Нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс Нийслэлийн түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон 30 автомашин гардуулах ажиллагаа өнөөдөр боллоо. Машин нэг бүр нь 62 сая төгрөгийн өртөгтэй, бүрэн тоноглогдсон энэхүү авто машиныг яаралтай тусламжийн төвд өгснөөр түргэн тусламжийн үйлчилгээ хоёр дахин хурдсах юм байна. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн иргэдийн амьдрах орчин эрүүл, аюулгүй байлгах амлалтыг өгсөн. Иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах нэг чухал зүйл нь түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах юм. Харин нийслэлийн хэмжээнд 150 түргэн тусламжийн автомашин байж иргэдэд хурдан шуурхай, хангалттай үйлчилнэ. Түргэн тусламж хүрч чадахгүйгээс болж олон иргэдийн амь нас хохирч байна. Тиймээс цаашид түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах олон ажлыг шийднэ” гэв.
Дашрамд дурьдахад, Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь өдөрт насанд хүрэгчдийн 560-680 дуудлага хүлээж авдаг байна.
Д.ЖАРГАЛ