Ардчилагчид багаа хууллаа

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Ардчилагчид багаа хууллаа

Хорин гурван жилийн өмнө хүний эрх, эрх чөлөөг дээдлэн хийсэн хувьсгалчид өдгөөгийн төрийн өндөрлөгүүд. Ус агаар мэт дутагдсан үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх чөлөөг эрэлхийлэн дүн өвлийн хүйтэнд цементэн талбайд өлсгөн зарлаж байсан хүмүүс өнөөдөр өөрчлөгджээ. Аливаа дарангуйлагчид ард иргэдийг арчаагүй дорой байлгаж, үг хэлэх хийгээд үзэл бодлоо илэрхийлэхийг нь хориглодгийн адил тэд монгол хэлтнүүдийг сэтгэгдлээ бичихдээ өөрийнхөө бүхий л мэдээллийг давхар бүртгүүлэх шаардлагатай болгох шийдвэр гаргаж байна. Бусдыг гутаан доромжилж, садар самуунд уруу татагдсыг илрүүлэх зорилготой гэж халхавчилж буй эл үйлдэл нь үнэндээ хэтэрхий явцуу намчирхалтай холбоотой гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

Сүхбаатарын талбайд майн баяраар л ганц удаа жагсаал болдог байсныг эс тооцвол 1990-ээд оныг хүртэл бид “уйтгартай” нийгэмд аж төрж байсан шиг санагддаг. Хүн бүр нэгэн ижил бараан хувцастай. Аавууд бүгд адил хар, бор пальто курткатай байдаг бол ээжүүд бүгд ижил 45-ын гутлаар гангарч, булган захтай пальто авч өмсөх гэж мөнгө хураадаг байлаа. Аав, ээжүүд ажилдаа явж, хүүхдүүд гэрээ манаж хоцорно. Байр болгоны орц нэгэн ижил. Дүү нараа аваад гудамжинд тоглох хүүхдүүдийн өмсч, зүүсэн гутал хувцас, тэр байтугай айл бүрийн тавилга, хөргөгчин дэх хоол хүнс хүртэл нэгэн ижил байсан цаг. Шинэ жилээр л ганц удаа мандарин хүнсний дэлгүүрт зарагддаг байсныг эс тооцвол амттан шимттэн, чихэр жимс их л ховор. Энэ бүхнийг өөрчилж, шинэчлэл хийхийг уриалсан болохоор ардчилсан хүчнийг ард түмэн дэмждэг.

Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг болохоор л Ардчилсан нам гэдэг үг эрх чөлөө гэсэнтэй ижил сонсогддог. Гэтэл энэ үгнээс тэс хөндлөн, дарангуйллын шахуу шийдвэр гаргаж байгаа нь энэ хүмүүсийг албан тушаалын хараал иджээ гэхээс өөр үг олдохгүй нь.

Үнэндээ сайт гээч асар өргөн хүрээг хамарч, иргэд болон редакцийн амь холбоог үүсгэдэг тэрхүү гүүрээр дамжуулж үзэл бодлоо илэрхийлдэг мянга мянган монголчууд түүгээр л амьд харилцааг үүсгэдэг. Дэлхийг “хавтгай” болгоод буй гавьяа нь ердөө л энэ. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл дундаас хамгийн амьд, хамгийн өргөн хүрээг хамарч байгаагийн хамгийн гол учир нь тухайн нийтлэл, ярилцлага, мэдээллийн талаар өөрийнхөөрөө асуудалд хандаж байгаад орших нь дамжиггүй.  Зарим тохиолдолд төрийн зүгээс хав дарсан үнэнийг сэтгэгдлээр ил болгох ч явдал бишгүй олон. Гэтэл тухайн хүний нэр, гэрийн хаягаас эхлээд бүхий л мэдээллийг нь ил болгоно. Ингэснээр нөгөө мэдээллээ сэтгэгдлээр дамжуулан үлдээсэн хүний аюулгүй байдалд халдаж, ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломж нь бий болно гэсэн үг.

Ингэж хэлэхээр “Эзэнтэй болгох хэрэгтэй. Хэн нь мэдэгдэхгүй хүн зүхээд, худлаа гүтгэдэг шүү дээ” гэх хүмүүс цөөнгүй гарна. Мэдээж элдвээр хүн доромжлох нь буруу. Гэхдээ сэтгэгдлийг хэн ч албан мэдээллээс нь салгаж ойлгохтойгоо болчихсон. Сэтгэгдэл бичнэ гэдэг нь зүйрлүүлж хэлбэл ердөө л үгээ хэлэх чөлөөт индэр гэсэн үг. Харин энэ индрийн ард хэн зогсч байгааг шууд ил болгочихвол хэн ч өөрийн бодсон, санаснаа хэлж чадахгүй болно гэсэн үг.

Сэтгэгдэл болгоны араас хянаж, цагдаад эхэлбэл мөнөөх гэм буруутайг зөвхөн шүүх тогтооно гэсэн ардчилсан зарчим ч алдагдана. 

Гэтэл Засгийн газар “Монгол хэлээр үйл ажиллагаа явуулж байгаа мэдээллийн цахим хуудас дахь сэтгэгдлийн талбарыг зохистой хэрэглэх зорилгоор “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” бий болгохоор шийдвэрлэлээ” гэж байна.

Ингэснээр тухайн иргэн юу бодож санаж байна, ямар үзэл баримтлалтай, тэр ч бүү хэл аль намыг дэмждэг вэ гээд бүгдийг нь олоод мэдчих боломжтой болно.

Үнэндээ сэтгэгдлээр дамжуулан хэн нэгний эрхэнд халдана гэхээс илүүтэй улстөрчдийн нэр нүүрийг улалзуулдаг учраас л иймэрхүү юмыг тэд санаачилж, түүгээрээ дамжуулан иргэдийг дуугүй болгож, өөрсдөө шүүмжлэлээс зугтаж байгаа хэрэг. Үнэндээ улстөрчдийн төлбөрт ярилцлага эсвэл захиалгат нийтлэлүүд л өөрсдийнх нь хүсэлтээр ямар нэгэн сэтгэгдэл оруулахгүйгээр блоклон тавигддаг шүү дээ. Түүнээс ямар нэгэн ноцтой асуудлыг хөндсөн мэдээ, мэдээлэл бол сэтгэгдэлгүй орсон түүх ч байхгүй. Харин бусдыг гүтгэн доромжилсон зүйлийг хэн бичдэг, хэн бичүүлдэг вэ гэдэг нь угаас тодорхой. Улстөрчид, тэдний гар хөл бологсод. Харин ч мэдээллийн том сайтууд сонгууль дөхөхөөр уншигч, хэрэглэгчдээ хүндлэн сэтгэгдлийг нь хааж үүний эсрэг тэмцдэг гэвэл үнэн. Улс төртэй огт хамааралгүй урлаг, спортын мэдээний дор улс төртэй холбоотой сэтгэгдлийг үлдээдэг хүмүүс нь мөнөөх л хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр сэтгэгдэл бичээд буй хүмүүсийн мэдээллийг бүртгэлжүүлэх тухай ярихын оронд улстөрчид өөрсдөө ёс зүйгээ нэг харчих хэрэг гарна. Долдугаар сарын 1-нд төрийн цагдаа хүн буудсан, гэмгүй иргэдийг хоморголон зодсон талаарх мэдээллийг сайтуудын сэтгэгдлээр л ил болгосон. Бүх телевиз, сонинг хаачихсан байтал тэр үед эрх баригчид хүссэн мэдээллээ МҮОНРТ-ээр цацаж, хүссээгүйгээ нууж байсан. Огтхон ч хүн буудаагүй гээд байсан эрх баригчид тэгж өөрсдийнхөө башир аргаар нийгмийн тархийг угааж байлаа. Хэрвээ тэр үед сэтгэгдлийг бүртгэлжүүлчихсэн, сайтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тооцчихсон байсан бол хааж, тэр тухай мэдээлэл дарагдаж, цагдаа бус жагсагчид биен рүүгээ буудаад өнгөрсөн болох байлаа.

Дарангуйлагчдын талаар бодит мэдээллийг сэтгэгдлээр дэлгэсэн арабчуудын хувьсгал сайт, facebook-ийн ачаар л гарсан. Харин үзэл бодлоо илэрхийлэх хориотой Хятадад л манайх шиг утгагүй арга хэмжээг авч, хүчээр иргэдийнхээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь хязгаарладаг шүү дээ. Бас л тоталитар дэглэмтэй гэж хэлж болох ОХУ-д Путиныг муулж сэтгэгдэл бичсэн хүнийг баривчилж байна. Улстөрчдийн явах гээд буй зам үүнийг л чиглэж байна гэсэн үг.

Тиймээс л хүний эрх, эрх чөлөөг тунхаглаж ирсэн Ардчилсан намынхан өөрсдөө төрийн эрхэнд гарахдаа ийм шийдвэр гаргаж байгаа нь хуурамч багаа хуулчих шиг боллоо. Коммунистууд гэгддэг МАН ч эрх барих явцдаа ийм диктатур тогтоож байсангүй. Учир нь сөрөг хүчний сөргөлдөөнтэй тулгардаг байсан болохоор тэр. Өөрийн бүхий л мэдээллийг бүртгүүлж байж сэтгэгдэл бичнэ гэдэг бол хүзүүндээ олс угласнаас ялгаагүй зүйл. Харин улстөрчдөд бол энэ нь үнэнхүү ач тустай. Сөрөг мэдээллийг нь дэлгэсэн хүнийг илрүүлж, эргүүлэн дарамтлах боломж нь бий болно. Шаардлагатай бол тухайн сэтгэгдлийн хаанаас хэн бичсэнийг нь мэдчихэж болдог болсон өнөө үед төр хяналтаа тогтоовол хууль, хяналтын байгууллага гэм буруутай эсэхийг нь тогтоох бус эрх баригчид шийддэг болно гэсэн үг. Тэд ердөө л энийг хүсч байгаа.

Одоохондоо сул чөлөөтэй байгаа индрээ та бид сүүлчийн удаа ашиглаж байж ч магадгүй. Сэтгэгдэл бичих талбар нээлттэй байна. Тиймээс үзэл бодлоо илэрхийлээч, эрх чөлөөт ардчилсан орны ард түмэн минь…

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж