Зээлээ төлөх үү, хүүхдээ төрүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

Зээлээ төлөх үү, хүүхдээ төрүүлэх үү?

ЗЭЭЛ ХҮН АМ ЗҮЙН БОДЛОГОД НӨЛӨӨЛСӨӨР

Хүний хөгжлийн сангаас тараасан “хишиг” нэгэн зүйлийг ойлгуулснаараа ач холбогдлоо харуулав. Хамгийн эхэнд “хүүхдийн мөнгө” авах гэж ирсэн иргэдийн мэдээллээс эхээрээ овоглосон хүүхдүүд олон болсныг харуулж. Түүнчлэн эхний хүүхдүүд нь нэг овогтой, дараагийн хүүхэд нь өөр нэг овогтой гээд цааш үргэлжилж. Энэ бүхнийг “тохиолдол” гэдэг үгээр биш “хандлага” ч гэж харж болохуйц хэмжээнд очсон байх аж. Өөрөөр бол энэ нь гэр бүл хэврэгшсэн, салалт ихэссэн гэдгийг нотлов. Хүүхдийн мөнгө олголт нь мөн орлого багатай, ажилгүй эмэгтэйчүүд хэд хэдэн хүүхдийн мөнгө авах гэж ирдэг, ажил орлоготой, “боломжийн дундаж амьдралтай” эмэгтэйчүүд голдуу ганц хүүхдийн мөнгө авах гэж ирдэг болохыг ч харуулах аж. Яагаад боломжийн ажил орлоготой нь ийн ялгаатай байдаг нь энгийн. Нийт ахмад настны дийлэнх нь тэтгэврийн зээлтэй байдаг шиг “ажилтан” эмэгтэйчүүдийн олонх нь цалингийн зээлээс эхлээд орон сууцны гэх мэтчилэн ямар нэгэн зээлтэй байдаг гэнэ. Ийм олон олон эмэгтэйчүүдэд нэг сонголт гардаг нь зээлээ төлөх үү, хүүхдээ төрүүлэх үү гэх асуулт байх аж. Тэд голдуу ямар сонголт хийдэг болох нь дээрх үр дүнгээс ойлгогдох биз. Угаас эдийн засгийн нарийн мэдлэггүй байсан ч хүүхдээ төрүүлэхийг сонгоно гэдэг нь зээлээ цаг тухайд нь төлж чадахгүйд хүргэхээр буй аж.            
        

ХУУЛЬ ТОГТООГЧДОД ӨГӨХ “ШПИ”

Халамж өгөх мэт нь хууль тогтоогчдын хувьд сонгогч иргэдэд таалагдах гол арга нь. Гэвч зөвхөн халамжаар биш өөр аргаар иргэдэд ашигтайгаар таалагдах боломж бий. Үүнийг хууль тогтоогчид маань “шпи” гэж ойлгоод аятайхан өөрийн болгоод санаачлаад орхивол дөрвөн жилийн дараа дахин сонгогдох эрхээ олоод авчихыг ч үгүйсгэхгүй.

Хэлэх гээд буй гол зүйл нь, зээлдэгч нь хүүхэд төрүүлэхээр болсон тохиолдолд зээлийн үндсэн төлбөрөөс нь чөлөөлөөч л гэх санаа. Мэдээж энэ хугацаанд хүүгийн төлбөрийг нь төлөөд явах боломжтой. Өөрөөр хэлбэл банкинд ч ашигтай, төрөөс ч гаргах зарлагагүй, зээлдэгч иргэдэд ч боломжтой. Тодруулъя. Зээл авах үед мэргэшсэн эдийн засагч нар гэр бүлийн орлого зарлагыг тооцоод төлж чадах хэмжээгээр нь зээл олгодог. Харин хүүхэдтэй болох сонголтыг хийхийн тулд гэр бүлийн хоёрын нэгнийх нь орлого багагүй хугацаанд байхгүй болох тул нөгөөгийнх нь цалингаас зээлээ төлөх, гэр бүлд шинэ хүн нэмэгдсэнээс урьдынхаасаа өссөн хэрэглээний зардлаа хангах гээд тооцооллууд гарч ирнэ. Монголбанкнаас тооцсон үндсэн аргачлалаар буюу ихэнх банк зээлийн төлөлтөө “тэнцүү төлбөрийн аргачлал”-аар боддог. Энэ аргачлалаар зээлдэгчийн сар бүр төлөх мөнгөний хэмжээ тэнцүү. Үндсэн төлбөр хүүгийн төлбөр нь сар бүр өөр өөр байдаг. Үндсэн төлбөр гэдэг нь тухайн зээлийн нийт хэмжээг бууруулж байдаг төлбөр бөгөөд харилцагчийн төлж буй төлбөрөөс тухайн хугацаанд бодогдсон хүүгийн төлбөрийг хасаад үлдсэн дүн нь үндсэн зээлийн төлбөр болдог. Харин хүүгийн төлбөр гэдэг нь тухайн зээлсэн мөнгөн дүнг банкны хүүгээр хувилан тооцсон дүн бөгөөд хүүгийн төлбөрийг төлсөнөөр зээлийн үндсэн дүн бүүрахгүй банкны мөнгө зээлүүлснээр олж буй ашиг болдог. Иймээс банк зээлүүлсэн мөнгөнийхээ хүүг бүрэн авч байгаа ямар ч тохиолдолд ашгаа олж байдаг гэсэн үг. Жишээлбэл, Та нэг сая төгрөгийн зээл авъя гэж тооцъё. Үүний хүү нь сард 1,9 хувь. Хугацаа нь 12 сар гэе. Ийм тохиолдолд сар бүр хүүгийн төлбөрт 19 мянган төгрөг төлнө. Харин тэнцүү төлбөрийн аргачлаар тооцвол  сар бүр төлөгдөх хэмжээ 110 мянган төгрөг гэсэн үг. Хэрэв үндсэн төлбөрийг нь түр түдгэлзүүлчихвэл зээлдэгчийг жирэмсний амралтаа авах үед нь 110 мянган төгрөгөө заавал төл гэж шаардахгүйгээр хүүгийн төлбөр болох 19 мянган төгрөгөө аваад байж болох сонголт юм. Ингэснээр олон олон гэр бүл өнөөх асуултад арай өөрөөр хариулах болно. Хүүхдээ төрүүлэх үү, болих уу?  

Төрд зардалгүй, банкинд эрсдэлгүй, иргэдэд ашигтай энэ саналыг яагаад хэрэгжүүлж болохгүй гэж.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж