Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

&#34Сайн сценари&#34

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд хорих ангиудаар явж, ял эдлүүлэх ажиллагаатай танилцсан нь өчигдрийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв байлаа.  Өмнөх өдөр нь хорих ангиудад хүний эрх зөрчигдөж байгаа эсэхтэй танилцана гэсэн нь хэвлэл мэдээллийнхний ч анхаарлыг татсан бол үүн дээр дөрөөлөөд МАХН-ын гишүүд дэмжигчид намын даргаа хамгаалах ээлжит эсэргүүцлийн жагсаалаа хийсэн нь үйл явдлыг “чимэв”. Хорих ангийн үйл ажиллагаатай танилцах “боломж” сэтгүүлчдэд тэр бүр олддоггүй тул бүхий л хэвлэлийнхэн “өдрийн сурвалжлага” бэлтгэхээр Хүний эрхийн хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, ШШГЕГ-ын дэд дарга П.Хосбаяр нарыг  дагалдсан.

Харамсалтай нь “амттай” сурвалжлага бэлтгэх зорилготой ирсэн сэтгүүлч, зураглаачид хорих анги руу нэвтэрч чадалгүй цаг гаруй хүлээсний эцэст сурвалжлага хийх эрхтэй болсон ч бүтэн өдрийн ажлын “айлчлал” ерөнхийдөө л сурвалжлага хийх боломжоор хомс “хаалттай” хүрээнд болж өнгөрөв. Угаасаа ч хүний эрхийн үүднээс хүмүүжигчдийн зургийг авч хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах нь зохимжгүй боловч хорихын харгалзагч нар ШГЕГ-ын гаднах байрны зургийг авахыг хориглож, хүмүүжигчидтэй ярилцах боломж олгосонгүй.

Угаалгын нунтаг ханхийх Эмэгтэйчүүдийн хорих

Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангийн үүдээр ороход бүх зүйл эмх замбараатай, хүмүүжигчид жагсан зогсч, угаалгын бодис, хлорамины үнэр ханхийх нь ажлын хэсгийнхэнхнийг ирэхэд багагүй бэлтгэсэн юм уу гэлтэй. Хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг судлах, танилцах зорилготой байсан бол хэд хоногийн өмнөөс холбогдох байгууллагын удирдлагуудад мэдэгдэж, ингэж бэлтгүүлэх шаардлагагүй байсан болов уу.

Эмэгтэйчүүдийн хорих ангийн Жирийн дэглэмтэй ангид одоогоор 17-60 насны 392 эмэгтэй хийсэн хэргээсээ хамааран 1.6-25 жилийн хугацаатай хорих ял эдлэж байгаа аж. Мөн арван ээж нэг хүртэлх насны хvvхдvvдтэй эмэгтэйчүүд тусгай байранд агаар, гэрэл муутэй нэг томхон өрөөнд хоригдож байгаа гэнэ. Энд “хоригдож” байгаа хүүхдүүдийг нэг нас хүрмэгц нь ар гэрийнхэн болон Эх нялхасын клиник сувилалд шилжүүлдэг юм байна. Уг нь тэр бяцхан үрс ямар хэрэг хийгээгүй байж ээжийнхээ хамт чийгтэй, харанхуй өрөөнд ял эдлэх нь зохистой эсэхийг эргэн харахыг сэтгүүлчид эрхэм гишүүдэд сануулж байсан юм. Сэтгүүлчид хоригдож байгаа эхчүүдтэй уулзаж, орчин нөхцлийг сонирхож, санал бодлыг сонсох гэсэн боловч харамсалтай нь энэ боломж олдсонгүй.  Хар шил, булган дээлтэй УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэтэй нэг бүсгүй уулзаж, чин сэтгэлээсээ ярилцах хүсэлтэй байгаагаа хэлэхэд эрхэм гишүүн “Энэ удаад бид хүний эрхийг зөрчиж байгаа эсэхийг судлаж яваа. Дараа больё. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай” гэсхийгээд өнгөрөөв.

Хүний эрхийн дэд хорооны танилцаж байгаа энэхүү  Эмэгтэйчүүдийн хорихын Жирийн дэглэмтэй анги бол сүүлд баригдсан, засвар сайн хийгдсэн барилга юм байна.

Тус ангид “Говь” хувьцаат компанийн оёдлын цех байдаг бөгөөд хорих ангитай хамтран ажиллаж, хоригдлуудаар өвөл, зуны хувцас болон цагаан хэрэглэлийг оёулдаг юм байна. Хуулинд зааснаар хүмүүжигчдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 140400 төгрөгийг нэрийн дансанд байршуулж, үүнээс 14 мянган төгрөгийг хүмүүжигчид бэлнээр өгдөг аж. 

Дэд хорооныхныг дараагийн танилцах анги буюу Зайсан дахь Насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр анги. Харин энд сэтгүүлчдийн багийг үлдээгээд ажлын хэсгийнхэн Нэгдсэн хорих 401 дүгээр ангийн эмнэлэг орох “хуваарилалт” хийчихэж.

Насанд хүрээгүйчүүдийн буюу хорих 411 дүгээр ангийн дарга, хурандаа З.Батхуягийн хэлж буйгаар, хорих ангид 39 хүүхэд байгаа бөгөөд тэдний долоо нь чанга дэглэмд ял эдлэж байгаа аж. Хүүхдүүд ихэвчлэн хулгай, дээрэм, булаалт зэрэг гэмт хэргийг давтан үйлдсэнээс хорих ялаар шийтгүүлдэг. Эндхийн хүүхдүүд Хан-Уул дүүргийн 110 дугаар сургуульд суралцдаг юм байна. Олон улсын, төрийн бус, шашны зэрэг байгууллагын буянаар хүүхдүүдэд дутаж байгаа зүйл байхгүй гэж тэндхийхэн ярилаа. Гэхдээ энд байгаа хүүхдүүд зөвхөн есдүгээр ангийн боловсрол эзэмшдэг бөгөөд бүрэн дунд боловсролыг эзэмшүүлэх асуудлыг холбогдох газруудад тавиад байгаа гэнэ. Энэ зуур мөн л сэтгүүлчдийг хүмүүжиж байгаа хүүхэдтэй уулзуулсангүй, амьдардаг өрөө рүү нь ч алхуулсангүй.

Сэтгүүлчид хорих ангийн байдалтай танилцаж дуусаад хоёр цаг гаруй эрхэм гишүүдийг хүлээлээ. Хүлээж ядсан, сэтгүүлчид УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ рүү утас цохитол “Даргатайгаа уулзаж байна. Хүлээж бай” гэх. МАХН-ын дарга Н.Энхбаяртай УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар уулзаж байгаа бололтой. Энэ бүхний эцэст З.Баянсэлэнгэ “УИХ-ын гишүүн хүн бүрэн эрхийн хүрээнд юу хийх нь бидний дур” гэх үг унагаж, О.Баасанхүү “Аав, ээж шигээ хүмүүсийн яриаг сонссоор удлаа. Одоо энэ яриаг орхиё” зандрангуй тайлбар хэлнэ лээ.

Ингээд хорих ангийн ерөнхий эмч Д.Доржсүрэн эмчлэгчдэж буй хүмүүжигчдийн биеийн байдлын талаар мэдээлэл хийж эхэлсэн юм. Гэвч УИХ-ын гишүүн О.Баасанхүү Тогтоол гүйцэтгэх эмнэлгийн ерөнхий эмч Д.Доржсүрэнгийн мэдээллийг  “Улсын хоёрдугаар эмнэлгээс та нар Н.Энхбаяр даргыг булааж авчирсан биз дээ. Гол нь одоо сэтгүүлчдэд Н.Энхбаяр даргын биеийн байдлыг сэтгүүлчдэд танилцуул” гэж тасалдуулсан. Үүний хариуд Д.Доржсүрэн “Н.Энхбаяр гуай өөрөө эмчилгээ хийлгэхээс татгалзаад байгаа. Эрүүл мэндийн яамны С.Удвал сайдын тушаалаар яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Н.Энхбаяр анх ирэхдээ жин нь 76.2 килограмм байсан. Энэ хэмжээ өөрчлөгдөөгүй. Артерийн даралтыг сая хэмжихэд 124.80, пульс нь 76 байсан. Даралт нь тогтворгүй байгаа” гэв.

Энэ үеэр  З.Баянсэлэнгэ “Жил бүр танай эмнэлэгт 10 орчим хүн амиа алдаж байна. Энэ бол хангалтгүй дүн. Цаашид ялтнуудыг ЭМЯ-ны харъяа эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх хэрэгтэй байгааг холбогдох газруудад уламжлах болно. Юу ч хийлгүй, ялтнуудыг харсаар байгаад алж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэв. Энэ санал Н.Энхбаяр даргыг улсын эмнэлэгт шилжүүлэх талаар анхаарна гэж байгаатай утга нэг сонсогдож байв. 

Харин Д.Доржсүрэн эмч “Манайх хоёрдугаар шатлалын эмнэлэг. Харж байгаад өвчтөнийг алж байна гэж хэлж болохгүй. Бидэнд шаардлагатай тоног төхөөрөмж, эмч нарын баг хангалттай байгаа” гэж хариуллаа.

Ажлын хэсгийнхэн дараагийн танилцах газар болох ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги  руу явах гэтэл МАХН-ын гишүүд дэмжигчид “Н.Энхбаярыг сулла, яаралтай хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүл” хэмээн уриа лоозон барин жагсч байв. Тэд УИХ-ын гишүүд, сэтгүүлчдийг ирэх сургаар том оврын автобус хөлөглөн, зохион байгуулалттайгаар ирсэн нь энэ аж. Мөн гишүүдийн машиныг явуулахгүй дайран эмх замбараагүй байдал үүсгэлээ. Энэ үеэр Хүний эрхийн хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат машинаасаа бууж ирэн, МАХН-ын гишүүдийн шаардлагатай танилцаж, долоо хоногийн дараа хариу өгөхөө мэдэгдэж гарын үсэг зурснаар замаа чөлөөлүүлсэн юм. Ийнхүү шаардлагаа гардуулж чадсан МАХН-ын гишүүд дэмжигчид автобусандаа сууж, хөдөлж байгаа харагдана лээ.

Цагдан хорих 461 дүгээр ангид УИХ-н гишүүн Ж.Батзандан ирсэн байв. Тэрээр ажлын хэсгийнхэнтэй хамтран сэжигтэн, яллагдагчаар татагдсан иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Энэ зуураа тэрээр сэмхэн АМГ-ын дарга асан Д.Батхуягтай ганцаарчлан уулзсан гэсэн. Уг нь ажлын хэсгийнхний гол зорилго нь хүмүүжигчдийн санал бодлыг сонсч, хэрхэн эрх нь зөрчигдөж байгааг шалгах байсан ч энэ өдрийг Н.Энхбаярыг эргэх өдөр болгож хувиргав бололтой.  

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж