Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Норжмаагийн Тогтох. Монголын парламентад гурван удаа сонгогдсон эрхэм. Эгэл жирийн атлаа эрдэм номын том хүн. 1992 оны УИХ-ын сонгуульд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшихээр Дундговьд ирэхэд нь л анх зүс харсан. Түүнтэй ойр дотно явсангүй. Намын харьяалал өөр болохоор тав гурван үг солихоос цааш халуун яриа өрнөж өгөх ч биш.    Түүний сонгуулийн компани тун даруухан.  Хуучивтар ногоон “469”-өө өөрөө жолоодчихсон шиг явах. Энэ тэр сүр бараатай дагуул, хөтөч гэж үгүй. Сонгогчидтой тэр болгон улс төр яриад байхгүй. Ажил амьдрал асууна, ажил ярина. Ямар нэгэн өглөг, хишиг тараахгүй. Өөрөө ч улс төрийн гэхээсээ илүү ажил хэргийн хүн. Барилгын инженер гэсэн мэргэжлээрээ насаараа эрдмийн ажилтай ноцолдсон нэгэн.  Эхний удаа миний найз Содномын Батмөнхтэй хоёул сонгогдон парламентын гишүүний мандат өвөртөлсөн. Удаа нь Жамьянгийн  Отгонбаяр, сүүлийнхэд Жанлавын Наранцацралт гэж Ардчилсан намын хоёр залуутай дөрөө харшуулан Дундговь нутгийхаа хөгжил дэвшлийн төлөө гар нийлэн  ажилласан. Харин 1996  оны сонгуульд Н.Тогтох цаг уурч-сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй өрсөлдөхдөө бараг “Тавиулчих”   шахаж билээ. Уугуул сум Эрдэнэдалайдаа Шагдарсүрэнгээс цөөн санал авсан ч Дэрэн сумаас авсан 200 гаруй саналаараа “Шархаа нөхөөд” сонгогдсон юм. Энэ  үед л Дундговийн бүх сум төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, гэрэл гэгээтэй олон зүйл хийгдсэн.

Ерээд оны сүүлчээр  аймагт томхон наадам болоход УИХ-ын  эрхэм гишүүн маань мөнөөх ногоон “469”-өө өөрөө барьчихсан  хүрч иржээ. “За хүүхээ, тэр А ч гэнэ үү, Б ч гэнэ үү, зөвшөөрлийг аваад өгөхгүй бол  цагдаа нар алхуулахгүй байх шүү”  гэж Тогтох гуай сануулах, гуйх хоёрын хооронд хэлсэн ч баяр наадмын комисс, энэ тэр гэж давхиад би ч түүнд нь анхаарал хандуулж амжсангүй. Наадмын маргааш “За гишүүнээ, Таны хүсэлтийг уламжилж амжилгүй наадам дуусгачихлаа. “Төв Хорооны ширүүн хар” гэгдсэн  Цагаанламын Дүгэрсүрэн гуайг машинаа бариад хөдөө явж байхад нь замд таараад суусан эр “Энэ лухгар эр наадамд зодоглож байсан биз” гээд араас нь хүзүүг  базалсан шиг юм болов уу” гэвэл “Бараг л тэгэх шахлаа” гээд инээмсэглэж билээ.

Бас нэг явдал болсон нь нутаг ус нэгтэй Банзрагчийн Дэлгэрмаа сайдад нэр дэвшин УИХ дээр санал хураалт болоход Тогтох гуай  гараад явчихаж. Санал хураалтын дүн гарахад нэг санал дутсанаар нутгийн нь эрхэм гишүүн эмэгтэй сайд болж чадсангүй. Нэг бодлын Тогтох гуайг буруутгаж болох ч  өөр намын хүнийг дэмжиж “Намын төмөр мэт хатуу сахилга”-ыг зөрчиж түвдээгүй биз.  Бас нутгийн охины эсрэг санал өгсөн хэргээр хожим “Шүүгдэхгүйгээ” бодолцсон  байж ч магадгүй.

Тогтох гуай одооны залуус шиг оноо авах гэж “Миний Дундговио” гэж энд тэнд хашгираад явахгүй,  бас хэн нэгэн шиг усанд хаясан чулуу шиг алга болчихгүй.  Бүрэн эрхийн хугацаа дуусаад гурван сонгууль өнгөрсөн ч Тогтох гуай нутаг оронтойгоо амин халуун холбоотой. Өөрийн нь уугуул нутаг Эрдэнэдалайн тэмээ жилээс жилд цөөрөөд байгаа нь түүний сэтгэлийг байнга өвтгөнө. Тэгэхлээр Өлзийт сумаас хэдэн тэмээ худалдан авч нутагтаа “Төмөр сүрэг” өсгөх санааг тэр сэтгэсэн. Энэ талаар багагүй хөөцөлдсөн. Сумдын удирдлагын хүнд суртлаас шалтгаалаад энэ сайхан санаа бүрэн хэрэгжиж амжаагүй л яваа. “Төмөр тэмээ”  гэдэг тун энгийн ойлголт. Тодорхой тооны тэмээг малчинд хариуцуулна. Тав, арван жилийн дараа тэр нь яг тоогоороо байх учиртай. Төл, ашиг шим нь малчинд үлдэнэ. Хорогдол гарвал эрсдлийг малчин хүлээнэ. “Төмөр тэмээ” хэдэн жилийн дараа гэхэд сумын тэмээний тоог хэд дахин өсгөнө. Тэгээд ч зуд турхан боллоо гэхэд хамгийн тэвчээртэй, барагтайд хорогдохгүй, өл даадаг амьтан нь тэмээ. Тогтох гуайн  санаа тун ирээдүйтэй. Бүр тэмээний ач тусыг сурталчлаад тэмээний ноосоор хивс нэхчихсэн,түүгээр нь гоёмсог тохош хийчихсэн үзүүлж харуулаад явж байсан. Тийм л ажил хэрэгч хүн. Аливаад шинжлэх ухаанч хандана. Түүний амнаас унасан үг бүрээс нь шинжлэх ухаан үнэртэнэ. Эрдэм шинжилгээний байгууллагад энэ туршилтыг хийснийх нь дээж тэр.  Тэмээ гэдэг амьтны үнэ цэнийг өргөх гэж, “Улаан ном”-д орчихоос нь өмнө аврах гэж, тэмээний нутгаа тэр сүрлэг сайхан “Чимэг”-тэй нь хойч үедээ өвлүүлэх гэж сэтгэж зүтгэж яваа Тогтох гуайн хөдөлмөрийг үнэлж цэгнэдэг, дэмжиж тусладаг  ч болоосой.  Дундговьд тэмээний ноосоор хивс нэхдэг жижиг үйлдвэр байгуулсан ч юү нь болохгүй билээ. Говьд нас гүйцсэн нэг сайхан атан тэмээ гэхэд хоёр саяар үнэлэгдэх боллоо. “Төмөр тэмээ” өсгөж үржүүлж байсан  уламжлал Дундговьд бий. Бараг хоёр зуугаад жилийн өмнө Манж амбаны “Төмөр тэмээ” маллаж байсан  хүмүүс тус аймгийн Өндөршил сумынхны дээдсүүд гэлцдэг.     Бүр тэдний тэмээндээ дарж байсан байсан “Үржил” гэсэн уйгаржин монгол усэг бүхий тамга музейд бий.
Тогтох гуай аймгийнхаа бүх сумыг эрчим хүчний гачаалгүй болсонд сэтгэл ханадаггүй.  Аймгийн нутгийг аалзны шүлс шиг хэрсэн цахилгаан дамжуулах шугамын ойролцоох  хэдэн зуун өвөлжөө, хаваржаа руу нам хүчдэл буулган 24 цагийн эрчим хүчээр хангах  санааг бас сэдсэн. Олон өвөлжөө хаваржаанд нам хүчдэл буулгасан ч энэ сайхан санаачилгыг аймгийн үе үеийн удирдлага тэр бүр өргөжүүлэн дэлгэрүүлээгүй л байна.

Бас түүний нэг том санаачилга бол цаг агаарын мэдээг үүрэн холбооны сүлжээг  ашиглан малчин бүрд хүргэх “Мал сүргийг байгалийн гамшгаас авран хамгаалах холбоо мэдээллийн станц”-ыг аймгийн баруун, зүүн бүсийн төв, Эрдэнэдалай, Говь-Угтаалд байгуулсан явдал. Энэ бол бас л шинжлэх ухааны өгөөж. Мал сүргийг цаг агаарын болзошгүй аюулаас авран хамгаалах, аймгийн эдийн засагт үнэлж баршгүй ашиг өгөх энэ санаачилга нь зүгээр нэг цаг агаарын мэдээ хүргэх төдий ажил биш. Харин Эрдэнэдалай сумын баруун хойт зах руу хүчтэй салхи шуурга орж ирэхэд хэдэн цагийн дараа хаана хүрэх, түүнээс сэргийлж хаа хаана ямар арга хэмжээ авахыг түрүүлж мэдээлэх сүлжээ юм. Энэ станцын ачаар хичнээн мянган мал сүргийг авран хамгаалсныг тооцно гэвэл олон тэрбум төгрөгөөр илэрхийлэгдэх биз. Энэ бүх санал санаачилгаа ажил хэрэг болгохоор одоо ч Тогтох гуай Дундговиор аялсаар, ажилласаар, эгээ л Улсын Их Хурлын гишүүн үе шигээ ард иргэдтэйгээ уулзаж учирсаар сэтгэлийн үгийг сонссоор, хийж бүтээсээр  л явна. Норжмаагийн Тогтох гэж ийм л жинхэнэ төрийн хар хүн, эрдэм номын амт шимтийг мэдэрч түүнийгээ амьдралынхаа утга учир болгосон нэгэн.

                                С.ПҮРЭВСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж