
ОБЕГ-аас томилсон ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй байгаа баруун бүсийн 11 аймагт ажиллаж байна. Тэд өчигдөр Хөвсгөл аймагт очжээ. Тус аймгийн тухайд ихэнх сумдад өвс тэжээлийн нөөцийн асуудал тулгамдаж байгаа аж. Хөвсгөлчүүд аймгийнхаа нөөцийн өвсийг хуваарилан тарааж бараг дуусчээ. Тиймээс цаашид улсын нөөцөөс өвс нэмж авах, аймгийн төвийн төвлөрсөн эрчим хүч тасарсан үед цахилгаан эрчим хүчээр тасалдуулахгүй байх үүднээс “Хөвсгөл эрчим хүч компани”-ийн эвдрэлтэй дизелийг засварлан ашиглалтад оруулахад шаардагдах 38,7 сая төгрөгийг яаралтай шийдэж өгөхийг хүссэн байна. Түүнчлэн Чандмань өндөр, Цагаан үүр, Эрдэнэбулган, Тариалан сумын хүн эмнэлгийн түргэн тусламжийн машиныг шинэчлэх хүсэлт гаргаж, Улсын онцгой комисст хүргүүлсэн байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 4928 толгой мал хорогдсон дүн гарчээ. Нийт хорогдлын 73.1 хувь буюу 3603 толгой мал Арбулаг, Цэцэрлэг, Бүрэнтогтох, Түнхэл сумдад ногдож буй гэнэ.
Д.ЦЭЭНЭ