
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өнөөдөр баривчлан, Урдчилан саатуулах 461-р ангид саатуулсан тухай бид мэдээлсэн. Түүнийг ямар хэрэгт холбогдуулан албадан саатуулсан талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүү гэдэг хүнийг хүн алсан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт гутгэсэн хэргээр саатуулан шалгаж байгаа” хэмээн мэдээллээ. Тухайн үед МАН-ын сонгуулийн PR сурталчилгааг хариуцаж байсан Б.Цогтгэрэл нь энэ талаарх мэдээллийг бэлтгэн Цаг.мн болон бусад сайтуудаар цацсан аж. Сонгууль дууссаны дараа иргэн н.Улаанхүү энэ хэргийн талаар гомдол гаргасны дагуу аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаад тухайн үед хүний амь нас хохирсон болон хэн нэгэн гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй, уг мэдээлэл ор үндэсгүй байна гэдгийг тогтоосон байна.
Тиймээс МАН-ын Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг цагдаагийн байгууллагаас “Бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн” хэрэгт нь эрүү үүсгэн шалгахаар өнөөдөр албандан саатуулсан байна. Учир нь хүнийг санаатайгаар алах гэдэг нь Эрүүгийн хуулинд зааснаар онц ноцтой гэмт хэрэгт тооцогддог байна.
Б.ГАЛ