Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Адуу, ямааны махны үнэ өсчээ
Өчигдрийн байдлаар "Бөмбөгөр" худалдааны төвд хонины мах кг нь 3000 төгрөг, үхрийн мах кг нь 3500 төгрөг, адуу, ямааны мах кг нь 3000 төгрөгийн үнэтэй байлаа. Энэ нь өмнөх долоо хоногийн үнэ ханшаас кг тутамд 400- 500 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Хоёрдугаар сарын 10-ны байдлаар кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 3067 төгрөг, үхрийн мах/ястай/ – 3888 төгрөг, ямааны мах – 2133 төгрөг, адууны мах – 2413 төгрөг, хонины цул мах – 3322 төгрөг, үхрийн цул мах – 4125 төгрөгийн үнэтэй байсан юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын дунд үетэй одоогийн үнэ ханшийг харьцуулахад мөн л өссөн үзүүлэлттэй байгаа юм. Хонины махны үнэ нэгдүгээр сарын дундаж үнээс 10.0-14.1 хувь, үхрийн махны үнэ 15.8-22.7 хувь, ямааны махны үнэ 18.1 хувь, адууны махны үнэ 1.5 хувиар өсчээ.
 
Гурилын үнэ буурсаар байна
Гурилын үнэ махны үнээс эсрэгээр буурсан үзүүлэлттэй гарчээ. "Алтан тариа"-н задгай дээд гурил 1.8 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 1.4 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 1.0 хувь, "Алтан тариа"-н савласан дээдийн дээд зэргийн гурилын үнэ 0.4 хувь, дээд гурилын үнэ 1.7 хувь, нэгдүгээр зэргийн гурилын үнэ 0.5 хувь, хоёрдугаар зэргийн гурилын үнэ 0.3 хувиар буурчээ. Харин импортын хятад дээд гурилын үнэ харьцангуй тогтвортой байна. Өчигдрийн байдлаар "Алтан тариа"-н дээд гурил кг нь 700 төгрөг, нэгдүгээр гурил кг нь 600 төгрөгийн үнэтэй байлаа.
 
Элсэн чихэр хямдрав
Сар шинийн өмнөхөн үнэ нь тэнгэрт хадаж кг нь 2000 төгрөгт хүрч амжсан элсэн чихрийн үнэ хямдарч өчигдөр 1600 төгрөгөөр зарагдаж байлаа. Элсэн чихрийн үнэ өмнөх сарын дундаж үнээс 23.1 хувиар өссөн бол өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар буурсан байна. Харин цагаан будааны үнэ кг нь 1500 төгрөг хэвээр байна. Үүнийг өмнөх нэгдүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.2 хувиар өсчээ. Харин шар будааны үнэ өмнөх сар болон өмнөх долоо хоногийнхоос буурчээ. Өчигдрийн хувьд Бөмбөгөр худалдааны төвд эрэлт ихтэй хүмүүсийн ихээр асууж байсан хүнс бол өндөг. Дотоодын болоод импортын өндөгнүүд лангуун дээр тавиатай байгаа ч цагаан сараас өмнө нийлүүлэгдсэн учир хүмүүс шинэ өндөг эрж хайх нь элбэг байлаа.

Цагаан идээний үнэ буурч, хүнсний ногооных тогтвортой байна
Өмнөх долоо хоногт хамгийн их эрэлттэй байсан хүнсний бүтээгдэхүүн бол яахын аргагүй цагаан идээ. Бяслаг 7000 төгрөг, чихэртэй хорхой ааруул 6000 төгрөгт хүрч байсан бол өчигдрийн байдлаар 1000 орчим төгрөгөөр хямдарсан байлаа. Харин аарц урьдын адил үнэтэй хэвээр байна. Нэг кг аарцыг 1900 төгрөгөөр худалдаалж байгаа нь цаг агаар хүйтэн хэвээр байгаагийн дээр ханиад томууны дэгдэлт ч буурахгүй байгаатай холбоотой гэж худалдагч нар тайлбарлаж байлаа. Хэрэглэгчдийн өдөр тутмын хүнс болсон төмс, ногооны үнэ харьцангуй тогтвортой хэвээр байна. Өчигдрийн байдлаар нэг кг монгол үрийн төмс 900 төгрөг, хятад үрийн төмс 700 төгрөг, сонгино 1000 төгрөг, байцаа 900 төгрөг, лууван 1000 төгрөг, манжин 800 төгрөг,чинжүү 2300 төгрөгийн үнэ ханштай байлаа.

Ц.Хишиг 2010 оны 2 сарын 19

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж