Гэрч, хохирогчдыг хуулиар хамгаална

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Гэрч, хохирогчдыг хуулиар хамгаална

Хууль зүйн яамнаас боловсруулан хэрэгжүүлж эхлээд байгаа шинэчлэлийн бодлого, энэ салбарт хийгдэх эрх зүйн шинэтгэлийн ажлууд үргэлжилж байна. Тус яамнаас Гэрч хохирогчийн эрхийг хамгаалах тухай, Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулийн төслүүдийг шинээр боловсруулснаа маргааш Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэхээр болжээ. Хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд, яамны удирдлагууд болон дээрх хуулийн төслүүд дээр ажилласан ажлын хэсгийнхэн оролцож, иргэд олон нийт, хараат бус хуульчдыг оролцуулан хуулийн төслүүдээ танилцуулж нээлттэй хэлэлцүүлэх юм байна. 
Одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуульд гэрч болон хохирогчдын аюулгүй байдлыг хамгаалах талаар тодорхой заалтууд байдаггүйгээс гэмт хэргийг нотлох, гэрчээр оролцох сонирхол иргэдийн дунд байдаггүй, гэрчээр оролцсон тохиолдолд ч тухайн хүний аюулгүй байдал эрсдэлд ордог зэрэг нь гэмт хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлж байгааг хуулийнхан шүүмжилдэг. Үүнээс болж тухайлбал, “долдугаар сарын 1”-ний хэргийн шүүх хурлын үеэр цагдаагийн удирдлагуудын эсрэг гэрчийн мэдүүлэг өгсөн бүх гэрч нар шүүх хуралдаанд оролцохоос татгалзсан, гэрчийн мэдүүлэг өгсөн цагдаагийн ажилтаны нэр хаягийг яллагдагч нь олон нийтэд зарлан ил тодоор заналхийлсэн гээд бодитой жишээ олон бий. 
Харин шинээр боловсруулж байгаа хуулийн төсөлд гэрч болон хохирогчдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах арга замуудыг хуульчилж, түүнд шаардлагатай төсвийг ч бас суулгаж өгөхөөр болсон байна. Тухайлбал, онц хүнд гэмт хэргийн гэрчээр дуудагдсан хүмүүсийн нэр, хаягийг нууцлах, оршин суугаа хаягийг нь өөрчлөх, нүүлгэн шилжүүлэх болон шаардлагатай тохиолдолд дүр төрхийг нь өөрчлөх хүртэл арга хэмжээ авахаар хуулийн төсөлд тусгажээ. Энэ талаарх хуулийн төсөл болон Хууль сахиулах үйл ажиллагаа, Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдтэй танилцаж, санал бодлоо нэмэрлэхийг хүсвэл маргааш 11.00 цагт Иргэний танхимд эхлэх нээлттэй хэлэлцүүлэгт урьж байна. 

Б.ГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж