Монголын сагсан бөмбөгийн спортод багагүй маргаан дэгдээгээд буй Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоодын удирдлагуудыг өчигдөр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч, уулзжээ. Уулзалтад МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, МСБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж, МҮСБХ-ны генсек С.Тулга нар оролцсон байна. Тэдний хөндсөн гол сэдэв нь сагсан бөмбөгийн лигийн тэмцээн. Тодруулбал, МСБХ-ны үндэсний дээд лиг болон МҮСБХ-ны супер лигийн тэмцээн юм. Сагсан бөмбөгийн спортын дээрх хоёр холбоод тус тусдаа лигийн тэмцээнийг зохион байгуулахаар болсон нь маргааны бай болоод буй. Харин салбар хариуцсан сайдын тухайд холбоодын үйл ажиллагаа, сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх талаар хийж буй ажлын талаар сонсч, эцэст нь МСБХ болон МҮСБХ-дыг тус тусдаа лигийн тэмцээнийг зохион байгуулахыг нь зөвшөөрсөн байна. Түүнчлэн хоёр лигийн тэмцээний нээлтийн ёслолд өөрийн биеэр оролцохоо ч хэлжээ.
Хамгийн сонирхолтой нь, үндэсний дээд лиг болон супер лигийн тэмцээнээс шалгарсан багуудын хооронд ирэх тавдугаар сард Лигийн аваргуудын тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.
Түүнчлэн одоогийн хууль, эрх зүйн хүрээнд сагсан бөмбөгийн хоёр холбоо ажиллаж, үйл ажиллагаагаа явуулах үндэстэй гэдгийг ССАЖ-ын сайд хэлжээ. Гэхдээ ирэх хаврын чуулганаар ССАЖЯ-наас санаачлан Спортын төрийн бус байгууллагуудын тухай хуулийн төслийг оруулахаар болсон гэнэ. Ингэснээр нэг төрлийн спортод нэгээс дээш тооны холбоод хамтран ажиллах эрх зүйн орчин бий болох юм.
Харин сагсан бөмбөгийн шигшээ багийн тухайд хоёр холбооны лигийн тэмцээний дараа болох аваргуудын тэмцээнээс үүдэн ССАЖЯ, МҮОХ, сагсан бөмбөгийн холбоодын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг гарч, шигшээ багийг бүрдүүлэхээр болсон байна.
Г.ДАША