![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/9/fbcb5d9b6c42b847/3bfb693fdc518689big.gif)
Х.Баттулга сайдын мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм.
УИХ-ын гишүүн, ТББ-ын хорооны дарга А.Бакей тариаланчдын техник хангамжийн талаар тодруулж, энэ хоёр сангийн хөрөнгийг өнгөрсөн жилүүдэд үр ашиггүй зарцуулж ирсэнд шүүмжлэлтэй хандсан. Тэрээр сангуудын үйл ажиллагааны менежментийг шинэчлэх, ил тод байх, хариуцлага, хяналтыг сайжруулах нь чухлыг хэлж байлаа. А.Бакей гишүүн мөн төрөөс дэмжлэг хүлээгээд, дараа нь үр дүнг нь хэрхэн тооцож байгааг асууж байсан.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, нийслэлийн эргэн тойрон дахь фермерүүдийн талаар болон сүүний чиглэлийн аж ахуйдын үйл ажиллагааг уялдуулан сайжруулах чиглэлд ямар ажил хийж буйг сайдаас тодруулсан. Тэрээр чацаргана жимсэнд холбогдолтой дэмжлэг нэлээд байдаг юм байна. Тархай бутархай аж ахуйд энэ жимстэй холбоотой үйл ажиллагаа эрхлээд яваад байхуу, нэгдмэл болгоход юу хийх гэж байна вэ хэмээн сонирхсон. Түүний асуултад яамны зүгээс Төрийн нарийн бичгийн дарга нь хариулт өгсөн юм. Тэрээр, чацаргана жимсний аж ахуйн хувьд улсын хэмжээнд хэрэгцээний ердөө 3-хан хувийг эзэлдэг гэдгийг дурдаад, нийт зах зээлийг хангах хэмжээнд хараахан хүрээгүй байгаа, Хархоринд чацарганы үйлдвэр байгуулна, энэ жимсийг гадагшаа гаргах чиглэлд ч тодорхой ажлууд хийгдэнэ хэмээн хариулсан.
Харин УИХ-ын гишүүн М.Зоригт, газар тариалан ч тэр, мал аж ахуй ч тэр бид төвийн хэсгийг л хамруулж яриад байдаг. Алс хязгаар бүс нутаг, тухайлбал Сүхбаатар, Дорнод зэрэг зүүн бүс нутгийг хамарсан асуудал ярихгүй байна гэв. Тэрээр зүүн хязгаарт үйлдвэрлэл хөгжүүлэх боломж байгааг хэлж, тэнд мах, гурилын үйлдвэр шинээр нэмж байгуулах уу гээд төр энэ асуудлыг бодлогоор дэмжих хэрэгтэй гэсэн юм. Мөн сан, корпораци зэргээр бид хөгжихгүй, хүчтэй үйлдвэрлэлээр улс орон хөгжинө гэж байв. Харин сайд Х.Баттулга хэлэхдээ, Засгийн газар, яам үйлдвэр барихгүй, хувийн хэвшлийнхэн л барина, түүнийг нь төр бодлогоор дэмжинэ гэсэн.
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Дэмбэрэл нар энэ үеэр мөн асуулт асууж саналаа хэлсэн. С.Дэмбэрэл гишүүн, сангуудын мөнгийг ямар банкаар дамжуулан гаргаж, хэрхэн түгээж байсныг асуусан. Тэрчлэн тус яамны зүгээс экспортыг дэмжих бодлого барьж ажиллах нь чухал гэдгийг онцолсон.
суулт хариулт, саналын дараа БОХХАА-н байнгын хорооны дарга Г.Баярсайхан үг хэлэв. Тэрээр тус байнгын хорооны анхаарлын төвд байдаг хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн чиглэлээрх хоёр сангийн үйл ажиллагааны талаар хэлэлцэж, УИХ-ын гишүүд чухал саналууд дэвшүүлж буйг онцлоод, цаг алдалгүй сангуудын ажлыг сайжруулах хэрэгтэйг тэмдэглэсэн. Түүнчлэн өнөөдөр сангууд дээр үүсээд байгаа өр, авлагын асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэйг сануулсан. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны бодлого нь нэгж цэгтээ, малчин, тариаланч хүндээ, иргэдэд хүрч чадаж байна уу. Олон ч хөтөлбөр хэрэгжүүлсэн, хамгийн сүүлд арьс ширний чиглэлээр бонд хүртэл гаргасан. Үүний үр дүн юу болж байна гээд УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны 2010 оны 9 дүгээр сарын тогтоолд Тариалан эрхлэлтийн сангийн талаар мөн тодорхой зүйлүүд тусгагдсан байдаг гэдгийг хэлсэн юм.
Тэрээр уг тогтоолын хэрэгжилттэй холбоотойгоор яамны зүгээс хариу ирүүлээгүй гэдгийг анхааруулж, байнгын хороо Ажлын хэсэг гаргаж ажиллуулах саналтай буйгаа хэлсэн. Ингээд Г.Баярсайхан даргын саналыг гишүүд дэмжиж, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Ажлын хэсгийг ахлан, дээр дурдсан бондын хэрэгжилтийн үйл явцад ч анхаарч ажиллахаар тогтлоо. Ажлын хэсэгт таван гишүүн орж ажиллахаар болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.