“Үндсэн хууль төвөөс зугтах хүчний үйлчлэл дор төрсөн”

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

“Үндсэн хууль төвөөс зугтах хүчний үйлчлэл дор төрсөн”

Одоогоос 21 жилийн өмнө монголчууд шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталж байсан билээ. Сүүлийн үед  улс төрийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар санал, санаачилга гарах болсон талаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй хийсэн ярилцлагыг  хүргэж байна.

-Хэдхэн хоногийн дараа шинэ ардчилсан Үндсэн хуулийн 21 жилийн ойг тэмдэглэнэ. Гэхдээ цөөнгүй улстөрчид, үүний дотор та, танай намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг байнга  хөнддөг. Ингэж хөндөх болсон гол шалтгаан юу вэ?

-Үүний тулд өнгөрсөн 21 жилийн нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд гарсан олон өөрчлөлтийг нухацтай авч үзэж, үнэлэлт дүгнэлт өгөх ёстой болов уу гэж бодож байна. 1992 оны Үндсэн хууль бол 1911 оноос эхэлсэн 20 дугаар зууны монголчуудын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлынхаа төлөөх олон жилийн тэмцлийн логик үр дүн юм. Өнөөдрийн монголчууд чухамдаа сүүлийн 300 жил байгаагүйгээр, хэн нэгнээр заалгалгүй, хэн нэгнээс хараат бусаар алдаа оноотой ч гэсэн өөрсдөө төр засгаа байгуулж, бодлого чиглэлээ гарган улс гэрээ төвхнүүлж байна. Энэ бол ардчилсан Үндсэн хуулийн хамгийн том гавьяа мөн. Энэ бие даасан байдлаа олж авах гэж бид 20 дугаар зууны турш маш өндөр үнэ төлсөн. Өнөөдөр Монгол Улсын олон улсын нэр хүнд өсч, биднийг ардчилсан Монгол Улс гэж харж байна. Энэ бас Үндсэн Хуулийн гавьяа. Хувийн өмч давамгайлсан эдийн засаг, хэвлэл мэдээллийн бие даасан засаглал, хүний эрх, эрх чөлөөний хүрээнд олж байгаа даруухан боловч амжилтууд… гээд энэ болгоныг хэн нэг нь бидэнд бэлэглээгүй, нэг өглөө тэнгэрээс унаагүй, энэ 21 жилийн турш нийт монголчуудын олсон амжилт юм. Гэвч олон жил үндэстний шаналгаа болж байгаа ядуурал, гуйланчлал, хавтгайрсан архидалт, баян хоосны, хөдөө хотын хэт их ялгаа, нийгэмд шудрага ёс, итгэлцэл  улам бүр алдагдах болсон  гэх мэт шийдлээ хүлээсэн олон социальный асуудлууд чухамдаа өнгөрсөн 20 гаруй жилд л бий болсон нь иргэн хүний ч, төр засгийн ч нийгмийнхээ өмнө хүлээх эрх үүргийн харьцаа алдагдсан, эрх чөлөө хариуцлага хоёр балансжаагүй Үндсэн хуулийн тогтолцооны гажигаас үүдэлтэйг сүүлийн үед улам их ярих боллоо. Бас нэг маш их анхаарах ёстой зүйл нь дэлхий ертөнц өөрөө  их өөрчлөгдөж байна. Цөөн тоотой үндэстнүүд байгалын баялагаа цөлмүүлэх өөрсдөө бүдэгрэх, уусах, устан алга болж ч мэдэх аюулын өмнө байна. Товчхондоо цаг үе өөр болсон, дотоод  гадаад нөхцөл байдал эрс өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал тулгамдсан асуудал болоод байгаа.

-Нийгмийн чиглэлийн асуудлыг одоогийн Үндсэн хуулийн хүрээнд шийдэж чадахгүй гэж үү?

-Маш хүнд, асар их хугацаа орно. Хэлбэр тал нь соёлжсон өнгө аястай харагдаж болох боловч ерөнхийдөө  барууныхны зэрлэг капитализмын үеийг туулсан тэр замналаар явна гэсэн үг. Монгол үндэстэн энэ бэрх замыг туулахдаа тэсч үлдэж чадах уу гэдэг ноцтой асуудал байгаа. Бид өрнөдөд болсон үйлдвэржилтийн үеийг туулаагүй ард түмэн шүү дээ. Өнөөдрийн үндсэн хууль маань үйлдвэржилтийн үеээ туулсан, дэлхийн дайнуудын голд байсан, арьсны өнгө, шашин, үндэстэн хоорондын үзэн ядах үзлийг олон жилээр даван туулж буй орнуудад байдаг үндсэн хуулиас эх загвараа авсан байгааг бүгд мэднэ шүү дээ. Энэ өнцгөөс харах юм бол Үндсэн хууль маань манай уламжлал, өнөөгийн нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, түүний хүлээгдэж буй хөгжлийн тэмүүлэлтэй тэр бүр уялдахгүй байгаа талтай.

-Тэгээд Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол агуулга нь юунд чиглэх вэ?

-Түрүүн цаг үе, нөхцөл байдал өөр болж буй тухай хэлсэн. Орчин үед хөгжих тухай ойлголтын ард яг юу хүсч байгаагаа нарийн тооцох ёстой болж байгаа. Тэгэхгүй бол хөгжинө гэж хөөрцөглөж бүх юмаа нээлттэй яваад эргээд бусдын идэш болж, үндэстнээрээ золиослогдох эрсдэл байгаа. Иймээс л Үндэсний эрх ашгаар засаглах, үндэсний эрх ашгийг нэгдүгээр эрэмбэнд тавих боломж бүхий өөрчлөлтийн концепцируу чиглэх ёстой болно. Улс төрийн тогтолцоогоо илүү чамбайруулах, төрийн институцуудын эрх үүргийн нэдлийг хангаж өгөх, нийгэм эдийн засгаа дунд, урт хугацаанд төлөвлөж хөгждөг горимд шилжих, хүн ам нутагшилт, байгаль орчны аюулгүй байдал, хот төлөвлөлтийн асуудлуудыг иж бүрэн шийдэх бололцоог Үндсэн хуулиараа хангах зэрэг үндсэн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй байгаа. Харин хувийн өмч, олон ургалч үзлийн хүрээнд хүрсэн түвшингээ хэрхэвч сулруулж болохгүй юм. Бас одоогийн Үндсэн хууль маань өөрийгөө хайр найргүй шүүмжлэх бололцоо олгож байгаа иргэний эрхийн тэр боломжийг  хэвээр авч  үлдэх хэрэгтэй.

-Та жил бүрийн арванхоёрдугаар сард болдог ардчиллын баярыг тэмдэглэдэг үү?

-Тэмдэглэдэг ш дээ. Би Ардчилсан холбооны анхны зохицуулагчдын нэг, АН-ыг үүсгэн байгуулагчдын нэг юм шүү дээ. Энэ утгаараа 90-ээд оны нийгмээ ардчилах улс төрийн тэмцлийн он жилүүд миний амьдралын хамгийн гайхамшигтай дурсамж байдаг. Олон газар уулзалт ярилцлага хийж олон хүнд МоАХ, АН-ын батлах гардуулж бас тун амаргүй бэрхшээл сорилтыг туулж явлаа. Одоо бол ардчиллын тухай, түүний сайн муу тал, хэмжээ порц, бусад улсуудын туршлага гэх мэт олон талаас нь эрэгцүүлж боддог болсон гэх үү дээ.

-Өнөө цагийн Монголын ардчилалд ямар үнэлэлт дүгнэлт өгдөг вэ?

-Ер нь бол ардчилал дангаараа үзэл санаа, хөгжлийн бэлэн жор биш юм. Ардчилал хүн төрлөхтний нийтлэг үнэт зүйл, хөгжлийн боломж мөн. Энэ утгаараа улс орон бүр өөрийн онцлог байдлаасаа хамааран ардчиллыг хөгжүүлж байна. 90-ээд оны ардчиллын романтизм буюу ардчилал, чөлөөт зах зээлийн хэтэрхий хялбаршуулсан гэнэн төсөөлөл төгсгөл болж прагматик ардчилал буюу чухамдаа амь дүйсэн зэрлэг капитализмтай нүүр тулахад л бид Монголчуудын ардчилсан нийгмийн дэг журам ямар байх юм, яаж авч явах ёстой вэ гэдгээ бодож эрэгцүүлэх болсон. Өнөөдөр бидэнд буюу монгол төрд, монголын ардчилалд  хамгийн их дутагдаж байгаа юм бол мөнгө биш харин үндэстний хүсэл тэмүүллийг сэрээх шинэлэг үзэл санаа, хүчирхэг сэтгэлгээ дутагдаж байна.

-Яагаад? Баруун зүүний намууд өрсөлдөж социалист, социал демократ эсвэл либерал либертари үзлүүд номлож байгаа биз дээ?

-Сүүлийн жилүүдэд тендэр, албан тушаал тойрсон тэрсэлдээн, зодоон болж байсан болохоос үзэл санааны эрүүл өрсөлдөөн байхгүй болсоон. Дээрх үзлүүдийн хэсэг бусаг илрэл байгаа болохоос системтэй улс төр, нийгэм эдийн засгийн цэгцэрсэн платформ бүхий системность буюу бүхэл цогц, иж бүрдэл огт бий болоогүй байгаа. Дээрээс нь тэрсэлдээнээ өрсөлдөөн гэж буруу ойгож бүр хамгийн муу урхагтай нь олон нийтэд буруу ойлгуулж байгаа. Энэ оюун санааны хүрээнд үүссэн будилаанаа цэгцэлж байж ардчилал мөн чанараараа хөгжих болно.

-Танай намынхан Үндэсний үзэл дээр суурилсан ардчилал хөгжүүлнэ гэдэг бил үү?

-Хэдэн жилийн өмнө  бидний хэсэг нөхөд МҮАН-ыг сэргээн байгуулсан нь зүгээр нэг гомдол тунирхал, жижиг зөрчилөөс үүдэлтэй биш юм, чухамдаа нийгмийг үзэл санааны мухардлаас гаргах эрэл хайгуулын явцад МҮАН төрсөн гэж хэлж болно. Бид Монголчуудын үндэсний эх орон ч үзлийг Монгол төрийн улс төрийн бодлого болгох ёстой гэж хэлдэг. Ардчиллын хамгийн том гавъяа нь монголчууд үүх түүхээ эргэн харж, үндэсний эрх ашгаа сэхээрч, ухааран үндэсний үзлийг улс төрийн бодлого болгох боломжийг авчирч байна, харин  үндэсний үзэл нь ардчилал завхрал болохгүй байх, ардчилал нэрийн дор бусдын идэш, бусдын хараат болохгүй байх тэр үндэсний эрх ашгийн хил хязгаарыг тогтоож өгөх болно.

-Үндэсний үзлийг яаж улс төрийн бодлого болгох вэ. Хамгийн том жишээ нь юу байж болох вэ?

-Дахиад л Үндсэн хуулийн  асуудлыг л хөндөх хэрэгтэй болох байх. Үндэсний эрх ашгийг засаглалын хамгийн дээд эрэмбэндээ байлгаж чадах тийм улс төрийн тогтолцоог бий болгож чадвал энэ нь үндэсний үзэл улс төрийн бодлого болж буй хамгийн  гол илрэл болов уу.

-Бусад улс орнуудын туршлага, үндсэн хуулийн өөрчлөлтийн сургамж ямар байгаа вэ?

-Өнөөдрийн  Үндсэн хууль  хүйтэн дайны үеийн дараа, ЗХУ-ын задралын дараа, ардчиллын шинэ давалгаа дэлхий дахинд өрнөж байсан тэр үед  буюу гадаад, дотоод нөхцөл байдлын  хувьд “төвөөс зугтах хүчний үйлчлэл” дор батлагдсан шүү дээ. Хуучин  пост коммунист орнуудаас хамгийн түрүүнд шинэ Үндсэн хуультай болсон орнуудын нэг нь манай улс юм. Өөрөөр хэлвэл шилжилт хийж буй орнуудын хувьд түрүүлнэ гэдэг нь сайн гэхээсээ илүү “туршлагын туулай” болсон гэж харагдаж байгаа. Мөн өрнөдийн их гүрнүүд шилжилтийн орнуудыг яаралтай “Үндсэн хуульжуулах” идеологи хүчтэй явуулсан байдаг. Тэгэхэд Польшид 1997 онд, Казахстанд 1995 онуудад шинэ үндсэн хуулиа баталсан бол Унгар бүр саяхан 2011 онд олон сургамжийг тооцон байж шинэ Үндсэн хуультай боллоо. 1980-аад онуудад азийн бар болтлоо хөгжсөн Тайланд 2007 онд, Европын цээжинд орших Нидерланд 2010 онд, байгалын баялагаа гадныханд цөлмүүлж байсан Нигер, Нигериа зэрэг улсууд 1999 онд шинэ Үндсэн хуультай болцгоосон байна гэх мэт олон харьцуулалт, жишээ, сургамж дурьдаж болно. Зүй тогтол талаас нь харах юм бол  глобаль эдийн засаг хүн төрлөхтөнд сайн муу хоёрыг аль алийг нь авчирч байна. Үүний дотор хүн ам цөөтэй жижиг үндэстэн, хөгжил буурай орнуудын хувьд бол байгалын баялагаа цөлмүүлэх, язгуурын түүх соёлоо гээх, өөрсдөө бүдэгрэн доройтох зэрэг  олон олон эрсдэлд орж байна. Энэ болгоноос үүдэн  эдийн засаг, соёлын глобаль нэвчилтийн эсрэг зогч, тэсч үлдэх дархлаагаа Үндсэн хуулиндаа суулгаж өгөх гэсэн хандлага хүчтэй явж байна. Ийм ч учраас өнгөрсөн жилүүдийн алдаа оноондоо дүгнэлт хийж, өрсөлдөн, зөрчилдөн тэгэхдээ тэрсэлдэн, тэмцэлдэн өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд Монгол үндэстнийг авч үлдэх гүн гүнзгий зорилго зорилт бүхий 5-р Үндсэн хууль энэ цаг үеийн манай нийгмийн хамгийн тулгамдсан асуудал юм болов уу гэж боддог.

-Манай улстөрчид, улс төрийн намууд цаашлаад манай нийгэм шинэ Үндсэн хууль батлах хэмжээнд хир бэлэн байгаа вэ?

Нийгэм бол томоохон шинчлэлийг хүсч байгаа харагддаг. Олон судалгаа ийм дүнтэй гардаг. Харин улс төрийн намууд, улс төрчидийн хувьд бол үндэсний эрх ашгаа ухамсарлан энэ асуудал дээрээ зөвшилцөл хийх ёстой байх аа. Дахин давтан хэлэхэд Шинэ үндсэн хуулийн үндсэн концепци нь үндэсний эрх ашиг дээрээ төвлөрч чаддаг, төвлөрч болдог тийм улс төрийн тогтолцооны цөмийг л бий болгох ёстой гэж хэлье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж