Бондын талаарх мэдээллийг нууж байна гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Бондын талаарх мэдээллийг нууж байна гэв

Засгийн газраас гаргаад байгаа бондын хэмжээ нийтдээ хэд болсон, хүүнд нь Монгол Улс өдөрт хэдий хэмжээний мөнгийг төлөх, эргээд энэ нь ямар хүндрэл үүсгэх сөрөг талтай байна вэ гэдгийг тооцож үзэх зорилгоор УИХ дахь МАН-ын бүлэг ажлын хэсэг байгуулан ажилласан байна. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан ахалж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар багтжээ. Тэд өчигдөр хэвлэлийнхэнд хандан дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн тайлбарласнаар Сангийн яам, Монголбанкны мэдээллээр Монгол Улсын Засгийн газрын гадаад өр өнөөдрийн байдлаар 6.7 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээнд хүрчээ. Үүний гурван их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний өр нь 1990-2012 оны хооронд үүссэн өр аж.

Хөгжлийн банкнаас өнгөрсөн зургадугаар сард 580 сая ам.долларын бонд гаргасан, шинэчлэлийн Засгийн газар мөн оны өмнөхөн гадаад зах зээлд 1.5 тэрбум ам.долларын бонд гаргасан. Үүний хүүгийн өр нь өдөрт 270 орчим сая төгрөгийн хүү үүсгэж байгаа. Нөхцлийн хувьд “Чингис бонд”-ын 500 тэрбумынх нь хүүг таван жилийн дотор төлөх бол нэг тэрбумыг нь 10 жилийн хугацаанд багтааж төлөх ёстой. Арванхоёрдугаар сарын 6-нд “Чингис” бондын гүйлгээ хийгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар зөвхөн хүүнд найман тэрбум төгрөгийг төлөх тооцоо гарсан тухай мэдээллээ.

МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд “Чингис бонд”-ын ашиглалтыг хэрхэн үр ашигтай болгох вэ гэдэг дээр гол анхаарлаа хандуулж буй юм байна. Тиймээс энэ асуудлаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонсохыг хүссэн ч бүлгийнх нь хуралдаанд оролцоогүй. Гэхдээ Монголбанкны ерөнхийлөгч тус бүлэгт бондтой холбоотой асуудлаар мэдээлэл хийх үеэрээ “1.5 тэрбум ам.долларын бондын санхүүгийн менежмэнтийн гэрээг төв банк Засгийн газартай хийхээр нөхцлүүдээ тохирч байгаа” гэсэн. Харин Ерөнхий сайд эл гэрээг хийчихсэн гэж УИХ-д мэдээлэл хийх үеэрээ худал ярьсан. Энэ бол маш хариуцлагагүй алхам болсон” гэж гишүүд мэдэгдлээ.

Эл асуудлын хүрээнд бид зарим зүйлийг тодрууллаа.

-Монголбанк Засгийн газартай тодорхой нөхцөл тохирч байгаа гэлээ. Яг ямар нөхцөл тохирч байгаа юм бол?

-Л.Энх-Амгалан:1.5 тэрбум ам.долларынхаа 500 орчим сая ам.доллартай тэнцэх мөнгийг дотоодын арилжааны банкинд байршуулах, үлдсэн нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгийг гадаадын банкинд байршуулах судалгаа хийж Засгийн газартай тодорхой нөхцөл тохирч байгаа гэдгээ төв банкны ерөнхийлөгч хэлсэн.

-Энэ хэмжээний мөнгийг Монгол Улс дотооддоо шингээх боломж бололцоо бий юу. Та бүхэн энэ талаар судалгаа хийсэн үү?

Д.Хаянхярваа:-Эрх баригчид мэдээллээ бүрэн гүйцэд өгөхгүй байна. Тэгсэн атлаа Засгийн газрын тэргүүн олон нийтэд ямар нэг өр авлага төлөхгүй болсон менежмэнтээ хийчихсэн гэдэг байдлаар мэдээлэл хийж байгаа. Гэтэл үнэндээ хагас жил тутамд 35 сая ам.долларыг төлөх ёстой болж байгаа. Одоо ярьж байгаачлан 500 сая ам.долларыг дотоодын банкинд байршуулна гэж байгаа. Бидний хардаж байгаагаар арилжааны банкууд нь Засгийн газрын бондыг худалдаж авна. Нэг ёсны Засгийн газар нь гаднаас олж ирсэн мөнгөө арилжааны банкнаасаа мөнгө хүүлэх хэлбэр лүү шилжиж байна. “Чингис бонд”-ын зарцуулалтад хяналт тавих зорилгоор, Бодлогын зөвлөл гэдэг юм байгуулсан. Ерөнхий сайд ахлаад, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гээд тал талаас төлөөлөл оролцсон. Гэхдээ сөрөг хүчний зүгээс төлөөлөл оруулаад ил тод ярилцаж энэ их мөнгийг хэрхэн зөв менежмэнт хийж явах вэ гэдгээ ярих ёстой гэж бид үзэж байгаа. Одоо бид нэгэнт гадаад зах зээлээс босгоод ирсэн мөнгө дээр “Буруу юу” гэдэг тухай ярихгүй, хэрхэн зөв зарцуулах вэ гэдгийг анхааръя гэж байгаа юм. Гэвч энэ асуудлаа нуугаад байх юм.

-“Чингис бонд”-ыг яамдуудаар дамжуулна гэж анх ярьж байсан. Одоо бол Монголбанк менежмэнт хийх болж байна. Энэ нь их зөв алхам уу?

-Эхлээд яамдуудаар дамжуулаад зарчих юм ярьсан. Цөөнхийн бүлэг энэ асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандсаны эцэст Монголбанк бүрэн эрхийнхээ хүрээнд менежмэнтийг хийхээр болсон байна. Энэ бол маш зөв алхам.

-Монгол Улсын эдийн засагт 1.5 тэрбум ам.долларыг шингээх боломж бий юу?

-Хэцүү. Эрсдэл их гарна. Бид төв банкны ерөнхийлөгчөөс энэ талаар тодруулахад “Тооцоо хийгээгүй байгаа.  Макро эдийн засгийнхаа төлөв байдлаас хамаараад мөнгөө бага багаар эдийн засагтаа шингээх байдлаар гаргана” гэсэн. Тэгэхээр төсвийн тодотгол хийж, хүүг нь төсөвт суулгах байх, түүнээс Монголбанк шууд шийдээд явах боломжгүй.

-Бондын зарцуулалтыг үр ашигтай болгохын тулд одоо яах ёстой гэж үзэж байна вэ?

-Ямар, ямар төслийг санхүүжүүлэх вэ гэдгээ УИХ-аар хэлэлцүүлж байх нь зүйтэй гэсэн хатуу байр суурьтай байгаа, УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд. Тийм учраас гаднаас босгож ирж байгаа хөрөнгөөр ямар төслийг санхүүжүүлэх вэ гэдгийг тодорхой болгох хуулийн төслийг УИХ-д санаачилж өргөн мэдүүлэн батлуулах хүсэлтэй байгаа.

-“Чингис бонд”-ын өдөрт төлж байгаа хүүгийнх нь хувь хэмжээг бууруулах ч юм уу, төв банкны хүлээх алдагдлыг бууруулах боломж бий юу?

Ж.Эрдэнэбат:-Уг нь шинэчлэлийн Засгийн газар ямар хугацаанд юу хийхийгээ тодорхой болгосон хойноо гадаад зах зээлээс мөнгө олж ирэх байсан юм.  “Бонд гаргасан үеэс тооцохоор өнөөдөр хүү нь найман тэрбум төгрөгт хүрсэн байна. Засгийн газар ямар ч алдагдалгүй байгаа гэдэг үг худлаа. Хагас жил тутамд 35 сая ам.долларын хүүг Монгол Улс төлнө. Монгол банк төлнө үү, Засгийн газар төлөх байна уу тэр хамаагүй. Гэхдээ төв банк улсын мөнгөний бодлогыг тодоррхойлоод эрэлт нийлүүлэлтийг зохицуулаад явж байгаа байгууллага. 1.5 тэрбум ам.долларыг Монголын зах зээлд оруулаад буцаагаад гаргахад маш их хүндрэл үүснэ. Боломж ч байхгүй, төслөө хэрэгжүүлэх хугацаанд Монгол банк хариуцна гэж мэдэгдсэн. Монгол банкны мөнгөний бодлого дотор 1.5 тэрбумыг эргэлдүүлээд явах ажлыг хариуцаж байгаа. Ер нь бол гадаадын хөрөнгө оруулагч нар Монголын эрсдлийг 4.7 хувь гэж үзсэн. Бондыг худалдаж авсан дундаж хүү 4.7- 4.8 орчим хувьтай байгаа. Энэ нь Монголын эрсдэл ийм хэмжээнд байна гэдгийг харуулж байгаа хэрэг. Бид гадаадад хандахад 4.7-гоос их хүүгээр байршуулах боломжгүй. Яагаад гэвэл эрсдлийг 4.7 гэсэн учраас энэ хэмжээний алдагдлыг Монгол банк үүрэхээс аргагүй.

Нөгөө талдаа Монголбанкны бодлогын хүү 13 хувьтай байгаа, 13 хувийн хүүтэйгээр дотооддоо байршууллаа гэхэд энэ их хэмжээний мөнгийг хүүг байршуулах боломжгүй, гадаадад байршууллаа гэхэд 4.7 хувиар байршуулах боломжгүй. Тэгэхээр Засгийн газар тэрхүү сайхан хөтөлбөрөө хэрэгжтэл Монголбанк энэ хэмжээний алдагдлыг үүрээд явахаас өөр аргагүй байгаа.

-“Чингис бонд”-ыг ийм зүйлд зарцуулбал илүү үр дүнтэй юм аа гэдэг саналыг танай бүлэг гаргасан уу?

Л.Энх-Амгалан: УИХ-аас энэ асуудлыг хэлэлцэх хүрээнд тогтоол гаргаад зориулалтыг нь батлаад өгчихсөн. Төмөр зам, авто зам, цахилгаан станц гэсэн бүтээн байгуулалтад зарцуулна гээд.  Хамгийн гол нь техник эдийн засгийн үндэслэл нь боловсруулагдсан байх ёстой. Аль ч банк санхүүжүүлэхэд шаардлага хангасан төслүүд байх ёстой болж байгаа. Ийм хэдэн бэлэн төсөл байгаа вэ гэхээр Засгийн газар тодорхой хариулт хэлж чадахгүй байгаа юм.

-1.5 тэрбум ам.долларын хүүг төлөөд эхэлсэн, үгүй төлөөгүй байгаа гээд  зөрүүтэй мэдээлэл нэлээд цацагдах болсон. Үүнд тодорхой хариулт өгөхгүй юу?

-Ж.Эрдэнэбат:-Хүү төлөх ёстой гээд өрийн бичиг дээр дурдчихсан. Хүүгийн хэмжээ хоног хоногоор өсөөд яваа. Төлөх нөхцөл нь хагас жил тутмаар тооцогдоно. Хагас жил тутамд хүүгээ төлнө гэсэн нөхцөлтэй. Төлөгдсөн хүү байхгүй. Хагас жилийн дараа буюу ирэх тавдугаар сарын 6-нд “Чингис бонд”-ын хүүнд 35 сая ам.долларын хүү төлнө. Гэтэл энэ хугацаанд Засгийн газрын ярьж байгаа тэр их төсөл нь хэрэгжих үү гэдэг тодорхойгүй байна шүү дээ. Тэгэхээр хагас жилийн хугацаанд ямар ч үйл ажиллагаа эхлээгүй байхад бид 35 сая ам.долларыг алдах нь ээ гэдэг дээр л шүүмжлэлтэй хандаад байгаа юм.

-Засгийн газар, төв банк хоёрын зөвшилцлөөр бол 500 сая ам.долларыг дотоод дахь арилжааны банкинд, нэг тэрбум ам.долларыг нь гадаадын банкинд байршуулах нь. Энэ нөхцөлд эрсдэл гарах уу?

Л.Энх-Амгалан:-Хамгийн гол болгоомжлол нь дотоодын арилжааны банкууд дээр 500 сая ам.долларыг байршуулахаар ярилцаж байгаа явдал. Энэ 500 сая ам.долларыг гадаадын зах зээл дээр 4.7 хувийн хүү төлөөд авчирсан. Хэрвээ энэ мөнгийг буцаагаад арилжааны банкууд дээр байршуулаад эдгээр нь Засгийн газраас өмнө гаргасан бондын үлдэгдэл,шинээр гаргасан бондын өр нийлээд нэг их наяд гарсан. Энэ бондыг буцаагаад Засгийн газрын мөнгөөр авчих, арилжааны банкууд дунд нь мөнгө хүүлэх нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй шүү гэдгийг бид төв банкны ерөнхийлөгчид анхааруулсан. Хоёрдугаарт,  Монголбанк нэг тэрбум ам.долларыг гадаадад байршуулахад тодорхой хэмжээгээр валютын арилжаанууд хийгдэнэ. Энэ явцад эрсдэл бас гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас энэ бүхнийг маш том хяналтад байлгах ёстой. Бодлогын зөвлөлд Ардын намын бүлгээс тодорхой төлөөлөл орж хяналт тавих ёстой гэдэг асуудлыг бид энэ эрсдлүүдийг бодолцож тавиад байгаа юм.

-УИХ-аар Засгийн газрын бонд гаргах тухай асуудлыг ярьж байхад танай бүлгээс “Төсөл хөтөлбөр нь бэлэн болоогүй нөхцөлд олон улсын зах зээлд бонд гаргах нь эргээд хүүгийн төлбөрт унах эрсдэл рүү түлхэнэ гэх анхааруулгыг Засгийн газарт өгч байсан уу?

-Д.Хаянхярваа:-УИХ-ын чуулганаар Засгийн газрын үнэт цаас гаргах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байхад манай намын гишүүд маш сайн хэлж анхааруулсан. Бид өмнө нь 580 сая ам.долларын бондыг Хөгжлийн банк дэлхийн зах зээлээс босгоод эргээд ирэхэд зарцуулахад бэлэн биш байсан. Өөрөөр хэлбэл, тэрхүү 580 сая ам.доллараар санхүүжүүлэх төсөл хөтөлбөр байгаагүй. Тийм учраас үүнээс сургамж аваад төсөл хөтөлбөрөө бэлэн болгоод зах зээл дээр энэ мөнгийг босгох ёстой. Таван тэрбум ам.доллар гэдэг хэтэрхий их байна, ирээдүйд үүсэх өртэй холбогдуулж маш их анхааруулсан. Дээр нь дэлхийн зах зээл дээрээс мөнгө босгоход гадаадын санхүүчдийн ярмиагаар долоогоос найм, гурваас дөрөвдүгээр хамгийн тааламжтай гэж үздэг юм билээ. Энэ талаас нь ч бид анхааруулж байсан. Гэтэл шинэчлэлийн Засгийн газар өөрсдийнхөөрөө зүтгэсэн дээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж