М.Билэгсайхан: “Болор цом”-д шүлгээ унших л сайхан

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

М.Билэгсайхан: “Болор цом”-д шүлгээ унших л сайхан

М.Цэдэндоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханыг танихгүй хүн бараг байхгүй байх. Энэ удаагийн ярилцлагынхаа гэгээн хойморт түүнийг урьсан юм. 1990-ээд оны дунд үеэс урт үс, монгол дээлээр гангарсан энэ хүн “Болор цом” наадмын тайзыг чимэх болж, үзэгчдийн хүлээдэг найрагч болсон билээ. Анх 1995 онд “Болор цом”-д улс төрийн өнгө аястай шүлэг бичиж олныг шуугиулж байсан тэрээр “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”, “Олон булгийн намар”, “Хар азаргын нуруу”, “Гэгээн Монгол” зэрэг шүлгээрээ уншигч, сонсогч олны талархлыг хүлээж, “Болор цом” наадамд зургаан удаа шөвгөрсөн юм. Түүнтэй хамт гудамжаар алхах, орон нутагт тоглолтоор явахад тэр ард түмний хайртай найрагч гэдэг нь мэдрэгддэг. Тэрээр эхнэр, охин, хүүгийнхээ хамт эгэл даруухан амьдарч, уран бүтээлээ туурвиж явна.

-Шинэ оны эхэнд уулзаж байгаадаа баяртай байна. Таны хувьд 2012 он уран бүтээлийн арвин ургацтай байсан биз дээ?

-Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. 2012 оны хамгийн анхны ном болгож “Амьдралын хүрд” нэртэй шүлгийн түүврээ өлгийдөн авсан. Мөн “UB palace”-т өнгөрсөн гуравдугаар сард “Гэгээн Монголын эрчүүдээ өмөөрнө” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо хийлээ. Энэ тоглолтоо төрөлх нутаг Говь-Алтай аймагтаа ч тоглосон. Цаашид ард түмэнтэйгээ уулзаж, ойр байсан энэ өдрөө уламжлал болгоод, болж өгвөл яг тэр өдрөө уран бүтээлээ тайлагнаж байхаар төлөвлөж байна даа.

-Та ингэхэд зөвхөн яруу найргаа л дагнан бичээд байна уу?

-Ер нь би боддог юм, утга зохиолын бүхий л төрлөөр бичнэ гэж. Гэхдээ уран бүтээл бодсоноор бус онгодоор төрөх нь элбэг шүү дээ. Чи ч мэдэж байгаа даа намайг, саяхныг хүртэл яруу найргаа л бичсэн. Яруу найраг бол маш эрчимлэг сайхан зүйл. Тэгээд ч утга зохиолын бүх төрлийг багтааж чаддагаараа гайхалтай. Яруу найргийн гол онцлог нь энэ юм. Харин өнгөрсөн жилээс нэлээд томоохон үргэлжилсэн үгийн зохиол барьж аваад нухаж л байна. Яруу найраг онгодоор төрдөг бол хүүрнэл зохиол их төлөвлөгөө, уншсан мэдсэн, бодсон санасанаа хамгийн оновчтой гаргахын тулд их эрэл хайгуул шаарддаг юм билээ. Яруу найрагч гэдэг бол мэргэжил биш. Харин мэргэшиж болно. Зохиолч гэдэг ном журмынх нь дагуу сургууль соёлыг нь төгсч байж эзэмшдэг мэргэжил юм.

-Уран бүтээлч хүний хувьд залуу үеэ хэр уншиж байна. Тэдний алдаа оноо нь юунд байна вэ?

-Сайн шүлэг л урт настай байдаг. Уран бүтээл мөнх зүйл юм. Шүлэг бичдэггүй залуу нас гэж байдаггүй юм шүү дээ. Харин шүдэнз зурах шиг асаад унтардаг залуус олон байна. Тэгээд ч тэд маань амьдралаас тасраад хэт их хийсвэрлээд байна уу даа гэж боддог юм. Тиймдээ ч сайхан монгол шүлэг алга болоод л байна. Уншигчийн хувьд, уран бүтээлчийн хувьд үүнд их харамсдаг. Намайг шүүмжилж байна гэж бодвол ч бодог. Өнөөдөр манайд мэргэжлийн шүүмж судлаач хуруу даран цөөхөн байна. Тийм болохоор хэн дуртай нь яруу найраг, зохиол бичээд байгаа юм. Дээрээс нь одооны залуучууд цаг үеэ дагаад уншихаасаа харах нь их болж. Бидний үеийнхэн бол жинхэнэ барьж уншдаг байлаа. Тиймээс ч бидний дээд үеийн уран бүтээлчдийн болоод бидний уран бүтээл урт настай байдаг байх л даа.

-Танд МЗЭ-ийн шагналыг өнгөрсөн зун олгосон. Яагаад ингэтлээ оройтсон юм бол?

-Ёстой нөгөө “тааж мэддэг таван хаан” би биш болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ шагнал гэж нэгэнт ярьсан дээрээ чамд өөрийн бодлоо хэлчих үү.

-Тэр бололгүй яахав.

-Сүүлийн үед хүмүүс шагналын хур буулаа гээд нэлээд дургүй байх болж. Миний хувьд бол өгч л байг гэж боддог. Хүмүүс хийгээд л байдаг, зүтгээд л байдаг. Тэгж, тэгж мушгиж шахаад ч юм гарахаа байсан үед нь нэг юм энгэрийг нь мялаадаг. Эсвэл баруун солгойгүй хэн дуртай нэгэнд нь шагналыг өгчихөөд байгаа юм. Харин өнгөрсөн жилийн шагналуудаас хамгийн нүдээ олсон нь манай Бавуу/Ц.Бавуудорж/-д өгсөн шагнал байлаа. Хүмүүст яг л ийм ид хийж, бүтээж яваа насан дээр нь авах ёстойг нь өгч урам хайрлаж байх ёстой. Цол дагаж бяр гэдэг шиг шагналыг дагаад хийж бүтээх урам, хүсэл, давхар хариуцлага ирдэг юм. 

-“Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг” таныг олон түмэнд их танил болгосон болов уу гэж санадаг. Та өөрөө энэ шүлгийнхээ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би ер нь энэ минь сайн, тэр минь муу гэж боддоггүй. Адилхан л миний оюунаас унасан үр минь шүү дээ. Надад “Хар азаргын нуруу”, “Олон булгийн намар”, “Гэгээн Монгол” за тэгээд “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг” гээд намайг олон түмэнд таниулсан, миний ертөнцийг илэрхийлсэн сайхан шүлгүүд олон бий. Би ч олныхоо өмнө уншихдаа дуртай явдаг юм. “Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг”-ээ би сайн шүлэг гэхгүй. Үүнд мундаг ур, гоё санаа байхгүй, цэвэр ахуйн шүлэг. Тэрнээс биш “жинхэнэ” шүлэг биш л дээ. Амьдралын цэвэр үнэн болоод л хүмүүст их хүрсэн байх. Энэ шүлгийг бичихдээ ч өөрийн амьдралаасаа л мэдэрсэнээ буулгасан. Би тэр үед МҮОНРадиод “Нэрийн хуудас” гэж нэвтрүүлэг хийдэг байлаа. Нэг удаа энэ нэвтрүүлгийн маань шагнал гэж нилээдгүй мөнгө буусан юм. Тэгээд ч миний цалин бол эхнэрийн түрийвчинд, шагнал бол миний халаасанд ордог байлаа. Тэр өдөр шагналаараа найзынхаа төрсөн өдрийг тэмдэглээд нилээд муудаж харьсан. Харин маргааш нь миний халаасандаа үлдээсэн мөнгө байдаггүй. Тэгсэн охин маань “Өглөө ээж таны халаасыг уудлаад том том мөнгө аваад байсан” гэдэг юм байна. Тэгээд л
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж, халаасыг нь бүү хоосло” гэсэн мөр ороод ирсэн.

-Миний мэдэхийн та нэлээд “балгадаг” байсан. Харин ойрноос огт уухаа больсон гэж сонслоо?

-Найз нөхөд, уран бүтээлийнхээ андуудтай хүртэх үе байлгүй яахав. Тэгээд ч сархад гэдэг чинь тааруулж хүртвэл идээний дээж шүү дээ. Харин тааруулах эсэх нь тухайн хүний оюунаас их хамаарна.  Ер нь гэнэ гэнэхэн найзуудаараа дамжлуулаад гэртээ орох ч сайхан л байдаг юм /инээв/. Уухгүй байгаагийн хувьд бол огт амсахгүй байгаа. Огт гарчихсан юм биш л дээ. Хүүхдүүд томроод би архи ууж явдаг арга алга /инээв/.

-Таны гарын булчин дээр янзаганы доор латинаар Отгон гээд биччихсэн шивээс байх юм. Энэ их эртний дурьтгал байлгүй?

-1985 онд цэрэгт байхдаа л хийлгэсэн юм. Тэр үед цэргүүд их шивээс хийлгэдэг, латин хэл ч моданд орж байлаа. Тэгэхэд би эхнэрээ хайрлахаас цаашгүй. Хааяа захиа л бичнэ. Тэгж байхдаа л  гурван зүү холбож, лааны дөлөнд барьж байгаад шивүүлчихсэн. Одоо харин хүүхдүүд “Аав наадахаа арилга” л гэдэг юм. Би арилгахгүй гэж боддог. Ямар Отгон гэж бичихээд хэн нэгэн Дулмааг аваад суучихсан биш. Би чинь ангийнхаа охины дүүг аваад суучихсан юм шүү дээ. Харин нээгээд ярихад одооны залуус маань амьдралын ханиа сонгохдоо жаахан сэтгэлгүй хандаж байна. Худлаа хэлэхэд өглөө танилцаад, өдөр нь болзож, орой нь нэг оронд ороод л маргааш нь гэрлэж байна. Ингэж биенээ сайн таниагүй байж гэрлэх нь гэр бүл салалт, хүүхэд өнчрөх гэх мэт сөрөг үр нөлөөтэй шүү дээ. Гэр бүл бат бөх байж улс гүрний аюулгүй байдал хангагддаг гэж би боддог юм.

-Маргааш /өнөөдөр/ орой “Болор цом” наадам болох гэж байна. Тиймээс хоёулаа яриагаа цом руу хандуулах уу?

-Тэгье. “Болор цом” маань энэ жил гучин нас хүрч байна. Сайхан л даа. Би ер нь цомыг уралдаан, тэмцээн гэхээсээ илүү баяр гэж хүлээж авч, тэгж оролцдог. Яруу найрагч, уран бүтээлч хүмүүс чинь бусад шиг өглөө оройгүй уулзалдаад байдаг хүмүүс биш шүү дээ. Тиймээс биднийг жилдээ нэг сайхан уулзуулж, шинэ ном гардаж, шүлэг сонсч нэгэн оройг хамт өнгөрөөх боломж олгодог их сайхан баяр. Тэгээд ч биднийг ард түмэнтэй минь, уншигч олонтой хамгийн ойрхон байлгадаг зүйл бол цом юм. Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаар зохиогдоод сайхан байсан. Тиймдээ ч одоо “Болор цом” маань эрийн дөрөв дэх наадам шахуу болсон /инээв/. Ер нь цом болоод өнгөрөхөөр сайн муугаар ярьцгаадаг л юм. Гэхдээ жил, жилийн наадам сайхан л болж өнгөрдөг. Энэ жил ч гэсэн сайхан болж, яруу найрагчид маань сонсогчидтойгоо хамт яруу найргийн бороонд норсон сайхан үдэш байна гэдэгт итгэлтэй байна.

-Сүүлийн үед хүмүүс цомыг буруу хүн авлаа, луйвар орлоо гээд л их ярих болж?

-Харин тийм ээ. Гэхдээ шүлгийг шүүнэ гэдэг хэцүү л дээ. Бараг боломжгүй зүйл байдаг. “Болор цом” бол ард түмний наадам. Тиймдээ ч ард түмний алга ташилт бол хамгийн зөв шүүгч байдаг. Тэгэхээр дүнг нь гаргахдаа үзэгчдийнхээ алга ташилт, санаа бодлыг тусгадаг болчихвол энэ мэтийн явган салхи шиг үг гарахгүй л дээ.  Тэгээд ч үзэгчдийнхээ алга ташилтыг хүлээж авахгүй бол тэднийг мөнгө төлүүлж оруулах ямар хэрэг байгаа юм. Тийм биз дээ.

-Алга ташилтыг хүлээж авсан бол та бүх үзэгчдийг босгож, алга ташуулж байсан тэр үеүдэд цомыг аль эрт өргөх байсан байх даа?

/Инээв/. Бөх хүн уная гэж барилддаггүйтэй адил цомд тэнцсэн гуч гаруй яруу найрагчид “За даа миний энэ ч” гэсэн шүлгээ л уншдаг шүү дээ. Харин түрүүлэх байсан эсэх бол мэргэн шүүгчдийн маань л таалал мэдэх хэрэг. Надад бол удаан уулзаагүй нөхөдтэйгөө уулзаж, тайзнаас шүлгээ унших л сайхан байдаг.

-Гэхдээ “нэг удаа түрүүлчих юмсан, түрүүлэх байсан юм” гэж бодож л байсан биз дээ?

-Тийм үе байсан, байсан. Үүнийгээ нуугаад яахав.

-Та эцсийн шатанд тэнцсэн байсан. Танд амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сайтын уншигчдыг яруу найргийн охин тэнгэр Янжинлхам үргэлж ивээж байх болтугай.

Ярилцсан Т.ДАРХАНХӨВСГӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж