Хятад маргаантай бүсэд дахин нэвтрэв

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Хятад маргаантай бүсэд дахин нэвтрэв

Хятад болон Японы хооронд газар нутгийн маргаантай байгаа Сенкаку (Дяоюйдао) арлын ольтригийн бүсэд Хятадын хөлөг онгоц нэвтэрсэнтэй холбогдуулан Японы Гадаад хэргийн яамнаас албан ёсны эсэргүүцлийг БНХАУ-д өгчээ.

Өнгөрсөн даваа гаригт Хятадын эргүүлийн дөрвөн хөлөг онгоц маргаантай арлын бүсэд нэвтэрсэн байна. Энэ бүсийг орхих Японы хилчдийн шаардлагыг тэд үл тоомсорложээ.  Мөн тэр өдөр Хятадын тэнгисийн цэргийн хөлөг онгоцнууд “ердийн хууль ёсны эргүүлийн ажиллагаа” явуулсан гэж БНХАУ-ын далай судлалын газраас мэдэгдсэн байлаа. Тэд тус орны газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамгаалах үүднээс дээрх ажиллагааг явуулсан гэнэ.

Япон Сенкаку (Дяоюйдао) арлуудыг 1895 онд өөрсдийн нутагт хамруулсан ба тэд хүн ам суудаггүй хэний ч биш хоосон арлууд байсан гэж Токио хэлдэг. Харин Бээжин эдгээр газар нутаг нь Хятадтай байлдах үеэр япончуудад булаан эзлэгдсэн учраас тэднийг буцаах ёстой гэж шаардаж байгаа билээ. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн Хятад маргаантай бүсэд хөлөг онгоцнуудаа тогтмол оруулах болсон ба хариуд нь Токио албан ёсны эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж