-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хөтөлбөр танай сургууль дээр хэрэгжиж байна. Сургалтад хамрагдаад бодит байдал дээр туршиж байгаа багшийн хувьд та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Энэ хөтөлбөрийн гол зорилго нь нэг хүүхдийг ч үлдээлгүй хөгжүүлэх явдал юм. Урьд нь анги нийтээр нь сургадаг, тэр дунд сурах нь сураад сурахгүй нь хоцордог байж. Шинэ хөтөлбөрөөр хичээл заахаасаа өмнө хүүхдүүдээс монгол хэлний хичээлээр төвшин тогтоох шалгалт аваад ярих, бичих, унших, сонсох гэсэн 4 чадварыг тулгуур болгон аваад хичээллэж байна. Хүүхэд аливаа зүйлийг уншаад эх хэлээрээ цэгцтэй зөв, уран яруу ярьж чадаж байна уу гэдгийг өмнөх шалгалтаас дүгнэж үзэхэд манай ангийн 33 хүүхдээс тав нь энэ шалгуурт дөхөж очсон байгаа юм. Миний дааж авсан анги өнөө жил тавдугаар анги. Гэтэл таван жил сургахад таван хүүхдэд л хагас дутуу ярих чадвар сургах хэмжээнд байж.
Энэ хөтөлбөрийн сайн тал нь багш стандартад баригдахгүй. Сурах бичгээр хязгаарлагдахгүй. Чөлөөтэй эрэл хайгуул хийж байгаа явдал юм.
-Үнэхээр хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх боломж байна уу?
-Бид сургалтад хамрагдсны дараа шинэ хөтөлбөрөөр хичээлээ явуулаад яг нэг сар болж байна. Хэдийгээр энэ богино хугацаа ч хүүхэд нэг бүрийг сургах болж байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Өнгөрсөн нэг сарын хугацаанд монгол хэлний хичээл дээр Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг сонгон авч цээжлүүлж, уран яруу уншдаг болголоо. Эхлээд хоёр бадгийг долоо хоногт цээжлэх даалгавар өгөхөд заасан хугацаанд таван хүүхэд л цээжилж ирсэн. Тэгэхээр нь тухайн шүлгэнд өгүүлдэг уул, усыг газрын зураг дээр зааж, үгийг утгачлан нэг бүрчлэн тайлбарлаад ярилцахад хүүхдүүд харьцангуй өөрчлөгдөж шүлгээ цээжлэх хүсэл тэмүүлэлтэй болж эхэлсэн. Тэгтэл ангийн хүүхдүүдийн 50 нь цээжилсэн. Хөтөлбөрийн гол утга учир нь нэг ч хүүхдийг хоцроохгүй гэдэгт оршиж байгаа учраас дахин мэргэжлийн хүмүүсийн уншсан шүлгийг тухайн уул, усны зургаар дүрсжүүлэн клип болгон хичээл дээрээ пректроор үзүүлсэн. Ингэж нүдээрээ үзэж, чихээрээ сонсоод ирэхээрээ хүүхдүүд өөрсдөө тэр сэдвийнхээ дагуу эрэл, хайгуул хийгээд хэрлэн гол хаана, аль аймгийн нутагт байдаг. Хэдэн км-т урсдаг, хаанаас эх авдаг вэ гэдгийг өөрсдөө ярилцаж эхэлсэн. Үүний үр дүнд шүлгээ 100 хувь цээжилсэн. 12 бадаг шүлгийг бүх хүүхэд цээжилсэн. Нэг ч хүүхэд үлдээгүй учраас л би “болдог юм байна” гэсэн дүгнэлт хийгээд сууж байна. Зөвхөн цээжлээд зогсохгүй уран яруу унших тал дээр дахиж цаг гаргаж ажиллласан.
Дүрсжүүлсэн клипнээс хөтлөгчдийн уншсныг хүүхдүүд дуурайгаад 30-40 хувь нь унших чадвар суучихсан. Харин үлдсэн хэсгийг уран яруу уншуулахын тулд мэргэжлийн жүжигчин ангидаа урьж авчраад үгийг хэрхэн зөв дуудах, амьсгалаа хэрхэн хуваарилах зэргийг заалгасан. Энэ хичээлийн үр дүнд хүүхдүүдийн хэлний аялга аяндаа засраад ирсэн. Сарын хугацаанд цээжлэх чадвар 100 хувьд хүрч, унших чадварыг 50 хувьд хүргээд байна. Одоо гуравдугаар сард шалгалт өгнө. Тэр үед 100 хувь уран яруу уншдаг болно гэдэгт итгэлтэй байна.
-Тэгвэл хүүхэд нэг бүрийг сургах явцад ямар бэрхшээл тулгарч байна?
-Бэрхшээл байлгүй яахав. Багш нар бид хичнээн жил стандарт, сурах бичгийн хүрээнд баригдаад ирсэн хүмүүс. Хөтөлбөр эхлэх үед “За юу л болоод байна даа. Дан шүлэг цээжлүүлээд монгол хэлний хичээлийг заачихна ч гэж юу байхав” гэхчилэн эргэлзэж өөрсдөө өөрчлөгдөж чадахгүй хэцүү байсан. Гэтэл өнгөн хэсэгтээ зөвхөн шүлэг цээжлээд байгаа юм шиг харагдаж байгаа боловч цаанаа хэл, зөв бичгийн дүрмийн, уран яруу ярих, сонсох чадвар давхар суулгаж чадаж байгаа. Өмнө нь бид ямар ч хамаагүй сэдвээр цээж бичиг бичүүлээд, дүрэм ярьдаг. Үндсэн цээж бичигтэй нь ямар ч холбоогүйгээр үгийн бүтэц задлаад, өөр үгээр жишээ аваад бүх юм саланги явдаг байлаа. Энэ бүгдийг анхан шатанд нь зааж байгаа багшийн хувьд би одоо л энэ боловсрол гэдэг юм зөв болж эхлэх нь үү дээ. Одоо л би багш болох нь уу дээ гэсэн бодолтой болж байна. Бид өмнө нь хичээл, сургалтаасаа илүү цаастайгаа ноцолддог байсан юм байна. Одоо бид цаасаар биш хүүхдээрээ шалгуулах болохоор хүүхдээ л чадавхижуулахад анхаарах болж байгаа юм. Би хичнээн сайхан юм бичээд миний дэвтрийг биш хүүхдийг харах болохоор багшийн хувьд хүүхэдтэйгээ ажиллах нь чухал болж ирсэн. Хүүхдийг хөгжүүлэх явцдаа өөрсдөө давхар хөгжиж байна. Компьютер, проктер ашиглаад заахаар багш өөрөө янз бүрийн эх сурвалжаас хичээлдээ хэрэглэж, тэр хэрээр хүүхдүүдийн нүд илт сэргэж байгаа. Юу ч хийдэггүй сахилгагүй, чичлэгдээд суудаг хүү хүртэл “Багшаа та чинь юу болчихов оо. Хичээлээ гоё заадаг болчихсон байх чинь” гэсэн. Эцэг эхчүүд ч гэсэн талархлын үг хэлж байна
-Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, авьяас хөтөлбөр гэхээр академик сургалт алга боллоо. Математик, монгол хэлний хичээлийн цагаас хасч хүүхэд бүрийг авьяасан болгох гэлээ гэсэн шүүмжлэл яваад байгаа. Үнэхээр үндсэн хичээлийн цаг хасагдсан юм уу?
-Манай сургууль дээр тийм гомдол гараагүй. Хичээлийн цаг багасаагүй. Монгол хэл, математикийн хичээлийн цаг хуучнаасаа шахуу явж байгаа. Бага ангид өмнө нь 10 гаруй хичээлийг нэг, нэг цагаар салгаж заадаг. Хүүхдүүд өдөр бүр 5-6 ном чирээд цүнхээ даахгүй явдаг байсан. Одоо илүү цогц хэлбэртэй болж, агуулга, цагийн хуваарь өөрчлөгдсөн. Тухайн багш тухайн хичээлийг хэдэн цаг заах нь хамаагүй. Хамгийн гол нь хүүхэд тавдугаар анги төгсөхдөө мэдэх ёстой зүйлээ мэдэж, бага боловсролын стандартыг эзэмшсэн байх ёстой. Яаж эзэмшүүлэх арга нь өөрчлөгдөж байгаа. Зөв дадал хэвшлээр иргэний боловсролын хичээлийг олгож байгаа. Монгол хэл, тоо бодлогын хичээлийн цагийг хоёр, хоёр цагаар тавиад өгчихсөн. Тавдугаар ангийнхны хувьд эхний хоёр цаг монгол хэлний хичээл орж байгаа. Энэ нь багш нар хамтарч багаар ажиллах сайн үр дүн гарч байгаараа давуу талтай.