-Хүний эрх, шударга ёс ярьж гудамжинд тэмцэж байсан та УИХ-ын гишүүн боллоо. Хүний эрх шударга ёсыг бэхжүүлэхийн тулд юунаас ажлаа эхлэх гэж байна вэ?
-Монгол Улсын иргэн бүр Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, шударга эрүүл тогтолцоотой нийгэмд амьдрах ёстой. Харамсалтай энэ нь өнөөдөр байх ёстой хэм хэмжээ бус тулгамдсан асуудал болчихоод байна. Монголчуудын хамгийн том мөрөөдөл баяжих биш нийгэм нь шударга бус, хэдэн олигархи, авлигачдад боорлуулсан, төр засгийн эрх мэдлийг алдсанд монгол хүн бүр бухимдаж ирсэн. Тиймээс иргэний хөдөлгөөнүүд “Шударга ёс” эвслийг дэмжиж УИХ-ын сонгуульд оролцсон. Иргэний хөдөлгөөнийхөнд 25 хувь буюу 260 мянган хүн санал өгсөн. Нийгмийн шударга бус байдалд бухимдсан иргэд УИХ-ын сонгуулиар сонголтоо хийсэн. Олон жил төр барьж байсан МАН одоо цөөнх болсон. Энэ бол нийгэм ялзарч, хууль тогтоол хэрэгжихгүй, олигархижсан, цөөхөн бүлэг хүмүүст үйлчилдэг ийм тогтолцоог халахыг хүсч байгаагийн илэрхийлэл. Газар түүний доох баялаг нийт ард түмний өмч, хүн бүрийн өмч. Гэтэл цөөхөн хэдэн хүний гарт байгаад хүн бүр бухимдаж байна. Энэ бүхэнд нийгэмбухимдсан, үүний төлөө сонголтоо хийсэн. Одоо өөрчлөлт, шинэчлэлтийн ажил ямар нэг хэмжээгээр явагдаж байгаа боловч бүрэн дүүрэн хийгдэхгүй байна. “Шударга ёс” эвслээс сонгогдсон гишүүд маш өндөр хариуцлага хүлээж буй. Үүнийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй. Олигархиудын гар хөл болохгүй байхаас эхлэх ёстой юм. Үүний дараа сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Мөн манай намын хөтөлбөрийн гол зүйл болох хүний эрхийн асуудал. Хэн ч байсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлж амьдрах ёстой. Тиймээс иргэд эрхээ хамгаалах, эрхийн төлөө тэмцэх боломжтой байх бодлогыг төр, УИХ гардан хэрэгжүүлэх ёстой. Мэдээж энэ нь эрх нь зөрчигдсөн хүний өмнөөс очоод шүүхэд ханд гэсэн үг биш. Цөөхөн хүн амтай монголчуудын ядуу амьдарч байгаа гол шалтгаан нь цөөхөн эрх мэдэлтнүүдийн хийж буй зүйл. Үүнийг өөрчлөхийн тулд бид УИХ-д сонгогдсон. “Шударга ёс” эвсэл шударга байх ёстой. Өөрсдөө үүнийгээ манлайлах ёстой юм.
-Шударга ёс тогтооно гэж олон жил ярилаа. Яаж өөрчлөх юм бэ?
-Шударга ёс тогтоохын тулд бид нэлээд олон асуудал дээр хуучин байдлаар хандаж болохгүй юм. Тухайлбал, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зохих хэмжээний ажлаа хийж байна. Нийслэлд зарим нэгэн арга хэмжээний эхлэл тавигдаж байна. Гэхдээ үүнийг хийж байгаагаа ардын баатар болгох шаардлагагүй. Сайн байна, эхлэл зөв байна, үүнийгээ үргэлжлүүлж хийх ёстой юм. Ингэхийн тулд бид зөвхөн Төрийн ордонд сууж, хууль боловсруулдаг, чуулганы хуралдаанд хэрэлдэж, хэвлэл харж онгирдог биш жирийн ард иргэдийн дунд ажиллах ёстой. Би ордонд суудаг гишүүн байхгүй. Шударга ёс, хүний эрхийн төлөө тэмцэх болно. Жирийн иргэн эрхээ хамгаалдаг, Оюутолгойгоос ашгийн баялгаа авахын тулд тэмцдэг, нийслэлийн иргэн 0,07 га газраа авахын тулд тэмцэх эрхтэй шүү гэдгийг УИХ-ын гишүүд ойлгуулах ёстой.Иргэн хүний хувьд шударгаар эрхээ эдлэхийн зэрэгцээ хууль зөрчиж хүний эрхэнд халдах ёсгүй. Ерөнхийлөгч байсан хүн эсвэл жирийн иргэн ч байсан эрхээ хамгаалуулсан байх ёстой гэсэн зарчмыг барьж тодорхой хуулийн баг байгуулаад, 21 аймаг 300 гаруй сумдад ажилахаар төлөвлөж байна. Орон нутагт нь хүний эрхийг хамгаалдаг, хууль сурталчлаад, асуудлыг шийдэхэд нь тусалдаг бүтцийг бий болгоно. Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллах юм. Гол нь бид хүний эрх хамгаалах гэж ярихаас илүү гарцыг нь зааж өгөх юм. Шаардлагатай бол өмгөөлөгч авахад нь туслах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна. 2012-2016 оны УИХ хүний эрхийг дээдэлдэг байгууллага болох юм. Хүний эрхийг зөрчсөн төрийн өндөр албан тушаалтан, жирийн иргэн ч гэсэн хариуцлага хүлээдэг тийм л тогтолцоог бий болгохын төлөө ажиллана. Үүний тулд иргэний оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай. Дугаар хорооны иргэд тэр уурхайг хувааж идэг, энэ газрыг авна л биз надад ямар хамаа байхав гэдэг байсан бол өнөөдөр тэгэхгүй. Иргэн таны баялаг, хэр хэмжээний нүүрснээс хэдэн төгрөгийн ашиг олж байгаа, үүнээс хэд нь татварт хэд нь иргэнд оногдох вэ гэдэг хяналтыг иргэн бүр өөрсдөө хийхгүй бол гаднаас сайн хянадаг хүн байгаад нэмэргүй гэдгийг иргэдэд ойлгуулах ажлыг би хийнэ.
-Шударга ёс тогтооно гээд хэн ч яриад байж чадна. Гэхдээ өнөөдрөөс эхэлж байгаа бол хэзээ бид шударга нийгэмтэй, хүний эрхээ дээдэлдэг болох вэ?
– Тэрийг мэдэхгүй. Гэхдээ бид энэ ажлыг эхлүүлнэ, хийнэ. Эхний ээлжинд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Дүүрэг, хороо, баг бүрт иргэдтэй уулзаж, иргэдээс санал хүсэлт авч, хохирлыг барагдуулах, асуудлыг холбогдох байгууллагад шилжүүлэх зэрэг ажлыг эхлүүлнэ. Гэхдээ үүнд хамгийн их нөлөөлөх байгууллага бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Тухайлбал, дарга нар, гишүүд баяр ёслолоор мэндчилгээ дэвшүүлдэг, төлбөртэйгээр. Үүний оронд иргэн Дорж, Дулмаагийн өргөдлийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэгт шилжүүллээ гэхэд бид эргэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хариуг нь өгөх гэх жишээний. Ийм л байдлаар ажиллахгүй бол нэг УИХ-ын гишүүнд өргөдөл өгдөг, хэдэн сарын дараа өргөдөл ч үгүй, асуудлаа шийдсэн ч юмгүй болж хоцордог. Хэвлэл мэдээллийн хэрэгслийхэн ч мөн дугарах ёстой юм. Энэ мэт олон бодлого барьж байна. Зөвхөн нэг гишүүний хийх ажил биш бүгдээрээ нэгдэж байж хийх ёстой юм.
-Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэж гишүүд нэгдээд буй. 2003 онд та гишүүн байхдаа энэ асуудлыг ярьж байсан байх аа?
-2003 оны хоёрдугаар сарын 15-нд Оюутолгойн хувьцаа гаргаж, иргэн бүрт тэгш хуваарилах төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд өргөн барьсан. Монгол Улсын иргэн болж төрснийхөө хувьд иргэн бүр тэр баялгаас тэгш хувь хүртэх ёстой. Алт, нүүрсийг олон жилийн турш бүрэлдэж тогтоход тэр хүмүүс өчүүхэн ч гэсэн гар бие оролцоогүй. Тухайлбал, Оюутолгойн баялгийг яаж үнэлсэн юм бэ. Энэ үнэлгээ уг нь байх ёстой. Монгол Улсын нэрийн өмнөөс гэрээнд гарын үсэг зурах амархан. Гэхдээ баялгийг яаж үнэлсэн, яаж иргэн бүрт тэгш хуваарилах вэ гэдэг гол асуудал.
-Олигархиуд гэж яриад байна л даа. Үүнд УИХ-ын гишүүдийг ч нэрлэдэг. Гэтэл энэ нь УИХ-ын сонгуулиар иргэдийн сонгосон төлөөлөл нь шүү дээ. Тэгэхээр бид төлөөллөө сонгодог, сонгуулийн хуулиа өөрчлөх шаардлагатай юу?
-Мэдээж УИХ-ын сонгуулийн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Нэг тойрогт нэр дэвшиж байгаа хүмүүс хоорондоо, нэг намынхан дотроо ч намууд хоорондоо ч хагаралдаж байна. Сонгуульд оролцож байгаа бүх намууд мөнгө тарааж байгаа. Сонгогчдын саналыг худалдаж авснаар төр барьдаг тогтолцооноос салах хэрэгтэй. Үүнийг зохицуулах зохицуулалт нь өнөөгийн хуульд байгаа. Гэтэл хамгийн их мөнгө тараасан нэр дэвшигч УИХ-ын гишүүн болж, харин багахан мөнгө тараасан нь буруутаж шүүхийн хаалга татдаг тогтолцоо бий болчихсон. Харин одоо бүгдээрээ болих хэрэгтэй. Монгол төрөө цэвэршүүлэх хэрэгтэй. Ядаж иргэд дөрвөн жилд нэг удаа сонгогддог төр барих эрхээ худалдахгүй байхыг бид сурталчлах ёстой юм. Одоогийн эрүүгийн хуулиар иргэдийн саналыг худалдаж авахыг хүссэн нэр дэвшигчдэд хариуцлага тооцдог байх зарчмыг одооноос хэрэгжүүлж эхлэх. Сонгууийн хуулийг хяналттай болгож, хууль эрх зүйн орчныг нь сайжруулах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр ард түмний төлөө зүтгэж байгаа дүр үзүүлж, хоёр талд гарч цавчилцаад, том олигархиуд нь хүзүүгээрээ холбогдож, том том уурхайн хувьцаа гаргаад явж байх жишээтэй. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Үндсэн хуулийг өөрчилж, хоёр шатны парламенттэй байх ёстой. Бүх үндэстний төлөөлөлтэй Ардын их хурал, мөн Улсын бага хурал гэдэг ч юм уу. Мөнгө зарж сайд болоод л хууль зөрчсөн авлига үүсээд байна. Тендерүүдийг томчуудад УИХ-ын гишүүн нь зуучилж, нам тэндээс хандив авдаг. Ийм л зүйл үүсээд байгаа юм. Адилхан байж МАН, Ардчилсан нам гэж бие биеэ муу хэлээд нэмэргүй. Бүгд л энэ замаар явсан. Харин одоо үүнийгээ зогсоох ёстой. Энэ нь Монголын хөгжлийг сааруулж, нийгмийн баялгийг үр ашиггүй зарцуулж, байгаль орчноо сүйтгүүлж байна. 2,8 сая хүнтэй, ийм их баялагтай, мөртлөө ядуу орон хаана ч байхгүй. Ганцхан төрийн бодлого буруу учраас гадаадын компани бүх баялгийг тэгш бус хүртэж байгаа юм. Жишээлбэл, “Оюутолгой” компани монголчууд 73 хувийг авч байгаа гээд сурталчлаад байсан. Тэгвэл бид зөвхөн 51 хувиа л авья л даа. Гадны хөрөнгө оруулагчийг шулаад яах юм. Хэрэв үнэн бол.
-Төрийн бодлого буруу байна гэж та ярьж байна. Тэгвэл танай танхимын 75 гишүүн төрийн бодлогыг өөрчлөх ёстой гэдгийг тань дэмжих үү?
-Монгол хүн бүр аль болох нэгдэх ёстой. Бүх хүн нэгдэж, дэмжиж байж өөрчлөх ёстой юм.
-Ард иргэд дэмжлээ гээд төр барьж байгаа хүмүүс нь дэмжихгүй бол төрийн бодлого зөв болно гэж үү?
-Дэмжих гишүүд олон бий. Г.Уянга, С.Ганбаатар, Ж.Батзандан гээд бүгд л гудамжинд тэмцэж, хүний эрх, шударга ёсны төлөө тэмцэж ирсэн. Гудамжинд тэмцэж байгаад УИХ-ын гишүүн болоод тэмцэх нь мэдээж. Энэ хэдэн гишүүдийг би ч мөн дэмжиж ажиллана.
-МҮАН, МАХН гэсэн хоёр нам эвсэл болж төрд зүтгэж буй. Гэтэл энэ хоёр нам нэг л эвлэхгүй байх шиг. Нэг гишүүн нь намаа солих, нэг нам нь Засгийн газраас гарна, нөгөө нь гарахгүй гээд л. Эвсэл задарна гэх яриа ч мөн гараад байгаа?
-Нэгэнт л “Шударга ёс” эвсэл УИХ-д нэг субеькт болж орж ирсэн учраас задрах ёсгүй. Ямар нэгэн байдлаар хагаралдах шаардлага байхгүй. Би орж ирснээр хоёр намын харилцааг бэхжүүлэх, үл ойлголцлыг сайжруулах талаар өөрөөсөө шалтгаалах бүх зүйлийг хийж байгаа. Ер нь бол эвсэл задрах хэмжээний ноцтой зүйл байхгүй. Хувь хүний субьектийн шинж чанартай асуудал байдаг болохоос улстөрийн намд үзэл бодлын том зөрүү байхгүй. Цаашдаа эвсэл илүү нөлөөтэй, үр дүнтэй ажиллана. Ялангуяа шударга үнэнийг хүссэн ард түмэн, нийгмийн дуу хоолой болж ажиллана. Ингэхийн тулд ажиллах бодлого, тактикаа бүлэг дээр ярьж байгаа. Миний өөрийн ажиллах арга барил ч гэсэн ард иргэд дотроо байна гэсэн зарчим дээр л тулгуурлаж байгаа. Нийгмийг, ард түмнийг хагаралдуулж байгаа гол асуудал бол энэ намууд юм.
-Намын хатуу гишүүнчлэлийг та дэмждэг үү. Нам хатуу гишүүнчлэлтэй байх нь зөв үү?
-Хамгийн түрүүнд намууд хатуу гишүүнчлэлгүй болох хэрэгтэй. Ард түмнээ хамгаалах ёстой байтал хооронд нь хагаралдуулж, халж сэлгэдэг тогтолцоо бий болоод байна. Төрийн албанд ажиллахын тулд аль нэг намын гишүүнчлэлтэй байх ёстой, аль нэг намд элсч байж ажилтай үлддэг ийм хагаралдуулдаг, хуваадаг байдлыг халах ёстой. Намын хатуу гишүүнчлэлгүй байх ёстой гэдгийг би дэмжинэ.
-Намын дарга Н.Энхбаярыг “аврах” төлөвлөгөөг хэрэгжүүлэх үү, та. Хууль зүйн дэд сайд интерполд захиа бичих, УИХ дахь гишүүд хууль санаачлах зэрэг олон төлөвлөгөөт ажил яваад байгаа л даа?
-Н.Энхбаяр даргын хувьд улстөрийн шинж чанартай асуудлууд бий гэдгийг Монголын хүний эрхийн хараат бус хуульчид хэлсэн. Өнөөдөр энэ хүнтэй холбоотой маргаанаас илүү эрүүл мэндийн асуудал чухал. Эрүүл мэндийн асуудалд нь Монголын төр анхаарал тавих ёстой. 11 хоног хуурай өлсгөлөн зарлаад, эрүүл мэндийн байдал нь онцгой хүндэрсэн, Монголд эмчилгээ хийлгэх боломжгүй гэсэн дүгнэлтийг эмч нар гаргасан. Энэ бол хүнлэг, энэрэнгүй төр байгуулах Үндсэн хуулийн зарчим. Олон улсын Хүний эрхийн комиссын акц, зүйл заалтуудад суурилж байгаа зүйл шүү дээ. Тиймээс энэ хүний эрүүл мэндэд хамгийн түрүүнд анхаарал тавих ёстой. Би хараат бус хүний эрхийн хуульч гэсэн байр суурин дээрээ ажиллана. Олон улсын байгууллагатай ч хамтарч ажиллаж байгаа. Төр засаг, Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой анхаарал тавина гэдэгт найдаж байгаа.
-Н.Энхбаяртай та хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Таныг удирдлагууддаа хэлээгүй тангараг өргөсөн гэх яриа гараад байсан?
-Оны өмнө арванхоёрдугаар сарын 28-нд уулзсан. Удирдлагууддаа хэлэлгүй тангараг өргөнө гэж байхгүй шүү дээ.
-УИХ-ын гишүүн Д.Арвины сонголт содон байсан. Таныг бас содон сонголт хийнэ гэж яриад байгаа?
-Би өмнө нь олон хэлсэн. Ардчилал шударга ёсны төлөө улстөрийн аль ч намыг бүрэн дэмжинэ. Ер нь намууд монголчуудыг талцуулж, хагаралдуулж байна. Гэхдээ би нам дамждаггүй, батлах цуглуулдаггүй. Эвслийн Засгийн газрын явуулж байгаа шударга ёс, нийгмийг шинэчлэх, авлигын эсрэг байх зарчмыг би дэмжиж байгаа.
-Тангараг өргөхгүй байсан гол шалтгаан юу байсан юм бэ. Таны оронд Э.Батшугарыг зүтгүүлэх гэж эвслийн гишүүд нэлээд оролдсон байх?
-Би олон удаа ярьсан. Дахин хэлэхэд би хүн чанар гаргаж, тангаргаа өргөхгүй олон сар явсан. Би хэлж байсан шүү дээ, гишүүнийхээ тангарагийг өргөнө, харин эрт орой аль нь вэ гэдэг л асуудал байсан гэж. Эвслийнхэнтэйгээ таарамжгүй байгаа гэж хэвлэлийхэн яриад байгаа, хэвийн харилцаатай байгаа. Том ах нь дүүгээ төрүүлэх, үгүйг мэддэггүйтэй адил УИХ-ын гишүүн бусдыгаа тангараг өргүүлэх эсэхийг шийдэж чадахгүй. УИХ-ын гишүүн төрийн сүлдэндээ тангараг өргөөд л бүрэн эрх нь хэрэгждэг. Манай хамт олон намайг сайхан хүлээж авсан. Албан ёсоор оргилуун дарсаа буудуулсан. Эсвэл шударга ёс, хүний эрхийн төлөө ажиллахын тулд тарж бутрах, зөрчилдөх шаардлагагүй. Гэхдээ зарчимч шаардлагыг нэгэндээ тавих ёстой. Миний хувьд гол асуудал дээрээ анхаарлаа төвлөрүүлж ажиллана.