Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж байна

Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар шинээр сонгогдсон Сандагийн Буджавтай уулзаж ярилцлаа.

С.Буджав 1979 онд Мандалговь хотод төрсөн. Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Монгол улс, Сингапур, Америкийн нэгдсэн улсын их, дээд сургуулиудад суралцаж боловсрол эзэмшсэн.    Эдийн засагч-математикч мэргэжилтэй. Олон улсын бизнесийн удирдлагын магистрын эрдмийн цолтой. Аймгийн Засаг даргын туслах, ЗДТГ-ын төрийн захиргаа, хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн, Хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад Засгийн газрын шийдвэрээр Америкт урт хугацааны сургалтанд хамрагдсан.  Англи, орос хэлтэй. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр 2004 оноос тасралтгүй сонгогдож байгаа.

-Шинэ хариуцлагатай албанд томилогдсон явдалд баяр хүргэе.

-Баярлалаа

-“Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” гэсэн төрийн албан хаагчдад хандсан таны уриалга сонирхол татаж байна.  Иргэд ч шинэ удирдлагаас их зүйл хүлээж байгаа нь мэдрэгдэж байна уу?

-Төрийн албанаас хоёр жил завсарлаад ирж байгаа болохоор зохих ёсны хүлээлт мэдрэгдсэн. Энэ нөхөр Америкт суралцаж ирээд  ямар арга барилаар ажиллах нь вэ гэж харж ч байгаа. Миний тухайд ямар ч ажилд томилогдсон “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлнэ” гэсэн бодол тээж ирсэн.  Удирдах хүний үлгэр дууриал гэдэг ажлын арга барилын нэг тал, ажил төрөл урагштай байхын нэг нөхцөл яах аргагүй мөн. Би уриалгадаа өөрийн биеэ авч явах соёл, ажил, амралтын дэглэм,  ажил дээр баримтлах зарчмыг тусгаж энэ жишээгээр ажиллахыг аймгийнхаа бүх шатны   төрийн албан хаагчдыг уриалсан юм.

-Бүрэн эрхийн хугацааны зорилтоо ИТХ-ын хуралдаан дээр тодорхойлсон байна.  Онцлог заримаас дурьдвал?

-Ирэх дөрвөн жил Дундговьчуудын хувьд  их хөдөлмөр буцалсан, хөлс гаргасан, бүтээн байгуулалт өрнөсөн жилүүд байх болно.  Үр дүн нь гэвэл  Монгол улсын хөгжлийн тэргүүлэх жишиг аймаг болсгоор хэмжигдэнэ. Монголчууд маань эрт дээр үеэс ”Голын эх тунгалаг бол адаг нь тунгалаг” гэж ярьдаг. Энэ агуулгаар голын эхэн дээр сууж байгаа Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, ИТХ-аас зөв тунгалаг бодлого, шийдвэр  гарч байх учиртай юм. Зочны сэтгэлээр биш, Дундговь гэсэн чин сэтгэлээр хандаж ажиллах учиртай. Бид Дундговь гэсэн нэг л гэртэй билээ. Тиймээс  бүх шатанд энэхүү хоёр зарчмыг мөрдлөг болгоно. Цалингаас цалингийн хооронд биш, хөгжлөөс хөгжлийн хооронд амьдардаг болно.

-Таны дэвшүүлсэн бодлогод “Төрийн одонтой аймаг болно” гэсэн содон үг харагдсан.  Энэ санаа хэрхэн төрөв?

-Төр амжилт бүтээл гаргасан иргэнээ  одонгоор шагнадаг. Хамт олонд ч энэ хүндтэй шагналыг хүртээдэг. Үнэхээр ирэх дөрвөн жилд хөгжлийн тэргүүлэх жишиг аймаг болж чадвал энэ шагнал ногдох л болно. Дал гаруй жилийн түүхтэй, дуу хуурын өлгий нутаг, хөгжлөөрөө улсад гайхагдаж тугаа одонгоор мялаах нь иргэн бүрийн хүсэл мөрөөдөл байхад юү нь болохгүй байх вэ.    Үүний тул хөгжлийн шаардлагад нийцсэн стандартуудыг бүх шатанд  нэвтрүүлнэ.

-Төлөөллийн ардчиллаас шууд ардчилал руу явна гэж ярьдаг. Төрийн ажилд иргэний оролцоог хангах талаар…?

-Иргэний дуу хоолой, Иргэний санаачлагын танхим, дөрөв дэх засаглал болох хэвлэл, мэдээлэл, ТББ-уудын оролцоог дэмжинэ. ИТХ-ын дэргэд оны эхнээс Иргэний санаачлагын танхимыг ажиллуулж эхэллээ. Энэхүү танхим байгуулагдснаар Иргэдийн төлөөлөгч, иргэний харилцаа сайжран бодлого шийдвэр цэгцтэй, бодитой  гарахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. ИТХ-ын дэргэд хүн амын давхрага бүрийн төлөөлөл оролцсон “Иргэний зөвлөл” байгууллаа. Энэ зөвлөлд  25 хүн орсон. Улирал тутам  энэ бүрэлдүүн шинэчлэгдэнэ.  Жилд 100 , дөрвөн жилд 400 иргэн төрийн хэрэгт  зөвлөх эрхтэй оролцоно гэсэн үг. Тэдний зөвлөгөө, санал, санаачилгыг ИТХ, түүний тэргүүлэгчид гарах шийдвэртээ тусгана. Иргэдийн саналд түшиглэсэн шийдвэр үндэслэл сайтай, амьдрах чадвартай байх нь эргэлзээгүй.

-Иргэд тунгалаг төрийг хүсэмжлэх боллоо.  Ялангуяа төсөв хөрөнгө, одоо сум болгонд хуваарьлагдаж байгаа орон нутгийн хөгжлийн санхүүжилтийг иргэд их сонирхож байх шиг…?

-Санхүүгийн ил тод, нээлттэй байдлыг хангахаа ИТХ-ын хуралдаан дээр илэрхийлсэн, төлөөлөгчид ч дэмжиж байгаа. Татвар төлөгчдийн хуримтлуулсан нэг төгрөг ч ард түмний нүдэн дээр ил тод зарцуулагдаж тэдэнд тухай бүр тайлагнах зарчим баримтлана. Тэдгээрийг хэрхэн , ямар төсөлд зарцуулж юү бүтээхийг  иргэдийн саналаар шийднэ.

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхай аймгийн нутагт олшрох хандлагатай байна.  Бас бичил уурхай сумдад ажиллаж байгаа. Энэ талаар ямар бодлого баримтлах вэ?

-Газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгалж зарим суманд уул уурхайн ажлыг шинээр эхлүүлэхгүй байх бодлого барина.  Бичил уурхай хэд хэдэн суманд байгаа. Иргэдээ орлогожуулахад хувь нэмэртэй ч байгаль орчинд ээлтэй бус төдийгүй олон сөрөг үр дагавартай байгаа нь анхаарал татаж байна. Энд ончтой, зөв бодлого хэрэгжүүлнэ.

-Та МАН-аас нэр дэвшиж энэ албан тушаалд сонгогдсон. Улс төрийн хүчнүүдтэй ажиллах тухайд?

-Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бол  улс төрийн албан тушаалтан ч гэлээ орон нутагтаа эв нэгдлийг илэрхийлэгч. Энэ утгаараа улс төрийн намуудын хамтын ажиллагаа, эв нэгдэл, улс төрийн соёлыг хангаж ажиллана.   Ингэхдээ боловсон хүчний шинэчлэлийг хийхээс аргагүй. Залуучуудаа гадаад, дотоодод сурах  бололцоог нэмэгдүүлнэ.  Дундговийн хүний үнэлэмжийг дээшлүүлнэ.
 Иргэнээ мэдлэгжүүлнэ.
Иргэнээ орлогожуулна.
Иргэнээ соёлжуулна. Ийнхүү иргэд рүүгээ хандсан тэднийхээ нүдийг тайлсан, орчин үеийн мэдээлэл технологид сургасан бодлого нь  хөгжлийн урагшлах хүч  гэж үзэж байгаа. Аймгийнхаа хөгжлийн төлөө улс төрийн бүх хүчинтэй хамтран ажиллах болно.

-За баярлалаа. Танд дахин амжилт хүсье.

                Ярилцсан    С.ПҮРЭВСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж