Улстөрчдийг хатуу шүүсэн НҮБ-ын тэргүүн харамсав

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Улстөрчдийг хатуу шүүсэн НҮБ-ын тэргүүн харамсав

AFP/ Fabrice Coffrini

Хориод улстөрчдөд оноосон хатуу чанга ялыг хэвээр нь үлдээн баталгаажуулсанд харамсч буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун илэрхийлсэн тухай Дэлхийн байгууллагын албан ёсны төлөөлөгч  Мартин Несирки хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна. 

"Ерөнхий нарийн бичгийн дарга Бахрейны Дээд шүүх энэ сарын 7-ний өдөр Бахрейны 20 улстөрчид бүх насаар нь хорих ял оноож, давж заалдах эрхгүйгээр хэвээр үлдээсэнд гүнээ харамсч байна” хэмээн Несирки хэлжээ.

Үндэсний хэмжээний яриа хэлэлцээр л Бахрейнд хөгжил цэцэглэлт, шударга ёсыг тогтоон тогтвортой байдлыг авчирна гэдэгт НҮБ-ын тэргүүн итгэлтэй байгаа гэж тэр хэллээ. Яриа хэлэлцээр аль болох хурдан эхлэх ёстойг Пан Ги Мун хэлээд Бахрейны эрх баригчдад хандан саяхан амласан хууль зүйн  системийн шинэчлэлийг түрэгтгэхийг уриалжээ.

2011 оны гуравдугаар сард Бахрейнд шиитийн олон нийтийн эсэргүүцэл гарч, Үндсэн хуульт хаант засгийг тогтоохыг шаардсан билээ. Одоо тэнд суннит хаантны засаглал байгаа. Өнгөрсөн жилийн есдүгээр сард цэргийн шүүх шиитийн сөрөг хүчний долоон лидерийг бүх насаар хорих, бусад идэвхтнүүдэд 5-15 жилийн ял оноосныг даван заалдах шүүх хэвээр үлдээсэн юм. Бүх насаараа хорих ял авсан хүмүүсийн дунд улс орондоо хүний эрхийн төлөө тэмцэгч гэсэн алдартай болсон Абдель Хади аль-Хаважа байгаа ажээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж