МБЗ Ашигт малтмалын хуульд санал оруулав

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

МБЗ Ашигт малтмалын хуульд санал оруулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан энэ сарын 18-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэхэд Иргэний танхимд хэлэлцүүлэг болно. Хуулийн төслийг илүү боловсронгуй болгох үүднээс Ерөнхийлөгч Тамгын газраас өнгөрөгч арванхоёрдугаар сарын 5-наас эхлэн Ашигт малтмалын тухай хуулийн төсөлд аж ахуйн нэгжүүдийн саналыг хүлээн авч буй юм. Энэ хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон дотоодын томоохон бизнесийн төлөөллийг багтаасан Монголын бизнесийн зөвлөлийн гишүүд гадаадын хөрөнгө оруулалтын талаарх саналаа тусгасан байна.

Монголын бизнесийн зөвлөлөөс дөрвөн хуудас бүхий саналыг өнгөрөгч даваа гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн гэнэ. Үүнд уул уурхайн компаниуд ашигт малтмалын олборлолт болон түүний дараах нөхөн сэргээлт, эдийн засгийн асуудлуудыг тусгасан байр сууриа илэрхийлжээ. Одоогоор Ерөнхийлөгчийн Тамгын газраас ямар нэг хариу мэдэгдэл өгөөгүй байгаа аж.

Сүүлийн хэдэн жилийн хугацаанд Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдсэн бөгөөд ялангуяа өнгөрсөн нэг жилийн хугацаанд гойд нэмэгдсэн тул уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагааг цэгцлэх шаардлагатай тулгарч буй юм.

2007 онд байгуулагдсан Монголын бизнесийн зөвлөл нь өдгөө 250 гишүүнтэй бөгөөд тэдгээрийн дунд уул уурхайн томоохон компаниуд болох “Рио Тинто”, “Пибоди”, “Женерал Электрик” зэрэг багтдаг байна.

Ашигт малтмалын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжийн саналыг нэгтгэсний дараа УИХ-аар дээрх хуулийн төслийг хэлэлцэх юм. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгийн мэдэгдсэнээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас дээрх хуулийн төслийг нягталсны дараа  парламентад уламжлах гэнэ.

Монгол Улсын экспортын 90 орчим хувийг дотоодын ашигт малтмалын бүтээгдэхүүн эзэлж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монголын  эдийн засаг өнгөрөгч 2012 оны эхний хагас жилд 13.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Харин Төвбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал өнгөрөгч аравдугаар сард 2012 онд Монголын эдийн засгийн өсөлт 11 хувь болж удааширсан талаар мэдэгдсэн аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж