-Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтыг хэрхэн цөөлсөн бэ?
-Иргэдээс ирдэг гомдлыг үндэслэн гаалийн бүрдүүлэлт хийх цаг хугацаа, хүндрэлийг багасгах замаар гадаад худалдааг хөнгөвчлөхийн тулд ийнхүү гаалийн бүрдүүлэлтэд шаардлагатай бичиг баримтыг дөрөв болгон цөөллөө. Шинэ зохицуулалтаар дөрвөн бичиг баримтыг гаалийн бүрдүүлэлтэд шаардана. Үүнд тээврийн аль хэрэгслээр тээвэрлэж байна гэдгийг харгалзахгүйгээр гадаад худалдааны гэрээ эсвэл үнийн нэхэмжлэх, тээврийн бичиг баримт, тарифын бус хязгаарлалтад хамаарах барааны зөвшөөрөл лиценз, хууль тогтоомжид тусгайлан заасан бараанд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт тус тус хэрэгтэй. Энэ дөрвөөс эхний хоёр нь үндсэн бичиг баримтад тооцогдоно.
-Тарифын бус хязгаарлалтад хамаарах барааны зөвшөөрөл гэж юуг хэлж байна вэ?
-Энэ бол онцлогтой бараа. Үндэсний, хүнсний, эрүүл ахуйн аюулгүй байдал, орчин тойрондоо хор хүргэж болзошгүй бараанд заавал төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөл шаарддаг. Жишээ нь, эм, тан оруулж ирж болж байна. Энэ тохиолдолд стандартыг хангасан эм тан оруулахгүй бол бидний үр хүүхэд ч хордож, амь эрсдэх аюултай шүү дээ. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас дүгнэлт гаргуулах жишээний. Мөн одоо үед уул уурхайн бүтээн байгуулалт өрнөж байгаатай холбоотойгоор тэсэлгээний бодис оруулж ирж байна. Иймэрхүү аюултай бараа бүтээгдэхүүнийг дэлгүүрийн лангуун дээр зүгээр ч нэг зарахгүй учраас тарифын бус хязгаарлалтад хамаарах бараа гэж тооцож, зохих салбарын төрийн байгууллагуудын зөвшөөрлийг шаарддаг юм.
-Бичиг баримт ингэж цөөрснөөр гаалийн хяналт шалгалт сулрах сөрөг үзэгдэл гарахгүй гэсэн баталгаа бий юү?
-Гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг үндэслэлгүйгээр цөөлөөгүй гэж хэлж болно. Бизнес эрхлэгч гаалийн бүрдүүлэлт хийхийн тулд хэдий хугацааг яаж зохицуулдаг юм бэ гэдгийг судалж үзсэн. Ингэхдээ Замын-Үүдийн, Улаанбаатарын, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газруудад судалгаа хийж, манай байгууллага Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтраад УИХ-д өргөн барьсан юм. Хэдийгээр урьд нь бүрдүүлдэг байсан есөн бичиг баримтыг цөөлсөн ч үндэсний болон хүн ам, удмын сангийн аюулгүй байдалд сөрөг нөлөө гарах, улсын хяналт сулрахгүй. Харин ч ийнхүү тоог цөөрүүлснээр хяналт шалгалт чанд тодорхой болох юм.
-Гаалийн бүрдүүлэлт хийхэд компаниуд ихэвчлэн ямар алдаа дутагдал гаргадаг вэ?
-Компаниуд бүрдүүлэх материалаа дутуу авчраад цаг хугацаа алддаг. Гэтэл бэлэн бүрдсэн бичиг баримт дээр ажиллаад зөвшөөрөл олгоход гаалийн байгууллагын хувьд хоёр цаг л шаардлагатай. Гаалийн бүрдүүлэлтээ хийгээд, гадаадаас бараа татаад, эсвэл гаргаад сурчихсан компаниуд бол бүх зүйлээ мэддэг хүндрэлгүй бүрдүүлээд л зөвшөөрлөө аваад явдаг. Харин хуулийн заалт, гаалийн бүрдүүлэлтийн шаардлагатай бүрэн танилцаагүй компаниуд, жишээ нь, бараа бүтээгдэхүүний тоо ширхэг, үнэ тарифыг бүрэн тодорхой болгоогүй,чанар, аюулгүй байдлын дүгнэлт гаргуулаагүй зэрэг дутагдал гардаг юм. Ингээд л буцаагддаг.
-Гаалийн хяналт шалгалт хөшигний цаагуурх ажил болоод байна гэдэг шүү дээ. Тэгэхээр гааль дээр бараа бүтээгдэхүүнийг хэрхэн үнэлдэг вэ?
-Үндсэндээ хоёр аргаар үнэлдэг. Нэгдүгээрт, тухайн компанийн гадаад худалдааны гэрээнд заасан бараа бүтээгдэхүүнийг үнэлсэн байгаа суурь үнээр нь үнэлж, татвар тооцох. Үүнийг хэлцлийн үнийн арга гэдэг. Хоёрдугаарт, гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт зөрчилтэй, дутуу бол урьд нь гаалиар нэвтэрч байсан ижил төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэж тооцдог юм. Үүнийг нэг төрлийн барааны хэлцлийн арга гэдэг. Гэтэл энэ жиших үнэлэмжийн арга компаниудад их эрсдэлтэй шүү дээ. Ашиг илүү олох гээд бараа бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг дутуу мэдүүлээд бага хэмжээний бүтээгдэхүүнд бага татварөө төлөх гэсэн биш, харин ч хяналт шалгалтаар илрээд түүнээсээ илүү хохирол амсана. Учир нь ингэвэл ижил төрлийн бүтээгдэхүүний жишиг үнээр үнэлэгдээд өндөр татвар дээр ч унах тохиолдол байна. Үүнээс цаашлаад бараа бүтээгдэхүүнээ үнэн зөв, бүрэн гүйцэт мэдүүлээгүй бол тухайн барааг улсын орлого ч болгож болно.
-Шууд улсын орлого болгоно гэж үү?
-Санаатайгаар хариуцлагаас бултсан, өмнө нь ийм төрлийн зөрчил гаргаж байгаад одоо ч мөн тийм зөрчил гаргасан бол тухайн компанийн бараа бүтээгдэхүүнийг нь хурааж авна. Мөн өөр нэг арга хэмжээ нь, жишээ нь, 1200 ширхэг LCD телевизорыг 1000 гээд дутуу мэдүүлсэн байг. Тэгвэл шалгалтаар илрүүлээд 1000 гээд мэдүүлсэнд нь татвар ногдуулаад нуун дарагдуулсан 200 ширхэг LCD телевизорыг улсын орлого болгх, эсвэл энэ нуун дарагдуулсанд нь нөхөж татварыг ногдуулаад үүний 30 хувийн ч юм уу торгууль ногдуулж болно.
-Иймэрхүү зөрчил хэр гардаг вэ?
-2012 оны байдлаар Гаалийн байгууллагатай холбогдох 50 эрүүгийн гэмт хэрэг, 3800 орчим захиргааны зөрчил гарсан. Үүнээс 30 хувь нь бараа бүтээгдэхүүнээ буруу, дутуу мэдүүлдэг зөрчил эзэлдэг юм.
-Тэгвэл яг ижилхэн бараа, бүтээгдэхүүнийг өөрөөр үнэлдэг өчнөөн тохиолдол бий. Яагаад ингэдэг юм бэ. Зөвхөн байцаагчийн өнгө үзэмж гэж үү?
-Байцаагчийн үнэлэмжийн асуудал биш. Ямар ч тохиолдолд яг адилхан үзүүлэлт, бусад хүчин зүйлсээс хамаарсан үнэ ханштай бараа хилээр орж ирж байхад өөрөөр үнэлэх ёсгүй. Жишээ нь, хоёр ижил загварын марк, хүчин чадал, өнгө үзэмж, үйлдвэрлэсэн он бүгд ижил байлаа ч машинаас шалтгаалах хүчин зүйлээс хамаарахгүйгээр бусад шалтгаан нь үнэлэхэд бас нөлөөлдөг. Тодруулбал, Тоёота маркийн автомашиныг Японоос оруулж ирлээ гэж бодъё. Үүнтэй яг ижилхэн машиныг Бээжингээс оруулж ирлээ. Гэтэл энэ хооронд гадаад улсаас Монголын гааль хүртэлх тээврийн зардлыг тооцож үздэг. Энэ мэт тухайн машины бодит үнэ дээр Монголын гааль хүртэлх тээврийн зардлыг нэмж тооцож гаалийн үнийг гаргаж ирээд татвар авдаг. Ингээд л иргэдийн нүдэнд улсын байцаагч ашиг сонирхлоо бодоод хуйвалдаад ижилхэн барааг ялгавартайгаар үнэлээд байна гэсэн өнгөн дүгнэлттэй байдаг байх. Харин үнэхээр иймэрхүү зөрчил гарч байна гэж бодсон бол иргэд зохих баримт нотолгоотойгоор бидэнд шууд хандаж үнэн байдлыг тогтоож болно.
-Цаашид гадаад худалдаанд бизнес эрхлэгчид, компаниуд юуг анхаарах хэрэгтэй бол?
-Тэгэхээр үндсэн хоёр бичиг баримтад анхаарах хэрэгтэй. Гадаад худалдааны гэрээ гэдгийг хүмүүс хамтарч ажиллаж байгаа нийлүүлэгч болон худалдан авагчийн гарын үсэгтэй гэрээг хэлнэ гэж ойлгодог. Гэтэл энэ гадаад худалдааны гэрээ гэдэгт бараа нийлүүлэгч, хүлээн авагч талын мэдээлэл, харилцах утасны дугаар, байршил, барааны нэр төрөл, зориулалт, нэгжийн үнэ, нийт үнэ, нэг бүрийн цэвэр жин, гарал үүслийн тодорхой мэдээлэл багтсан байх ёстой.
-Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ?
-Аливаа хууль тогтоомж батлагдаад, хэрэгжиж эхлэх цаг хугацааг нь тодорхой заасан бол тэр хугацаанаасаа хэрэгжинэ. Хэрэв тодорхойгүй байвал Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараанаас хэрэгжиж эхлэх хуулийн зохицуулалт байдаг юм. Тэгэхээр Гаалийн тухай хууль нэгдүгээр сарын Төрийн мэдээлэл эмхэтгэлд гарсан байгаа бөгөөд нэгдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхлэх байх. Одоогоор гаалийн байгууллагын бүх харьяа хэлтсүүд шинэчлэгдсэн хуулийн зохицуулалтад бэлтгэсэн байгаа. Хэрэгжиж эхлэх цагаас л хуулиа мөрдөөд ажиллахад бэлэн гэсэн үг.