Обамагийн сонголт зөв үү

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Обамагийн сонголт зөв үү

Ийм асуулт яг одоо олон нийтийн сүлжээгээр өрнөж байна. Обама үнэхээр зөв томилгоо хийх гэж байгаа юу? Өмнө нь Вьетнамын дайнд оролцож явсан, өдгөө 66 настай, экс сенатор Чак Хагел, Обамагийн өмнөх дөрвөн жилийн хугацаанд аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан Жон Бреннан. Энэ хоёр эрхэм яагаад олон нийтийн дургүйцлийг өөрсөд дээрээ татаж, Обамагийн эрсдэлтэй сонголт гэж хэлүүлэх болов?  Харах гээд оролдоцгооё.

“Таван өнцөгт”-ийн эзэн хэн бэ?

Барак Обама батлан хамгаалахын сайдаар Чак Хагелийг нэрлэж байгаагаа олон нийтэд АНУ-ын цагаар өнгөрөгч 7-ны өдөр зарлав. Басхүү салбараа хамгийн сайн мэдэх, АНУ-ын төлөө бүх зүйлийг хийсэн гэж магтаад амжсан юм. Энэ өдөр зарласан шүүмжлэлтэй томилгооны дэргэд Чак Хагел олны дургүйцлийг арай бага хэмжээгээр хүргээд байгаа гэхэд болно. Обамагийн эрсдэлтэй томилгоо гэж нэрлэгдээд байгаа Чак Хагел гэгч чухам хэн бэ?

Чак Хагел. Энэ хүн дайнд оролцож явсан нэгэн. Дарийн утаа үнэрлэж, салаагаа амжилттай удирдсан болохоор түүнийг АНУ-ын цэргийн салбарын одонгоор шагнаж байсан удаатай. Дайны дараа тэрээр бүгд найрамдах намыг сонгож улс төрийн замналаа эхлүүлжээ. 1970 оноос бүгд найрамдахчуудын дунд бага хэмжээний итгэлийг олж аван улмаар 1980 онд Рональд Рейганы ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны багт ажиллаж байсан түүхтэй. Амжилттай ажилласны дараа Рейган түүнийг Ахмад настны халамжийн зөвлөлийн дэд даргаар нэрлэж байсан ч тухайн үедээ амжилтыг эс олсон юм. Ийнхүү хэдэн жилийн турш олны нүднээс далд байж байгаад 1997 онд улстөрийн тавцанд эргэн гарч ирсэн байна. Энэ удаад тэрээр сенаторын дүрээр олны өмнө гарч ирсэн юм. Небраска мужаас сонгогдож 2009 оныг хүртэл 12 жилийн турш сенатын танхимд суужээ. Харин 2009 оноос Барак Обамагийн Тагнуулын асуудал эрхэлсэн зөвлөлийн, ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа юм.

Түүнийг ардчилагчдын талд илүүтэй хэлбийдэг гэж олон нийт үздэг. Арга ч үгүй юм. Бага Бушийн засаглалын үед Иракийн дайн, Израиль-Ливаны харилцаанд хөндлөнгөөс оролцож байгааг идэвхтэй эсэргүүцэж бүгд найрамдахчуудыг дараагийн сонгуульд ялагдал хүлээх болно гэдгийг зоригтойгоор хэлж байсан юм. “Бушийн явуулж байгаа бодлого үнэхээр буруу. Лалын ертөнц гэдэг бол өөрийн ертөнц. Израйлтай бид түүхийн аль ч үед ер бусын харьцаатай байсан үндэстэн. Энэ асуудалд манай улс хөндлөнгөөс оролцох нь олон улсын тавцанд нэр хүндээ алдах хамгийн том үндэслэл байх болно” гэж 2006 онд Небраскагийн нэгэн сонинд ярьж байжээ. Чухам түүний хэлсэн эдгээр үгсүүд 2006 оны Сенатын сонгууль болоод 2008 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээх гол үндэслэл болсон гэж олон нийт үздэг.
 
2009 он сенатын танхимаас тэтгэвэртээ гарсан ч түүнийг Барак Обама тагнуулын асуудал эрхэлсэн зөвлөхөөрөө авсан юм. Энэ цаг үеэс хойш түүний бодлогыг эрс шүүмжилж явсан хүний нэг нь энэ. Афганистан болоод Иракийн асуудал Ливи улсад явуулсан цэргийн бодлого зэрэгт шүүмжлэлтэй өнцгөөс хандаж байсан юм.  “Эзэнгүй айл шиг энэ улсыг бид муу, муухай, худал хуурмаг, гадны халдлагаас хамгаалах ёстой. Ард түмнийхээ өмнө бид ийм үүрэг хүлээдэг.  Гэхдээ учир утгагүй дайн хийх нь үнэхээр зөв үү, үгүй юу гэдгийг бодох л хэрэгтэй. Залуу америкчуудыг бид дайн тулаан, хүчирхийллийн дунд өсгөх ёсгүй” гэж 2010 онд Дейли Стар сонинд ярьж байжээ. Мөн тэрээр Обамагийн явуулсан ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрах, гэрлэлтийг хуульчлахыг ч идэвхтэй шүүмжилж байсан нэгэн. Ирак, Израйлын асуудлыг ч тэр байнга хөнддөг. Израйлийг тусгаар үндэстэн, Ирак бол тусгаар улс учраас дотоод асуудалд нь оролцоод хэрэггүй гэж үздэг.

Обама өөрийнх нь цэргийн бодлогыг эсэргүүцэж, өөрийнх нь эсрэг зогсдог хүнийг тэр тусмаа батлан хамгаалахын салбараа атгуулж,  “таван өнцөгт”-д эзэн суулгах нь үнэхээр зөв шийдвэр мөн үү?

Тагнуулын албаны чимээ

Нэгдүгээр сарын 7-ны өдөр олон нийтийн анхаарлыг татсан дараагийн томилгоо бол тагнуулын төв газрын удирдлагад өөрийнхөө зүгээс Жон Бренаныг дэвшүүлсэн явдал. Тэртээ тэргүй сүүлийн хэдэн сард өмнөх даргынх нь дэгдээсэн “секс скандаль”-с үүдээд чимээтэй байгаа тагнуулын байгууллага энэ томилгоогоор дахин хөдөлгөөнд орлоо. 2009 оноос Обамагийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд багтан ажиллаж байгаа Жон Бренан гэж чухам хэн бэ?

Жон Бренан. Анхнаасаа л тагнуулын төв газартай амьдралаа холбосон нэгэн. Ясны тагнуулч гэж түүнийг л нэрлэнэ. Анх ТТГ-т орохдоо Вашингтон дахь салбарт томилогдож тагнуулчийн ажлаа хийж эхэлсэн. Нэг ёсондоо Жеймс Бонд. Билл Клинтоны засаглалын үед тагнуулын хамаг мэдээллийг тэр л өгдөг байжээ. Сүүлдээ Саудийн Арабыг хариуцсан салбар хорооны даргаар томилогдож ажилласан гэх. Түүний намтарт бас нэгэн сонирхолтой түүх бий. 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон үйл явдалын дараагаар ТТГ-ынхан терроризмтой тэмцэх үндэсний төв гэгчийг байгуулахаар болж 2003 онд албан ёсоор байгуулж анхны даргаар нь түүнийг томиложээ. Ажиллах хугацаандаа тэрээр Иракын талаарх баримтыг цуглуулахад гар бие оролцож байсан нь тодорхой харагддаг. 2004-2005 оны хооронд жилийн хугацаанд энэ албыг хашиж байгаад албан тушаалаа өгчээ. Харин 2009 онд Обама түүнийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлдөө багтаан терроризмтай тэмцэх бодлого боловсруулах зөвлөхөөрөө ажиллуулж байсан юм. Ливи болоод Иракын тухай мэдээллийг цуглуулахаас гадна маш том нэгэн гавьяа байдаг нь Осама Бин Ладеныг устгах ажлыг амжилттай болгосон явдал. Угтаа Обамагийн засаглалын сүүдрийг арилгахад нөлөөлсөн чухал ажлыг тэр “чулуу” болгосон хэрэг.
 
“АНУ-ын тагнуулын байгууллагад өдөр бүр 1000 гаруй мэдээлэл ирдэг. Бид аль болох үүнийг мэдэж байхыг хичээдэг. Харин эсрэг талд террористууд ганцыг нь л амжилттай болговол их юм” гэж 2009 оны арванхоёрдугаар сард Берген Рекорд ярилцлагын цагаар орж байхдаа ярьж байжээ. Тэрээр 2009 оны зул сарын баярын үеэр Баруун хойд бүсийн агаарын тээврийн 253 дугаар онгоцыг дэлбэлсэн хэрэгт холбогдуулан Омар Фарук Абдулмуталлабыг шалгаж байсны дараахан энэхүү ярилцлагыг өгч байсан аж. Түүнээс хойш тэрээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дорвитой ярилцлага өгч байгаагүй. Олон нийтэд ил байгаа мэдээллээс харвал 2012 оны дөрөвдүгээр сараас Ливид явуулах цэргийн ажиллагаатай холбогдох бүх мэдээллийг Жон Бреннан цуглуулсан байна. Мөн Сомали, Афганистан зэргийг судлах тагнуулын бүх л төлөвлөгөөг тэр боловсруулсан аж.

Мэргэжилтнүүд энэ томилгоо хэрвээ нүдээ олвол нэг бол маш том амжилтыг дагуулна, нэг бол гадаадад явуулах цэргийн ажиллагаа улам идэвхжинэ гэж үзэж байна. Сирийн асуудлыг ч идэвхжүүлж болох юм гэдгийг зарим эх сурвалжууд баталж байгаа юм. Ямар ч байсан Барак Обама эдгээр хүмүүсийг томилох тухайгаа олон нийтэд зарласан. Гэхдээ албан ёсоор хараахан томилогдчихоогүй байна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж