![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/8/765db520661aa0cd/161a5bbb88b20c29original.jpg)
Энэхүү хуулийн төслийг Засгийн газар санаачлан өргөн барьж байгаа аж. Сүүлийн таван жилд хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгслийн тоо хоёр дахин өссөн нь манай улсын гадаад харилцаа хөгжихийн хэрээр улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн цаашид нэмэгдэх хандлагатай байна гэж Засгийн газрын гишүүн Х.Тэмүүжин онцолсон. Хилийн боомт дээр Гааль, Мэргэжлийн хяналт, Хилийн цэрэг, Гадаад иргэдийн харъяат асуудал эрхэлсэн газар гээд төрийн олон байгууллага үйл ажиллагаа явуулахдаа өөр өөрийн шугамаар барилга байгууламж, зам талбайг барих, өргөтгөх, ажлыг хийдэг байна. Ингэхдээ шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгадаг, нэгдсэн төлөвлөгөө, зохицуулалт байхгүйн улмаас хилийн боомт дээр төрөөс үзүүлж байгаа үйлчилгээ бизнес эрхлэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна гэж Засгийн газар үзэж байгаа юм. Тиймээс Хилийн боомтын тухай шинэ хуулийг хэлэлцэж баталснаар хил дээрх төрийн зарим байгууллага нэгдсэн нэг удирдлагатай болох юм байна.
Түүнчлэн хилийн боомтыг зөвхөн дамжин өнгөрөх, шалган нэвтрүүлэх бүс бус, эдийн засаг, бизнесийн хөгжлийн төв болгон хөгжүүлэх, гадаад худалдаа эрхлэхэд учирч байсан саад бэрхшээл, хүнд суртал буурах, хилийн боомт дахь шалгалтын давхардал арилах, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоо бэхжих зэрэг ач холбогдолтой юм байна. Олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд зааснаар манай улс ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын дөрөв, нийт 46 боомт ажиллахаас 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, долоо нь дамжин өнгөрөх боомт үйл ажиллагаа явуулдаг юм байна.