компанийн эзэмшдэг Нарийн сухайтын уурхайд ажиллах болов. Энэ уурхайг УИХ-аас стратегийн ач холбогдол бүхий ордоор тогтоож, анх 2003 оноос Монгол-БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалтаар "Чинхуа-МАК-Нарийн сухайт" ХХК байгуулагдаж байсан бол 2007 оноос үндэсний 100 хувийн хөрөнгө оруулалттай “МАК” компани ажиллах болсон аж.
Бидний эхлээд очсон газар Нарийн сухайтын уурхайн ажилчдын хотхон. Нүдэнд торох нэг ч хоггүй, маш цэвэрхэн. Хотхонд гадаад дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээж авах зориулалттай Канад хийцийн модон байшин, уурхайн инженер техникийн ажилчдын байр, эмнэлэг, спортын заал, хоолны газар зэрэг байрлах аж. Тэндээс нүүрс олборлолт явуулж буй “халуун цэг”-т очлоо. Энд тэндгүй хүнд даацын машины дуу нүргэлж, уурхайн ажилчид хариуцсан ажлаа дор бүрнээ хичээн хийх нь уурхайн ажил ид буцалж буйг илтгэнэ. Дөрвөн тонн-ын аварга “шанага”-гаар хөрс хуулж, том дугуйтай Белаз машинд овоолон ачна.
Ойролцоогоор 8-20 метр хөрсийг хуулсны дараа нүүрсээ олборлодог юм байна.
Өнөөдрийн байдлаар энэ орд 100 метрийн гүнд 228 сая тонн нүүрсний нөөцтэй болох нь батлагдаад буй. Өнгөрөгч онд “МАК” компани өөрийн тусгай зөвшөөрлөөр эзэмшиж буй талбайд хайгуулын ажлаа хийж дуусгажээ. Тиймээс 2013 онд 300 метрийн гүн дэх нөөцөө тодорхойлж тайлангаа хамгаалах гэнэ.
Уурхайд 430 гаруй хүн ажилладаг. Үүнийг уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй зарим төрийн өмчит компанитай харьцуулахад харьцангуй бага хүчээр ажиллаж байгаа гэж хэлж болохоор. Сүүлийн гурван жилээс л Монголын компаниуд таван сая тонноос дээш хэмжээтэй нүүрс экспортолж эхэлжээ. “МАК” компани анх жилд таван сая 500 тонн нүүрс экспортолсон бол энэ нь тэртээх 1988 ондБагануурын нүүрсний уурхайн олборлож байсантай тэнцэхүйц хэмжээний нүүрс юм байна. Энэ бол үндэсний хөрөнгө оруулалттай, төрөөс хамааралгүй компани бага хүчээр их ажил хийж чаддагийг, Монголын инженер техникийн ажилчдын мэдлэг, чадвар өндөр төвшинд хүрснийг батлах хэмжүүр мөн гэж тус уурхайнхан бахархан ярьж байлаа. Төрийн өмчид Багануурын нүүрсний уурхайд 1000 гаруй хүн ажиллаж, жилдээ 3-4 сая тонн нүүрс олборлож байгаатай харьцуулахад үнэхээр л бага хүчээр их ажил хийж болдгийн жишээг харуулах мэт. Нарийн сухайтын нүүрсний уурхайн бас нэг онцлог нь нүүрс олборлох нөхцөл нь хүнд. Бидний сайн мэдэх Тавантолгой, Шивээ-Овоо, Багануур зэрэг нүүрсний уурхай 5-7 градусын уналттай учир хэдхэн метр хөрс хуулаад л нүүрсэндээ хүрдэг. Харин Нарийн сухайтын уурхайн нүүрсний судал нь 40-48 градусын налуу уналттай. Ийм тогтоцтой нүүрсийг олборлохын тулд их хэмжээний хөрс хуулах шаардлагатай уул геологийн хүнд нөхцөлд хамаардаг юм байна.
“Өрсөлдөөн уул уурхайн үйлдвэрлэлийг авч явна” гэж “МАК” компанийн дэд ерөнхийлөгч Г.Цогт ярьж байна. Үнэхээр ч Нарийн сухайтын уурхайд олборлолт явуулж буй “МАК” компани барууны жишиг, стандартад нийцсэн уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар зорьж байгаа. Үүний тулд уурхайн ажилчдын ажиллаж амьдрах нөхцлийг хангасан ажилчдын байр, хувцас хангамж, техник хэрэгсэл, хоол хүнснээс эхлээд байгаль орчны нөхөн сэргээлт, орон нутаг, улс орны хөгжлийн асуудал нь цогцоороо барууны жишигт нийцсэн уурхайн шалгуурыг хангах ёстой, үүнийгээ ч биелүүлэн ажиллаж байгаа гэсэн юм.
Уул уурхайг сүүдэр мэт дагадаг зүйл нь байгаль орчны тэнцвэртэй байдлыг ханган, нөхөн сэргээлт хийх асуудал. Уурхай онцлогоосоо хамаараад зарим нь олборлох явцдаа зарим нь төгсгөлийн шатанд нөхөн сэргээлт хийх онцлогтой.Нэг жишээ дурдая. “МАК” компанийн олборлолт явуулсан Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь “Элдэв”-ийн нүүрсний уурхайг ашиглаж дууссан. Нэг хэсэг уул уурхайд алтыг нь аваад авдрыг нь хаядаг жишиг гарч байсан ч “МАК” компани энэ түүхийг давтсангүй. “Элдэв”-ийн уурхай байсан газарт нөхөн сэргээлтийг үе шаттай хийж, одоогийн байдлаар 30 гаруй мянган мод тарьж, зүлэг, хиймэл нуур бий болгожээ. Европын сэргээн босголтын банкны шинжээчдийн баг Монгол Улсад ирэхдээ дээрх нөхөн сэргээлттэй танилцаад сэтгэл хангалуун буцаж байсныг компанийнхан бахархан ярьж байв.
Зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазарын “Говийн ганц айл”-ын бодит эзэн энэ нутагт амьдарч байсан гэдэг. Газар нутгийн хэмжээгээр Сэлэнгэ аймагтай дүйцэх Гурвантэс сум таван жилийн өмнө, уул уурхайн салбар эрчимжээгүй байхад 3000 хүрэхгүй хүн амтай, үйлдвэрлэл, эрчим хүч, дэд бүтцийн хувьд дэндүү буурай байсныг хэн бүхэн хүлээн зөвшөөрөх биз. Уул уурхай дагаж өдгөө энэ сум түр болон байнгын оршин суух 8000 гаруй хүн амтай томоохон суурин болж, ард иргэдийн амьжиргааны төвшин ч эрс дээшилжээ. Уул уурхай энэ бүс нутагт хөгжсөнөөр олон жил цагийн хуваариар цахилгаанаа авдаг байсан Гурван тэс сум эрчим хүчээр хангагдаж, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхцөл бүрдсэн байна. 90 жилийн түүхтэй Овоотын отряд 1933 онд Монгол Улсад хилийн цэрэг бий болоход байгуулагдаж байсан ч 2006 он хүртэлх 85 жил эрчим хүчгүй явж ирсэн гэхээр энэ орон нутгийн хөгжил ямархуу төвшинд байсныг харж болно.
Уул уурхайг дагасан бүтээн байгуулалтын дүнд энэ аймгийн Ноён, Сэврээ сумд мөн эрчим хүчээр холбогджээ. Улиралдаа нэг л удаа нээгддэг байсан Шивээ хүрэн боомт байнгын үйл ажиллагаатай болж, орон нутгийн иргэд хэрэгцээгээ хангах, худалдаа үйлчилгээ эрхлэхийн тулд 300-1000 км туулах шаардлагагүй 100 гаруй км явахад л хангалттай болсон байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын талаар ярих болсон нь сайшаалтай. Гэвч нийгмийн хариуцлага гэдгийг хэрхэн ойлгож, хэрэгжүүлж байна вэ гэдэг чухал. “МАК” компанийн хувьд сумын төвд дунд сургууль, дотуур байр, спортын ордон шинээр байгуулж, жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр зээл олгох зэрэг хийсэн ажлууд олон. Хэдийгээр орон нутагт нь уул уурхай хөгжиж, түүнийг дагасан мөнгө эргэлдэж байгаа ч орон нутгийн иргэд боломж бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй, шүүмжлэх, эсэргүүцэх хандлага байдгийг ч бас нуусангүй.
Хятадын зах зээлд Монгол Улс нийтдээ 20-иод сая тонн нүүрс жилдээ нийлүүлж байна. Мэдээж энэ бага тоо биш. Гэтэл Хятад улсын жилийн нүүрсний хэрэгцээ жилдээ дөрвөн тэрбум тонн. Дөрвөн тэрбум тонн нүүрсний хэрэгцээний хажууд манай улсын нийлүүлж буй 20 сая тонн нүүрс өчүүхэн бага хувийг эзэлнэ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсаас нүүрс импортолж авахгүй байлаа гээд Хятадын эдийн засагт төдийлөн нөлөөлөхгүй. Гэхдээ бид тэрхүү томоохон зах зээл рүү нэвтэрч байгаа нь чамлах зүйл биш гэж хэлж болохоор. Уул уурхайг олон нийт шүүмжилж, тэд хариуцлагагүй байгааг байнга хэлдэг. Гэхдээ түүнийг зөв цагт, зүй зохистой ашиглаж эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв шийдэл болохыг энэ салбарынхан бага багаар харуулж байна.
“МАК” компанийн ажилчдын байрнаас холгүй байх Шивээ хүрэн боомт хүртэл хатуу хучилттай замтай. Харин нүүрсээ боомтоор гаргасан машинууд буцахдаа шороон замаар явдаг. Уг нь “Чинхуа-МАК” хамтарсан компани хүнд даацын нүүрс тээвэрлэж буй машин зорчих 100 тоннын даац бүхий авто зам барихаар барих гэсэн ч мэргэжлийн хяналтаас зураг төслий дагуу хийх ёстой гэж ажлыг зогсоосон учраас тухайн үед манай улсад мөрдөгдөж байсан хамгийн дээд стандарт буюу 60 тоннын даацтай замыг 100 хувь өөрсдийн хөрөнгөөр барьсан байна. Харин одоо шинээр барихаар төлөвлөж байгаа 100 тоннын даацтай замыг “Өмнийн говийн элс” компани барихаар төлөвлөөд байгаа бөгөөд эхлээд өөрсдийнхөө хөрөнгөөр барьчихаад дууссаны дараа нь улсад хүлээлгэж өгөхдөө зам тавьсан мөнгийг эргүүлэн авах гэнэ. Өөрөөр хэлбэл “Өмнийн говийн элс” компани концессийн барих шилжүүлэх нөхцөлөөр замыг барих юм байна.
Мөн энэ бүс нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлын хүрээнд2008 онд 47.8 км урт төмөр зам барих шийдвэр гарч байсан ч Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого гэгч гарснаар хоёрдугаар ээлжид авч хэлэлцэхээр болж хойшлуулжээ. Харин өнөөдөр төмөр замын асуудлыг төр дангаар хариуцна гэх бодлого баримталж энд хувийн хэвшлийнхэн төмөр зам барина гэдэг бүтэхгүй мөрөөдөл болж хувирсан байна.
Гэсэн ч дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд хийх ажил мундахгүй. Харанхуй байсан Гурван тэс сумыг Хятад улсаас эрчим хүчээр хангаж байгаа ч хүний юм бол хүнийх л байдаг. Энд станц барьж, өөрсдөө эрчим хүчээ хангадаг болох нь хамгаас чухал. Хоёр хөршийн найрсаг харилцаанд тулгуурласан хамтын ажиллагаа байгаа ч нэг л өдөр цахилгаангүй сууж мэднэ. “МАК” компанийхан энэ асуудлыг анхаарлынхаа хажуугаар өнгөрөөсөнгүй. 125 мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц барих зөвшөөрөл авсандаа олзуурхууж байна лээ. Өнөөдрийг хүртэл Өмнөговь аймгийн Баянцагаан, Шинэжинст зэрэг сумд 24 цагийн цахилгаангүй байгаа нь өөрсдийн гэх эрчим хүчний эх үүсвэртэй болох зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа. Орон нутгийн иргэд “Уурхайн ойролцоох газруудад барилга байгууламж баригдаж, зам харилцаа хөгжөөд байхад сумын төв төдийлөн хөгжихгүй байна” гэх саналыг уурхайн удирдлагуудад байнга тавьдаг гэх. Тиймээс шинээр барих станцаа сумын төвөөс таван км газар барьж байгуулахаар газраа сонгож, зураг төслийг энэ онд багтаан батлуулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан.
Уул уурхай их хэмжээний мөнгө эргэлдэх салбар ч байгалийн баялаг дуусна.
Нарийн сухайтын уурхайн хувьд одоогийн байдлаар 100 метрийн гүнд 200 гаруй сая тонн нүүрсний нөөц тогтоогдоод байгаа, энэ онд 300 метрийн гүн дэх нөөцийг нарийвчлан тогтоож, энэ уурхайг хэдэн жил ашиглах вэ гэх тооцоо тодорхой болно.
Байгалийн баялаг шавхагдахад хэдэн байшингийн араг яснаас өөр зүйл үлдэх бус, тэндэхийн иргэд амьжиргааны эх үүсвэртэй, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжсөн хот, томоохон суурин бий болоход л хариуцлагатай уул уурхайн мөн чанар орших бизээ.Үүнийг бий болгохын төлөө “МАК”-ийнхан бүхий үйл ажиллагааныхаа туршид зорьж байгаа гэдгээ хэлж байсан. Тиймээс өмнийн говийнхондоо буцаад ирэхэд булаг шиг бүтээн байгуулалт өрнөсөн байх болтугай гэж ерөөе.