Өнгөрсөн даваа гарагт Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужид “Southern Weekly” сонины сэтгүүлчид хотынхоо төв талбайд жагсаал зохион байгуулжээ.Тус сонины тэргүүн өгүүлэлдээ шинэ жилийн баярын мэндчилгээ гаргахын оронд Коммунист намыг магтан дуулсан нийтлэл оруулснаас хойш долоо хоногийн дараа энэхүү жагсаал эхэлсэн билээ.
Коммунист намын дотоод шинэчлэл, зөрчил, тэмцлийн тухай бичсэн байсныг нь цензурдэж гаргаагүйг буруушаасан байна.Энэ тухай “South China Morning Post” сонинд мэдээлснээс гадна Хятадын хамгийн олон хэрэглэгчтэй “Sina Weibo” блог сайтад мэдээлэл нь тархжээ. “Southern Weekly” сониныг эзэмшдэг “Southern Media Group”-д ажилладаг, нэрээ нууцлахыг хүссэн нэгэн сэтгүүлч “CNN”-д өгсөн ярилцлагадаа “Бид туйлдаа хүрсэн болохоор одоо тэмцэхээр босч байна” хэмээн ярьсан байна. Энэ байдал цаашид үргэлжлэх юм бол зарим сэтгүүлч ажил хаялт зарлахаа мэдэгджээ.
“Southern Weekly” бол нэг дугаар нь 1.6 сая хувь хэвлэгддэг, Хятадын хамгийн том, нөлөө бүхий сонин.Анх 1984 онд байгуулагдаж байсан.Түүнээс хойш Бээжин, Шанхай, Ченду зэрэг мужуудад, цаашилбал, Хятадын бүхий л том хотуудад тараагдан уншигчдадаа хүрдэг аж.Түүнчлэн Хятадын талаарх мэдээллийг хилийн чинадад хүргэдэг хамгийн том сонин хэмээн нэрлэж болох юм.Нэгэнтээ “New York Times” сонинд “Southern Weekly” бол Хятадын хамгийн либераль сонингуудын нэг” хэмээн тодорхойлж байжээ.Харин дотооддоо бол “Төвийн хэвлэл” хэмээн тодорхойлно.Тиймээс энэ удаад тус сонины сэтгүүлчдийн эсэргүүцлийн жагсаал хүчээ авч чадвал Хятадын нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дунд нэлээд сонирхолтой жишгийг бий болгож магадгүй юм.
Өнгөрсөн долоо хоногт “Southern Weekly” сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан нэлээд хэдэн хүн хамтдаа нэгэн нээлттэй захиа гаргасан билээ.Түүнд дурьдсанаар бол Гуандун мужийн суртал ухуулгын ажилтнууд тус сонины үйл ажиллагаанд нө-лөөлөхөөр удаа дараа оролдож, шинэ жилийн мэндчилгээ бүхий тэргүүн өгүүллийг нь солиод тавьчихсан юмсанж.Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн олонх нь иймэрхүү суртал ухуулгын хязгаарлалтад ордог.Харин энэ байдал удаан үргэлжилж болохгүй гэдгийг “Southern Weekly”-ийн сэтгүүлчид сануулсан юм.Энэ тухай тус сонины дарга нар “Хэвлэх үйлдвэрийн алдаанаас болж тэргүүн өгүүлэл солигдсон” хэмээн тайлбарлажээ.Болж буй үйл явдалтай холбогдуулан Гуандун мужийн Засгийн газраас ямар нэг тайлбар хийсэнгүй.
“Southern Weekly”-ийн сэтгүүлчид өнгөрсөн амралтын өдрүүдээр хоёр дахь захидлаа олон нийтэд хүргэв. Түүн дээр нь Хятад, Хонконг, Тайванийн нэртэй эрдэмтэн судлаачид гарын үсэг зурж, Гуанжу мужийн суртал ухуулгын албыг татан буулгахыг шаардсан байна. Цаашилбал, энэ асуудлаар сэтгүүлчдийн дунд мэтгэлцээн өрнүүлжээ.Харин “Southern Weekly” сонины мэдээний албаны дарга Ву Вэй дээрх тэмцэлтэй холбоогүй гэдгээ анхааруулж, Хятадын “Facebook” гэж нэрлэгддэг “Weibo” дахь албан ёсны хуудас руугаа нэвтэрч чадахаа больсноо мэдэгдсэн байна.Тиймээс Коммунист намын суртал ухуулагчдын эсрэг хийж буй сэтгүүлчдийн тэмцэлтэй “Southern Weekly” сонин огт хамаагүй гэх маягийн тайлбар өгчээ.
Хятадын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдох Ши Жинпин хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөтэй болгож магадгүй байгаа.Тиймээс дээрх тэмцэл нь Ши Жинпиний бодлогод нөлөөлөх гэсэн оролдлого ч байж болох юм.Энэ талаар Шанхайн Фудан их сургуулийн профессор Дуг Янг “Улс төрд шинэ хүн гарч ирэх бүрт ард түмэн түүнээс ямар нэгэн өөр зүйлийг хүсдэг.Яг одоо бол Гуандун мужид ч тэр, Бээжинд ч тэр удирдлагууд нь солигдох үйл явц болж байна” хэмээн тайлбарлажээ.
Өнгөрсөн баасан гарагаас эхлэн Хятадын онлайн хуудаснуудад “Southern Weekly” сонины сэтгүүлчдийн мэдэгдэлийг хайх боломжгүй болжээ.Энэхүү үйл явдалтай холбогдох үгийг хайлтын системээс хассан байна. Үүнээс өмнөхөн өнгөрсөн оны сүүлчээр Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн эд хөрөнгийн талаарх томоохон нийтлэл гаргасан “New York Times” сонины цахим хуудсыг Хятадад үзэхийг хориглож, цензурлэж байсан юм. Түүнчлэн Коммунист намын хэвлэлүүдийн нэг “Global Times” сонины даваа гарагийн дугаарт “Хятадын өнөөгийн улс төр, нийгмийн нөхцөл байдлыг дүгнээд үзвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чөлөөтэй болгох боломжгүй юм. Барууны орнуудад хүртэл мэдээллийн их урсгалыг Засгийн газар нь тодорхой хэмжээнд далдуур хянадаг” хэмээн бичжээ.
Энэ удаад сэтгүүлчдийн хувьд анхны тохиолдол болохоос биш үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн төлөө төрийн бодлогоо эсэргүүцэж байгаа олон хүн Хятадад бий. Тухайлбал, Хятадын зураач Ай Вэй Вэйг нэрлэж болно.Түүнчлэн одоогоос 23 жилийн өмнө Тянь Аньминий талбай дээрх оюутнуудын тэмцэл үүний хамгийн том жишээ юм.Ямартай ч энэ удаагийн сэтгүүлчдийн тэмцэл нэлээд өргөжих төлөвтэй байна.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин