Хүн буудаж хөнөөсөн залууг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Хүн буудаж хөнөөсөн залууг шүүнэ

Налайх дүүргийн банкинд хоёр сая төгрөг дээрэмдэхээр ороод банкны захирлын нөхрийг буудан амь насыг нь хохироож, хүн барьцаалсан хэрэгт цаазын ял сонссон А.Бат-Ялалтын гомдлыг маргааш давж заалдах шатны шүүх буюу Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Налайх дүүргийн шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд түүнд цаазын ял оноосон юм. Тэрээр одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байна.

А.Бат-Ялалт нь 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэгт орших банкны салбарт “Сурвалжлагч байна. Танай захиралтай уулзаж, ярилцлага авах гэсэн юм” гэж хэлээд захирал н.Туяагийн өрөөнд орж, улмаар банкны захирлыг айлгаж мөнгө авах гэж буу тулгаад, нөхрийг нь буудан хөнөөсөн юм. Тэрбээр мөрдөн байцаалтын явцад "Их хэмжээний өрөө дарахын тулд банкны захирлыг дээрэмдэх гэж байсан" хэмээн хийсэн хэргээ хүлээжээ.

Маргааш болох шүүх хуралд өмгөөлөгчөөр Б.Болортуяа, Ч.Эрдэнэ-Очир, М.Хувцагаан, илтгэгч шүүгчээр Х.Эрдэнэсувд, улсын яллагчаар С.Хишигжаргал нар оролцохоор болсон байна.

Д.ЖАРГАЛСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж